М.Хүрэлсүх: Хууль зөрчиж, нойтон мод сүйтгээгүй. Бидэнд нялх мод тайрах ёс зүй байхгүй

2018-07-25 11:36 11384 admin

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Нармон” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд нялх ой сүйтгэж шахмал түлш бэлтгэж байна гэх шуугиан цахим орчноор тархаад байгаа юм. Эл асуудлаар Нармон ХХК-ний захирал М.Хүрэлсүхээс тодрууллаа.

-Сайхан зусаж байна уу? Танай компанитай холбоотой асуудал цахимаар тархаж, Байгаль орчны яамнаас хүртэл хэвлэлээр мэдээлэл цацаад байна. Үнэхээр нялх ой тайрч, шатаагаад байгаа юм уу?

-Сайхан зусаж байна. “Нармон” компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэгт багт сайжруулсан түлш үйлдвэрлэхээр зуух барьж байгаа нь үнэн. Үйлдвэрийн ажил нутгийн зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас түр хугацаанд зогсоогоод байна.

-Хууль зүйн талаас нь асуудалд хандсан байж таараа. Үнэхээр нялх мод тайрч, зүсээд байгаа юм уу?

Манай компани мод бэлтгэж ойд ажил явуулдаггүй. Тийм зөвшөөрөл, туршлага ч байхгүй. Сайжруулсан түлш үйлдвэрлэх технологийг ашиглах чиглэлээр ажиллаж байна. Ойн нөхөрлөлүүд болон ойд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ойн цэвэрлэгээнээс гарсан хаягдал модыг худалдан авч үйлдвэрлэл явуулахаар болж байтал шуугиан дэгдчихлээ.

-Байгаль орчны яамнаас зөвшөөрөл аваагүй гэж мэдээлсэн шүү дээ?

Зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Ойн тухай хуульд цэвэрлэсэн хаягдал модыг худалдан авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Тэгэхээр хууль зөрчөөгүй л гэсэн үг. Ойн цэвэрлэгээнд улсын төсвөөс мөнгө тусгадаггүй, харин бид хаягдал модыг худалдан авч, ойн нөхөрлөл болон ойд ажилладаг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж  байна.

-Утаа гаргадаггүй, сайжруулсан түлш үйлдвэрлэхийг Засгийн газраас дэмжсэн. Танай компанийн зүгээс хичнээн мянган тонн түлш бэлтгэх зорилттой байгаа вэ?

Улаанбаатар хотын гэр хороолол жилдээ 600 мянган тонн түлшний хэрэгцээ байдаг. Жилдээ 6000 тонн түлш үйлдвэрлэчихвэл төслийн үр дүн биелэлээ олох юм. Ойн цэвэрлэгээний хаягдал модонд шинэс буюу хар мод, хус ихээр байдаг. Энэ хоёр модны хаягдлыг ашиглахаар зорьж байна. Энэ технологиор шинэсийг шатааж боловсруулаад сайжруулсан түлш хийхэд 5000-6000 ккл дулаан ялгаруулдаг. Гэтэл Багануурын нүүрс 3500-3800 ккл ялгаруулдаг гэхээр нүүрснээс илүү илчлэгтэй түлш болно.

-Яагаад Сэлэнгийн Мандал сум, Үнэгт багийг сонгосон юм бэ?

Дэд бүтцийг нь дагасан юм. Цахилгаан, эрчим хүч болон төмөр замын тээвэр бараадсан. Ойролцоох газруудаасаа түүхий эдээ татаж, нийлүүлэхэд ч аятайхан газар болохоор сонгосон юм.  Эргэн тойрны 50-100 км доторх зайгаас модоо авна. Нутгийн иргэдийн зааж өгсөн  Үнэгт багийн хогийн цэгийн ойролцоо кемпээ байгуулсан.

-Хүмүүс цахим орчноор нойтон нялх мод устгаад байгаа талаар шуугиад байна. Нойтон мод зууханд шатаах гэж байгаа юм уу?

Энэ технологиор нойтон мод шатаавал сайжруулсан түлш гарахгүй. Тиймээс энэ технологи нойтон модонд тохирохгүй. Бидэнд нойтон мод хэрэглэх сэтгэл зүрх, ёс суртахуун байхгүй. Зөвхөн  хатсан, шатсан, унасан, ургахгүй болсон модыг л  ашиглах технологи юм. Бидний хэрэгжүүлэх төсөл бол Азийн олон оронд хэрэгждэг төсөл. Зөвхөн байгалийн шалгарлаар ялгагдсан, ойчсон модыг л ашиглах үйл ажиллагаа юм.

Яагаад сайжруулсан түлш үйлдвэрлэх, бэлтгэхээр зорив?

Манай компани анх түлш модон материалын захыг 1996 онд байгуулж, Улаанбаатар хотын иргэдэд мод түлээ нүүрсийг нийлүүлж байгаад өөр салбарт ажиллах болсон. Тэгэхээр бид энэ салбарт борлуулалтын туршлагатай Улаабаатар хотод дэд бүтэцтэй. Ойг цэвэрлэж, тэнд байгаа хаягдлыг бүтээгдэхүүн болгохыг зорихдоо нутгийн 20 гаруй иргэдийг ажлын байраар хангаж, тоосго болон хашааны модыг худалдаж авсан . Удахгүй өвөл хаяанд ирж, утааны тухай асуудал зовоох болно. Хэрэв бид ажил зогсоогүй бол 8 сарын 10-даар анхны туршилтын бүтээгдэхүүнээ гаргахаар байлаа. Нутгийн иргэд хяналтаа тавьж биднийг дэмжвэл эх оронд маань хэрэгтэй үйлдвэр нэгээр нэмэгдэх юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.