Ардын засгийн газраас 1923 онд “Засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”, “Нутгийн захиргааны дүрэм” батлан мөрдүүлснээр тус сум нь Баянхонгор хайрхан уулын хошууны Бөмбөгөр хайрхан сум болж 1924 онд бие даан байгуулагдсан байна.Байгуулагдсаныхаа дараахь он жилүүдэд сумын төв нь нэг газарт төвлөрч суурьшаагүй 14 жил нүүдлийн байдалтай байж байгаад 1938 оны үед Бөмбөгөр хайрхан хэмээх тахилгатай хайрханыхаа зүүн талд Худаг сүүжийн дэнж дээр бууж суурьшжээ.
1931 онд Бөмбөгөр сумын ард түмний анхдугаар хурал болж сумынхаа захиргааг байгуулахад Цогтын Намсрайжав гэдэг хүнийг сумын даргаар сонгож байжээ.Тус сумын захиргааны анхны нарийн бичгийн даргаар Баатарын Лхагвасүрэн томилогдож байсан байна.
Энэ үед тус сум 8 багтай, 620 өрх, 1841 хүн амтай , 122,9 мянган толгой малтай байсан байна.
Тус сум урдуураа Баацагаан, баруун талаараа Бууцагаан, хойгуураа Заг, зүүн хойд талаараа Галуут, зүүн талаараа Баян-Овоо сумтай хиллэн 304377 га талбай бүхий нутаг дэвсгэр эзлэн оршино.Сум 2.5 мянган хүн амтай.Сумын төв орших Худаг шүүж нь Хангайн нурууны салбар уулсын өвөрт далайн түвшнээс дээш 2000 орчим метр өндөрт хойд өргөргийн 46 градус , зүүн уртрагийн 99 градуст оршдог.Уур амьсгал нь хангайн өврийн эх газрын эрс тэс төлөв байдалтай жилийн дундаж температур 0.0 С –д байдаг.
Бөмбөгөр сумын төв нь Улаанбаатар хотоос 725, аймгийн төвөөс 100 километр зайд оршдог.
Нийт мал сүргийн 78 хувийг ямаа эзэлдэг бөгөөд ноолуурын чиглэлийн Өлзийт голын улаан ямаа нь улсдаа алдартай.
Бөмбөгөр сумын ард түмэн нь эрт дээр үеэс газар тариалан эрхлэж ирсэн бөгөөд 3-р багийн нутаг Хотын булан, Бургас, Бор толгойд 175 орчим га-д төмс, лууван, манжин, байцаа, үхэр буудай, халтар арвай тариалж байна.
Янгир, аргаль, үнэг, чоно, хярс, шилүүс, тарвага зэрэг ан амьтан элбэг.
-Сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Хүн эмнэлэг, Соёлын төв, Мал эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Холбооны салбар, ХААН банкны тооцооны төв, Шатахуун түгээх станц тус суманд ажилладаг.
Тус сумаас партизан Г. Лхагважав, А.Пүрэвдагва Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г.Балжинням, Х.Цэвлээ Соёлын гавъяат зүтгэлтэн, А.Лхагва -Гавьяат хуульч, Д.Батсүх -Гавьяат багш, Р.Аюуш, Д.Лувсанпүрэв, О.Шарав нар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор А.Лхагваа, Ц.Бадмаабазар, Ж.Дагва, З.Чимиддагва нар шагнагдсан бол Д.Дэлгэр, Д.Авирмэд нар аварга тууварчин, Ц.Жоов, Ж.Наваанчогдон аварга малчин, Д.Дорж сайн малчин, Х.Цанжид Улсын залуу аварга тариаланч цолыг хүртсэн байна.Б.Алтангэрэл эмнэг сургалтын, Д.Агваан Буудлагын спортын мастер болж А.Лхагваа, Б.Хүүхэнхүү, Б.Туяа, С.Пүрэвсүх, Б.Шаравсүрэн, Ш.Дуламсүрэн эрдэмтэн профессорууд төржээ.
Бөмбөгөр сумын Жугамын амнаас Монгол нутагт үүссэн анхны боржин чулууг олсон бөгөөд эд чулууг хоёр тэрбум таван зуун жилийн настай хэмээн тогтоож дэлхийд баталгаажуулжээ.
Шивээ руни бичиг, тамга бүхий гэрэлт хөшөө нь Бөмбөгөр сумын төвөөс баруун өмнө зүгт 11 километрт байдаг.744-755 оны үед уг бичээс бичигдсэн юм байна.
Тус сумын 1-р багийн нутаг Угалзын хөндийн дунд биед Бөх цагаан чулуу гэдэг чулуу байдаг бөгөөд 19-р зууны үед Бөх цагаан гэж их бяртай бөх хүн амьдарч байжээ.Бөмбөгөр сумаас мундаг бяртай сайн бөх төрж байсан тухай баримтыг мөнхжүүлэн хадгалж байдаг учраас энэ хөшөө чулууг нутгийнхан хүндэтгэн дээдэлж байдаг юм.
Бөмбөгөр сумын нутаг нэлэнхүйдээ алтан дэвсгэртэй гэж хэлж болно.Бумбатын бүлэг орд, Өлзийт гол, Алагийн булан, Далдын ам, Хүйтний ам, Хөгний булан, Хашаатын ам, Зүүн холбоо, Хөх булгийн хөндий, Цагаан сайрын булан, Хувын аманд аж ахуйн нэгжүүд алт олборлож байна.
0 cэтгэгдэлтэй