Улсын харцага Н.Золбоо: Отгон ХҮҮ минь аавдаа ХАРЦАГА цолтой ирсэнд билэгшээж байна

2018-07-19 13:33 18727 admin

Монгол Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоотой ярилцлаа. Нутаг түмнээ өндөлзүүлсэн шинэхэн харцага удахгүй болох Азийн наадамд оролцохоор чөлөөт бөхийн шигшээ багийнхаа бэлтгэлд хэдийнэ гарсан байлаа.

-Төрийн есөн хөлт цагаан тугаа зургаантаа тойрч, улсын цолтны их айлд бүл нэмсэн танд халуун баяр хүргэе.

-Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар харцага гэж эрхэм цолны эзэн болсондоо баяртай байна. Эгзэгтэй даваанд гурван ч удаа туналаа, нутгийн уул, ус яах аргагүй түшлээ. Манай Баянбулагийнхан надаас дутахгүй баярласан байх аа.

-Шинэхэн харцага маань Баянбулагийн унаган хүү юү?

-Би угтаа бол Улаанбаатарт төрж өссөн хотын хүү. Ханын материалд бага насаа өнгөрүүлсэн. Аав, ээж ч ялгаагүй. Ээжийн маань аав Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн. Бөх барилдаж эхэлсэн цагаас энэ нутгаараа дуудуулж ирсэн болохоор солих бодолгүй. Аав талаараа бол Дундговь аймгийн Эрдэнэдалай гэж явна.

-Хотын унаган хүү бөхийн замд яаж яваад хөл хальтирч орж ирсэн нь сонин байна?

-2004 онд бөхийн секц хайж явахдаа 73 дугаар дунд сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Дандарбагштайгаа таарч бөхийн гараагаа эхлүүлж байлаа. Ах маань хөтөлж Дандар багшид шавь оруулсан юм. Бага байхын барилдах дуртай, цаг зав гарвал туж ноцолддог хүүхэд байсан.

-Бөхийн А үсэг заасан багшийгаа анх баярлуулсан нь ямар тэмцээн байв?

-2005 онд Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

-Түүнээс хойш…

-Залуучуудын УАШТ-д хоёр жил дараалан түрүүлж, 2010 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өдгөө УАШТ-д гурав түрүүлж, Азийн АШТ-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл, Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс хоёр хүрэл, ДАШТ-ий тавдугаар байрт орсон амжилт үзүүлээд байна.

-Та бага байхын өсгөлүүн байв уу?

-Их тарган, зургадугаар ангидаа 60 кг-тай байсан. Багш маань жин хасуулдаг байсан нь чанаржуулж өгсөн гэж боддог. 2006 оноос “Хүч” спорт хороон дээр улсын заан О.Одгэрэл багшийн удирдлага дор үндэсний бөх, хүчний бэлтгэл хийж эхэлсэн. Удалгүй бие задарч, жин 80, 90 кг давахад багш маань үндэсний бөх хослуул гэдэг юм. 2008 оноос заалны барилдаанд анх гарч, ах нарын хөл рүү их явна, заримдаа авна, алдана, аваад даахгүй гээд хөгтэй. Элэг бүс, шуудгаа алдвал “ингээд дуусч” гэж бодно. Сүүлийн жилүүдэд ганц хоёр барьц барьж сурч байгаа юм.

-Тэр жилээ сумын заан болсон байх аа?

-Дорноговь аймгийн Хөвсгөл сумын баяр наадамд түрүүлж заан цол хүртсэн. Чинзориг найзтайгаа явсан, Чинзориг маань Хатанбулагт, би Хөвсгөл суманд түрүүлж байгаа юм. Манай Чинзориг Хөвсгөл сумынх л даа. Харин 2013 онд Баянхонгорт үзүүрлэж заан цол хүртсэн бол 2014 онд түрүүлж арслан болсон. Тэгээд 2015, 2016 онд арслан цолоо баталсан.

-Бөх болоход тань гэр бүлийн зүгээс хэр дэмждэг байсан бэ?

-Бөхийн секцэнд орохоос хоёр жилийн өмнө ээж маань Солонгост ажиллахаар явсан болохоор утсаар л холбоотой байлаа. Бөх болох хүсэлтэйгээ хэлэхэд үг дуугүй зөвшөөрсөн. Би өвөө, эмээгийн гар дээр өссөн хүн. Эмээ маань бэлтгэл рүүгээ явах бүрт халуун хоол хийж өгч, юугаар ч дутаагаагүй. Энэ бүхэн надад  их дэмжлэг болсон гэж боддог.

