Гомбожавын Занданшатар

2016-05-9

Гомбожавын Занданшатар 1970 оны 3 дугаар сарын 6-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй.

Тэрбээр 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

2003 онд Голландын Маастрихтын их сургуульд суралцаж, АНУ-ын Нью Мексикийн Их сургуульд бизнесийн удирдлага, 1999 АНУ-ын First State Bank of New Mexico банкинд ажлын дадлага, ХБНГУ-ын Франкфурт хотод гадаад валютын арилжааны менежмент, Франц улсын Парис хотод Шилжилтийн эдийн засагтай улс орны хөдөө аж ахуйн санхүүжилт, Энэтхэг улсын Дели хотод жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, банкны менежментийн сургалтууд болон БНСУ, Швед, Япон, Тайланд улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Орос, англи хэлтэй.

Санхүү, эдийн засгийн салбарын туршлагатай мэргэжилтэн

Г.Занданшатар нь манай орны санхүү, банкны салбарын шилдэг мэргэжилтний нэг юм. Тэрбээр 1991-1992 онд Бизнес худалдааны коллежид судлаач, 1992-1995 онд Зах зээлийн коллежид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, зээл мөнгөний бодлогын газрын захирал, 1998 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, 1998-2000 онд Монголбанкнаас Хөдөө аж ахуйн банк дахь бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд Хөдөө аж ахуйн банкны дэд захирлаар ажиллаж байсан.

Дэд сайдаас төрийн түшээ

Г.Занданшатар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын алба хашиж байгаад 2004 оны сонгуулиар УИХ-ын гуравдугаар тойрог болох Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн жил хууль тогтоох байгууллагад хүчин зүтгэсэн залуу түшээдийн нэг. Тэрбээр 2008 оны сонгуулиар Баянхонгор аймгаас төрийн түшээгээр дахин сонгогдож, улмаар УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд ахлагчаар ажиллаж байсан. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн бөгөөд УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга. Мөн намынхаа дэргэдэх залуучуудын байгууллагыг тэргүүлдэг.

Тэрбээр 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна. 2004 онд “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан“, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2006 онд “Эдийн засаг, санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд “Алтан гадас” одон хүртсэн байна.

Чөлөөт цагаараа шатар тоглох, байгалийн сайханд аялах дуртай.


© 2011 он. khongornutag.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК