БАЯНХОНГОР АЙМГИЙН БАХАРХАЛТ ҮЙЛСТЭН С.ЦАГААН

2018-01-3

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад салбарын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль ... зэрэг олон төрлийн шагнал, тэмдэг алга. Тэдний од гэгдэж байгаа хүмүүс нь зөвхөн авьяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө шударгаар их мөнгө олж түүнээсээ татвар төлж, нийгэмд хандсан сайн сайхан зүйлс хийж амьдарч байна.


Бид энэ чиглэлд хөдөлж, бахархалт үйлстэн гээд өргөмжлөл өгөөд орхилгүй бодитоор дэмжлэг үзүүлж байгаад ... энэ ажлыг санаачилсан, хэрэгжүүлсэн хүмүүст ирээдүйд миний оронд энд зогсох бахархалт үйлстнүүдийн өмнөөс баяр талархалаа илэрхийлье! Мөн цугтаа бахархалт үйлстэн болсон хүмүүстээ баяр хүргэе!

Нэгэн цагт Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдаж байсан (Архангай аймаг ч шаваа тэнд тавьсан гэсэн тэмдэглэл бий), одоогийн Бөмбөгөр сумын нутаг... Сэрвэнгийн нуруу, Хашаатын хөндий, Дааган дэлийн уулс, Шийр хайрхны тал, Босгын тал ... миний төрж, өссөн нутаг. Үр удмаараа идээшин суусан өлгий минь. Хурдан морины нуруун дээр ухаажиж, тэсвэр хатуужилтай болж, ирээдүйд их эрдэмтэй хүн болоод "олон хүнд туслана даа" гэж мөрөөдөж өссөн нутаг минь юм аа.

УБ хотод хувь хувьсгалын олон сургууль байгуулагдаж, сайн сургуулиудын шинэ элсэгчид татан авах гол шалгуур нь математикийн олимпиадын амжилт, ЭЕШ ийн амжилт, математикийн чанартай сургалт болж, мэргэжлийн тамирчдын хэмжээнд олимпиадчид бэлддэг, их мөнгө зарцуулдаг болсон байсан 2008 оны үест ачит багш нараасаа сурсан эрдмээ эх нутагтаа, Баянхонгортоо үлдээхээр зөрүүд, "тэнэг шийд" гарган энд ирсэн.

Намайг яагаад нутагтаа ирж ажилласныг 10-н жил орчмын дараа л хүмүүс зах зухаас нь ойгож эхэлж байна, дахиад 30-н жил болчихвол бүх хүн ойлгочих байх аа ...Намайг ирэхэд Баянхонгор, улсын математикийн ЭЕШ дээр эхний 1000-д 1-2 сурагч л оруулж үзсэн (жилд 35,000 орчим хүн ордог, хамгийн олон оролцогчтой тэмцээн), математикийн улсын олимпиадад багаараа 20-р байрны төлөө өрсөлддөг болоод 10 гаруй жил болсон (21 аймаг, УБ гээд 22 л баг ордог) байв даа.

Одоо бид жил бүр математикийн ЭЕШ-ийн дүнгээр улсдаа эхний 100-д 10 орчим сурагчаа багтааж байна. Монголдоо хамгийн өндөр хувь авч түрүүлсэн хүмүүс бидний эгнээнээс 2 ч гарсан, авч болох бүх сайн дүнг нэг биш нилээд олон удаа авлаа. Монгол улсын мэдээлэл зүйн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль шавь нар маань авч, багш нарын төрөлд дархан аварга гэж тоологдох тоогоор аваргаллаа. Монгол улсын математикийн олимпиадаас Баянхонгорын сурагч анх удаа мөнгөн медаль авч үзээд явж байна... (математикиийн улсаас нийтдээ 4-н медаль цуглуулсан) Улсын математикийн олимпиадад багийн дүнгээр сүүлийн 8-н жилд 7-н удаа IV-VI байранд ороод, амжилтаа баталгаажуулсан...