-Таныг бөх дөнгөж сонирхож байхад “зургаан залуу заан” ид үздэг байлаа. Хэнийг нь илүү дэмждэг байв?

-Манай өвөө, хоёр ах тухайн үеийн барилдааныг алгасахгүй үзнэ. Нэг ах маань Г.Өсөхбаяр аварга, нөгөөх нь А.Сүхбат аварга, харин би Д.Сумъяабазар аваргыг дэмжээд бооцоо тавьж үзэж байгаа юм. Дэмжсэн бөх нь унавал хоол хийж, аяга таваг угаана. Ингэж л өссөн.

-Та энэ жил амрах сөхөөгүй тэмцээн уралдаанд орсон байх шүү…

-Он дөнгөж гараад УАШТ, дараа нь Иван Ярыгины нэрэмжит тэмцээн, Дэлхийн цом, Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээн, Азийн аварга, “Монголиан опен”-д оролцжээ. Орсон тэмцээн бүртээ амжилттай сайхан барилдсаан. Зургадугаар сарын 21-нээс Бугын сангийн аж ахуйд нутгийн ах Хүрэлсүх захиралтай “Нармон” компанийн “Торил хааны хүрээ” баазад Улсын баяр наадмын бэлтгэлээ базаасан. Тэнд Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний 20 гаруй бөх улсын харцага Д.Батболд, начин Ж.Чулуунбат багшийн удирдлага дор наадмынхаа бэлтгэлийг сайхан хангасан даа. Энэ сайхан хангайд манай нутгийн бөхчүүд 10 дахь жилдээ гарлаа.

-Та наадмын сорилго барилдаанд түрүүлсэн санагдана…

-ЦЕГ-ын “Хүч” спорт хорооноос Сүүжийн их сорилго барилдаан зохион байгуулахад би түрүүлж бэлтгэлийхээ өнгийг зассан. Би “Хүч” спорт хорооны бөх.

-Наадмаар сайн барилдах бөхийн бэлтгэл илт мэдрэгддэг гэдэг. Өөрт юу анзаарагдав?

-Бэлтгэл жигд сайхан болсон. Галын бөхчүүд, багш нарын минь л тус дэм шүү дээ. Н.Батсуурь аваргатай хүч шавхан барилдсаны дараа ч цуцах нь бага байсан.

-Улсын баяр наадмын хоёрын давааны оноолт өөрт чинь нэлээд чанга таарсан. Шинэхэн цэргийн арслан Жамбалдорж бол “хатуу самар” шүү?

-Будаг нь ханхалсан шинэ арслантай харгүй сайхан барилдсан. Оноолт хэлж байхад бид хоорондоо тун ойрхон сууж байсан юм. Найзтайгаа сайхан үзээд давсан даа.

-Гурав дээр жүдогийн Л.Отгонбаатартай тунасан ч сайхангүй байсан биз?

-Мундаг заан. Өвөл заалны барилдаанд түүнд нэг унасан болохоор алдаан дээрээ нухацтай ажилласан хэрэг боллоо.

-“Үхлийн” гэж нэрлэдэг дөрвийн давааны оноолт дээр улсын начин С.Батсуурьтай таарна гэж бодож байв уу. Бөхчүүд оноолтоор хэнтэй таарахаа багцаалддаг болсон байна?

-Ноднин, уржнан харцага болсон бөхчүүдтэй таарч магадгүй гэж тооцоолж бэлтгэлээ хийсэн. Гэтэл энэ жил том цолтой хэд хэдэн бөх гурвын даваанд унаснаас шалтгаалан оноолт тооцоолсноос зөрсөн.

-Энэ жилийн заалны барилдаанд нэлээд олон түрүүлсэн болохоор таныг начин цолны тааварт зүй ёсоор нэрлэж байсан?

-Наадмын өмнө хүмүүс “аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрвөөс дээш түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадмаар сайн барилддаг” гэж ярихыг сонсоод бэлгэшээж байлаа. Э.Батбаатар харцага, Т.Мөнгөнцоож харцага таван удаа түрүүлсэн жилээ улсын харцага болсон гэж. Ингэж намайг урамшуулан цолонд хүрээрэй гэж хэлэхийг сонсох сайхан байсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Эргээд наадмын сэдэв рүүгээ оръё. Монгол Улсын начин цолны даваанд өнөө жилийн Цагаан сарын түрүү бөх, бөхийн чансааг тэргүүлж буй харцага Б.Бат-Өлзийтэй тунасан. Та хоёрын барилдааныг наадамчин олон сэтгэл догдлон үзсэн. Б.Бат-Өлзийг бол нэлээд дээгүүр даваанд гарч ирнэ гэж таамаглаж байсан даа?

-Дөрвийн давааг дуусгаад Ж.Чулуунбат ахын машинд цай ууж суухдаа бөхийн ам сонслоо. Багш нар намайг цайгаа тайван суугаад уу гэж байна. Найзууд утсаар оноолт хараад чамайг амлаагүй л гээд байлаа. Тэгсэн А.Цацабшир харцага гурван хүнээс Ч.Хөхчирэнгэрийг авч, би харцагатай туналаа даа. Би Б.Бат-Өлзийд энэ жил гэхэд л гурван барилдаан дараалан унасан байв. Хавар Аваргуудын нэрэмжит барилдаан дээр амлуулаад хөлд нь ороод унаж байсан юм. Хэрэв тэгж хөлд нь ороод унаад сургамж аваагүй бол наадмаар хөлд нь яваад унах байсан ч юм билүү. Б.Бат-Өлзийтэй сумын заан байхаасаа нийт 13 барилдахад харцага долоо, би зургаан удаа давсан байдаг. Цагаан сарын түрүү бөх, шилдэг харцагаар тав давж улсын цол авсандаа их баярлаж, бас бэлгэшээж байгаа.

-Б.Бат-Өлзийтэй барилдахын өмнө багш нар тань юу зөвлөв?

-Багш нар хэлэхдээ “Чи өмнө нь сэрүүгээс ухаан мэдрэлгүй ажилласаар байгаад золгоонд очихдоо тамираа барчихсан байдаг. Жаахан нөөцтэй ажиллана шүү гэж хэлсэн ёсоор барилдсан. Бид хамгийн сүүлийн золгооноос хаялцсан. Хэрэв тэр барьц задарвал шодолтоор барилдаан шийдэгдэж магадгүй байлаа.

-Хөлд нь нэг явъя гэж бодоогүй юу?

-Бодсон л доо. Гэвч хөлд орох зай гаргахгүй байна лээ. Тэгээд золгооноос үзье гэж шийдсэн.

-Улсын цол авсан баяраа эргэн дурсвал?

-За даа, яг үнэнийг хэлэхэд гараа атган орилж байсан. Тэгсэн багш нарын өмнө очсон байна шүү. Хяналтаа алдахгүй юу. Нэг харсан чинь багш нар тэвэрч байна. Бөхчүүдийн хувцас солих өрөөнд Ж.Чулуунбат ах, Д.Энхбат арслан хоёр цай өгөөд “Ханах болоогүй. Тайвшир, ахиад даваа хүлээж байгаа шүү гэдэг юм. Би тайван байхыг хичээсэн ч чаддаггүй юм билээ. Манай нутгаас хамгийн сүүлд Чулуунбат ах улсын цол авсан. Энэ жил Баянхонгороос хоёр цолтон төрсөн болохоор нутгийнхан хөл нь газар хүрэхгүй баярлаж байх шиг байна лээ. Баянхонгороос нэг дор хоёр улсын цолтон төрсөн тохиолдол 2006 онд юм билээ. Сэр-Од, Баянжаргал ах их ойн баяраар улсын начин болж байсан юм. Тэгвэл 12 жилийн дараа Цэрэнтогтох бид хоёр тав давж өргөн олон түмнээ баярлууллаа.

-Тэгсэн нутгийн хоёр зургаагийн даваанд тунасан?

-Цолны баяр намжаагүй байтал зургаагийн даваанд гарлаа. Бараг л амьсгаагаа дарж амжаагүй дээ. Цэрэнтогтох бид хоёр олон таарч, өгөө аваатай барилддаг хоёр. Өнгөрсөн жил нутгийнхаа баяр наадмын түрүү, үзүүрт үлдээд би давж байлаа. Нутгийн хоёр хэн нь ч давсан яахав гээд харгүй сайхан барилдсан. Ер нь тунаж барилдах чинь хамгийн сайхан нь ш дээ. Тэр жил Ч.Ганзориг начин, О.Хангай харцага хоёр арслан цолтой тавын даваанд тунаж барилдаж байлаа. Тэр барилдааныг хараад сэтгэл их огшсон. Тунаж цол авах юмсан гэж бодож байсан чинь ерөөлөөр боллоо.

-Заан цолны даваанд наадмын түрүү бөхийг хамгийн их тэвдүүлж барилдсан бөх бол та. Н.Батсуурь аваргыг хаях боломж танд гарсан даа, уг нь?

-Би учраа бүрээ цуцааж барилдъя гэж бодож гарсан. Аваргатай ч тийм бодолтой өрсөн. Аварга бид хоёр О.Одгэрэл заан дээр хүчний бэлтгэл хамт хийдэг сайн найзууд. Н.Батсуурийн толгойг нэг уургалж аваад алдсан. Би уг нь толгой уургалаад хутгах мэх хийдэггүй хүн. Наадмын бэлтгэл дээр хутгах мэх давтсан нь барилдааны явцад рефлексээр ороод ирнэ лээ. Шал өөр мэх хийгээд л баларсан хүн дээ, би. Түрүүлэх бөхийн аз од нь цаанаа л өөр юм билээ. Угаасаа аваргын бэлтгэл надаас илүү байсан болоод л хаяж байгаа шүү дээ. Нутгийн улсын цолтой ах нар тойрч зогсоод зөвлөгөө өгч, байдаг арга чаргаа хэлж байгаа юм. Улсын цол хүртэж, зарлиг сонссон бөх гэдэг чинь тэс өөр юм билээ.

-Тэгвэл аварга та хоёр чинь нэг багшийн шавь юм байна?

-Энэ жилийн чөлөөт бөхийн Азийн АШТ-ий бэлтгэл дээр Н.Батсуурь аварга, П.Бүрэнтөгс арслан хоёр миний бэлтгэлийг хангаж өгөөд явуулж, би тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм шүү.

-Аварга та хоёр барилдаж дуусаад сүрхий инээлдэж байсан?

-Тахимаа өгөхдөө түрүүлээрэй гэж л хэлсэн.

-Харцага болсны дараа ямар мэдрэмж хамгийн сайхан бэ?

-Би өмнө нь тэмцээн уралдаанд түрүүлж байна гэж зүүдэлдэг юм. Өглөө нь медалиа харах гэхээр байдаггүй нэг тийм харамсалтай юм байсан. Наадмын орой яг өнөөх зүүд давтагдаж байгаа мэт мэдрэмж төрөөд болдоггүй. Сэрээд хамгийн түрүүнд бурхны өмнө тавьсан цолны үнэмлэх тэмдгээ харсан чинь байна шүү(инээв). Би олон барилдаанд сэтгэл дундуур буцаж байсан бол энэ жил цол аваад бүр давуулан биелүүллээ. Уйлах өдөр надад гарч байсан ч инээх өдөр ирдэг л юм байна. Нэг өдөр барилдаад авсан цол ч насан турш хадгалж явах өндөр хариуцлага гэж бодож байгаа. Цолондоо эзэн болж, жудагтай бөх болохыг хичээнэ ээ.

-Наадмаар сайн барилдах бөхөд далдын зөн совин мэдрэгддэг гэдэг?

-Их сонин. Зүрххайрхан гэж бидний шүтэн залбирдаг хайрхан байдаг. Тэнд долдугаар сарын 9-ний өглөөний 05:00 цагт бөхчүүд нар мандахыг харахаар болж, бүх бөх уул өөд авирлаа. Тэгсэн тэр ууланд их том эвэртэй сүрлэг сайхан бугыг би олж хардаг юм. Батболд, Чулуунбат ахад хэлсэн чинь “Чи хийморьтой, сайн байгаа юм байна. Улсын цол авах нь дээ” гэж хэлсэн. Тэгээд уулнаас бууж явахдаа бугын унасан жижиг эвэр олж байгаа юм. Тэр эврээ малгай тавьдаг хүндтэй газраа нандигнан хадгалсан.