Миний аав, ээж 2 жирийн л ажилчин хүмүүс. Шинэ нийгэмд шилжсэний дараа хүмүүсийн жишгээр ганзагын наймаа эрхлэн багахан мөнгө хураасан. Хураасан мөнгөөрөө харин СУРГАЛТЫН ТӨВ л байгуулсан, мөнгөө их болгох өөр зүйл хийж болох л байсан байх. Одоо миний 20 гаран шавь дэлхийн өнгцөг булан бүрт тэтгэлэгээр суралцаж байна, бүүр олон хүнд араасаа зам гарц, гүүр болохоор хичээн суралцаж байгаа. Зөвхөн тэдний нийт тэтгэлэгийн нийлбэр 3-н тэрбум орчим болсон, ирээдүйд хэд болохыг мэдэхгүй байна. Ээж, аавын минь эхлүүлсэн ажил зөв байж ээ. Эрүүл энх сайн сайхан бүхнийг та 2-тоо хүсье, эхлүүлсэн буянаас нь үүссэн өгөөжийг үр удмаараа хураах биз ээ ...

Аав маань сургалтын төв байгуулж өгөөд надад ганц л зүйл захисан. "Чи тийм жижиг гэртээ улсын аваргууд бэлдсэн юм чинь одоо олон улсын олимпиадаас медаль авах хэмжээний чансаатай хүн бэлтгээрэй" гэсэн захиасыг нь 1 жилийн өмнө М.Буянбилэг шавь маань гүйцээж О.Жаутыковын олимпиадаас (Евроазийг хамарсан ахлах ангийн томоохон олимпиад) медаль авч ирэн биелүүлчихсэн. Харин миний зорилт дөнгөж эхэлж байгаа ... Шавь маань 47 жилийн өмнө Архангайчууд чадсны дараа орох том амжилтыг хөдөө орон нутагтаа гаргаж, олон хүмүүсийн урам зоригийг нэмсэн юм шүү.

"Алгоритм" СТ 9-н жил төгсөлт хийж 230 гаран сурагч ЭЕШ-д оролцуулан, их сургуулиудад хүлээлгэж өгсөн. Аймгийн математикийн ЭЕШ-ийн эхний 18-20 байрнаас 14-19 ийг нь байнга миний шавь нар эзэлж байна (2011 оны шинэчлэгдсэн ЭЕШ-ээс хойш). Зөвхөн 2017 оны математикийн ЭЕШ-дээр л гэхэд улсын хэмжээгээр албан ёсны дүнгээр түрүүлсэн сургуулиас хэт хол тасархай илүү дундаж дүнг манай сургалтын төвийн төгсөгчид үзүүлсэн (албан ёсны дүнд тооцогдохгүй). Сургалт эрхлэсэн бүх жилдээ хотын өндөр төлбөртэй олон сургуулиадаас дундаж дүнгээрээ үргэлж илүү байлаа. Анх намар шалгалт авч түвшинг нь тогтоож өгөхөд эцэг эхчүүд хүүхэд нь муу байгаад маш их гайхдаг ч 8-хан сарын дотор өндөр амжилт гаргадаг нь манай эеш-ийн сургалтын онцлог. Тийм сургалтыг зохиож, нутагшуулж, үр дүнг нь үзээд явж байна ...

Монгол улсын олимпиадаас "Алгоритм" СТ-ийнхөн бид 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль цуглаалсан, ТОП-5 олимпиадын төрлөөр (Олон улсын олимпиадтай 5-н төрлөөр) хөдөө орон нутагтаа томоохон амжилтанд тооцогдоно. Ийм хэмжээний амжилт гаргасан нэг сургалтын төв битгий хэл аймаг ч цөөн байдаг юм шүү. Нийслэлд болдог болон бүсийн томоохон олимпиадуудаас 100 давсан медаль цуглуулж цаашдаа бүүр их амжилт гаргах нөхцөл бололцоогоо бүрдүүлэн олон сайн бага насны олимпиадчид бэлтгэж эхлээд байна.

Миний бие 20-иод удаагийн Монгол улсын бүх шатны, бүх шилдэг сургуулиудын урилга заллагыг хойш тавиад өөрийн нутагтаа, яг энд, та бүхний хүүхдүүдийг сургаад, өөрийн эхлүүлсэн зүйлсүүдийнхээ дунд ажилласаар байна. УБ хотын ижил сургалтуудаас 10-20 дахин хямд төлбөрөөр тэднээс давсан ЭЕШ-ийн сургалт, ойртож очсон олимпиадны сургалт эрхлэн явуулж хойч үеээ сурган хүмүүжүүлж, Баянхонгорын сурагчид шилдэг болж чадна гэдгийг өөрийнхөө хэмжээнд нотолсоор урагшилж явна.

Баянхонгорт боловсролын түвшин ямар байгаа нь англи хэл, физик, химийн ... хичээлүүдийн ЭЕШ-ийн дүн болон бусад үзүүлэлтүүдээрээ хурдан нотлогдоно. Үүнээс зугтаад хүүхдүүдээ УБ-д сургая гэхээр 10 гаруйхан настай бага насны хүүхэд гэрээсээ хол сайн сурч чадахгүй байна, зардал чирэгдэл ч маш их гарч байна. Олон ч хүүхэд буцаж ирж манай сургалтын төвд төгсөж байна. Манай шавь нар сайн сурч, гадаадын томоохон сургуулиудад суралцах тоолонд бусад эцэг эхчүүдийн хүүхдийнхээ боловсролд анхаарах хандлага нь илүү сайн болж, нутагтаа сайн сургуультай болох юмсан гэсэн хүсэл олон хүнд буй болсныг би мэдэрч байгаа.

Засаг дарга шагнал гардуулж байхдаа, "мөнгөөрөө гоё сургууль байгуулна" гэж хэлээч гэж зөвлөсөн. Харин 10-н сая төгрөгөөр байгуулж хүрэхгүй тул би хэлж төвдсөнгүй. Аймгийн удирдлагуудаас эхлээд жирийн ажилчин эцэг эхчүүд хүртэлх бүхий л түвшиндээ бид боловсролдоо илүү хүчтэй анхаарч, сайн сургуультай болох цаг болсныг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Бидэнд Монголд тэргүүлэх математикийн ЭЕШ-ийн сургалт, сайнд тооцогдох математикийн олимпиадын сургалт, олимпиадын сургалтаар дамжуулан хүүхдийг сайжруулах батлагдсан арга технологи байна ... гадаадын сайн сургуульд сурдаг уламжлал, боломж бололцоо байна. Шавь нараа ч сайн багш болгож авахаар бэлтгэж байгаа ...Хэрэв та миний дараа 10-сая төгрөгний шагнал авахыг хүсч байвал ийм хэмжээнд ажил амжуул, ийм ажил эхлүүл, ийм амжилт гарга, ийм сургалт зохиож нутагшуул, ингэж хөдөлмөрлө! гэж давхар хэлэх гэсэн юм аа.

Намайг нутагтаа тайван сайхан ажилласаар яваа гэвэл эндүүрэл болно. Математикчийн хувиар өөртэйгээ эн зэрэгцэхгүй хүмүүсийн дунд (шавь нар үл багтана), математикийн авьяасаар маруухан, мэдрэмжгүй хүмүүсийн дотор аж төрөх, ажиллах ямар хэцүү болохыг биеэрээ туулсан хүн л ойлгоно. Өөрсдийнх нь чадахгүйг ганц хүн хол давуулан хийж байгааг харж атаархаж, түүнд садаа болохыг оролдож амьдрах ямар гачлантайг бурхан л мэдэх буйзаа кккккк ... Одоо ч үргэлжилсээр байгаа атаархал, хойч үеэ балалсан агуу олон тэнэглэлүүдийн дунд олон сайн шавь нараа бэлтгэн амьдарсаар л байна. Илүү олон сайн хүүхэд бэлтгэх боломж харин байсан юм шүү, муу багш нарт баллуулсан авьяастнуудын өмнөөс харамссаар л ... өөрийнхөө төрсөн хүүхдийг надад өгч сургаад бусад айлын хүүхдүүдийг над дээр очиж сурлаа гэж дүн баалаар боон, төрөл бүрийн дарамт үзүүлдэг инээдмийн зүйлүүд удахгүй төгсгөл болно!