-Долдугаар сарын 11-ний шөнө зарим бөхийн нойр хүрдэггүй гэдэг. Таны хувьд энэ жил нойр хэр сайн авав?

-Наадмын бэлтгэлийн гэрт 20 гаруй хоносон болохоор түүндээ дасах маягтай болно. Долдугаар сарын 11-нд хоёр давчихаад буцаад бэлтгэл рүүгээ явсан. Хэвтэр солигдоно гэж байдаг. Би тэр шөнө бөх унтсан. Өглөө 07:00 цагт сэрээд хөнгөн гүйж биеэ халаасан.

-Наадам өндөрлөсөн орой бол бөөн баяр биз?

-Хамгийн түрүүнд гэртээ очсон. Гэрт олон хүн цуглачихсан, намайг хүлээж байж. Манайхан яасан ч хурдан бэлддэг юм. Мах чаначихсан, тавгийн идээ, боов бэлдээд л. Баярын шок өчигдрөөс тайлагдаж байх шиг байна.

-Харцага маань улсын цолныхоо малгайны тэмдэг залаагаа зэхээд амжжээ?

-Уяачдын баяр наадам дээр цол, чимэг авсан бөхчүүд очиж шагнал урамшуулалаа авдаг уламжлалтай. Сая Д.Батболд багшийн малгайны тэмдгийг зүүгээд явсан юм. Тэгсэн зарим хүн ямар хурдан хийлгээ вэ. Цол авахаа мэдээд бэлдчихсэн юм уу гэж асууж байна лээ.

-Харцага цол авсан бөхчүүд ихэвчлэн цолоо ахиулсан байдаг?

-Тийм шүү. Аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ө.Бат-Орших гээд олон бөх мундаг сайн барилдаж байна. Мөн өнгөрсөн жилийн наадмын их шөвөгт харцага цолтой дөрвөн бөх шалгарсан шүү дээ. Сайхан цол. Би бэлгэшээгээд л байгаа.

-Дэмжиж тусалдаг хүмүүстээ талархсан сэтгэлээ илэрхийлэх боломж олгоё?

-Д.Батболд багш намайг “Мөнхий үсэг” группийн бөх болоход дэмжлэг болсон. Тус компанийн ТУЗ-ийн дарга Гадаад харилцааны дэд сайд Батцэцэг эгчтэй анх уулзуулж, сумын заан байхаас өдийг хүртэл дэмжиж тусаллаа. Мөн Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө сан, Хөххотод суугаа Элчин сайд Мөнх-Эрдэнэ ах, Хууль зүйн яам, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ баг, Монголын чөлөөт бөхийн холбоо, БСШУСЯ, БТСГ, Баянхонгор аймгийн ЗДТГ, нутгийн зон олон, эрдэм мэдлэгээ харамгүй зааж зөвлөсөн Дандар, Одгэрэл, Батболд багш болон шигшээ багийн үе үеийн багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүл, нутаг усныхан, Монголын Үндэсний их сургуулийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Би өөрийн сайндаа энэ цолонд хүрээгүй гэж боддог. Олон хүний тус дэм бий. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, жудагтай сайн бөх байхыг хичээнэ ээ.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэр М.Уянга маань “Аз хур” номын дэлгүүрт ажилладаг. “Мөнхийн үсэг” компанийн салбар компани юм. Бид хоёр гурван хүүхэдтэй. Том охин Халиун таван настай, дунд охин Хулан гурван настай. Манайх хоёр сарын өмнө шинэ хүнээ өлгийдөн аваад байгаа л даа.

-Тэгвэл танд давхар баяр тохиосон байна шүү дээ?

-Харин тийм ээ. Отгон хүү Билэгт маань аавдаа харцага цолтой ирлээ.

-Та цагдаагийн албанд хэзээ орсон бэ?

-2011 оноос тамирчин болж очоод өнөөг хүртэл хүчин зүтгэж байна. Ахлах ахлагч цолтой, удахгүй цол ахих сураг дуулдсан.

-Чөлөөт бөхийн ямар тэмцээнд орох гээд бэлтгэлээ хангаж байна вэ, харцага аа?

-Удахгүй Азийн наадам болох гээд манай чөлөөт бөхийн шигшээ баг “Эко” цогцолборт бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Эх сурвалж: 24tsag.mn Сэтгүүлч Д.Жавхлан

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.