Манай салбарын мэргэжлийн байгууллагын урагшгүй байдалтай холбоотой байх. Ямартай ч спортын салбарт амжилт гаргасан хүмүүсийг болзлын дагуу аймгийн удирдлагууд сайхан шагнаж байгаа. Математикийн болон мэдээлэл зүйн (програмчлалын) улсын олимпиад нь спорт тоглоомуудын өсвөр үеийн улсын аваргаас доорд үнэлэгдэх зүйл биш гэдгийг өөрөө их сургууль төгссөн хүмүүс бол төвөггүй ойлгох байх. Эсвэл үр хүүхэд, хойч үеэ эрдэм боловсролтой болоосой гэж хүсч мөрөөддөг хүн математикийн улсын олимпиад, спортын улсын аварга 2-г ялгаж салгаж, үнэлж, эрэмбэлж чадах болов уу гэж би бодож байна! Дээр дурдсан улсын амжилтуудыг гаргаад (12 медаль, эдгээрээс 2 сурагч улсаа төлөөлөн дэлхийн олимпиадад оролцсон) 2015 онд нэг л удаа УИХ гишүүн Ганбатаас 500.000 төгрөгний шагнал авч үзсэн (шавь бид 2 хоюулаа медаль авсан тул хоюулаа шагнагдсан). Нэмээд 2017 онд бага дунд ангийн олон улсын олимпиадад улсынхаа нэг багийг ахлан, 2 сурагчаа авч оролцох болоход аймгийн засаг дарга Г.Батжаргал бид гуравд 3-н сая төгрөгний дэмжлэг үзүүлснийг энд онцлон тэмдэглэж, баярласнаа дахин илэрхийлье.

Аймгийн ахлах ангийн сурагчдын математикийн олимпиадын аваргуудын 95%, мэдээлэл зүйн аваргуудыг 100% нь миний шавь нараас тодорсон. 9-н жил энэ 2 багийг улсын олимпиадад бие даан бэлтгэж нэр төртэйгөөр оролцсон (мэдээлэл зүйн олимпиадаас 8-н медаль, 6-н удаа яг медалийн ард орох амжилт гаргасан), ингэж улсын олимпиадад оролцох хэмжээнд бэлтгэгдсэн бүх шавь нар маань гадаадад тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа бөгөөд нэгнээс нь ч нэг ч төгрөгний төлбөр авч үзээгүй ээ. Энэ миний аймгийнхаа төлөө хийж буй сайн зүйл хэмээн зөрүүдлэн хийж байгаа ажил маань юм, "би л хийхгүй бол өөр хэн хийнэ гэж?" боддог ... Одоо шавь нар маань хэдийгээр оюутан ч хойч үеэ бэлдэх болон олимпиад уралдаан зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлдгийг баяртайгаар дурдах байна.

Улсын олимпиадад аймгаа төлөөлөн оролцох багийнхан өөрсдөө мандатны мөнгөө төлөөд, буцаж ирээд замын зардлаа бүтэн авч чадахгүй хэмжээнд хангамжтайгаар ирээдүйд шилдэг болохоор цаг нартайгаар уралдан сурч байна. Аймгаа сайнаар төлөөлөхөөр хичээцгээж байна. Мөн сайжрахын тулд олон удаа тэмцээн уралдаанд очиж оролцох, туршлагажих шаардлагатай болдог. Бэлтгэлийг нь би базааж өгсөөр байх болно, үнэгүйгээр ... энэ бол Баянхонгорын ирээдүйн өмнө миний "өөрөө" сайн дураараа хүлээсэн үүрэг! Бусад бүх тэмцээн уралдааны дасгалжуулагчид өөрсдийн харьяаны байгууллагаас ядаж цалингаа авдаг байх. Би тийм зүйл хүсэхгүй, УБ-ын сургалтуудаас давсан чанартай ч тэднээс олон дахин бага төлбөртэй ЭЕШ-ийн сургалтаараа санхүүжин амьдарсаар байгаа.

"Ирсэн хүүхдийг сайн сурга, сайн сургахгүй бол дараагийн удаад хүүхэд ирэхгүй" гэдэг зарчмаар ажилладаг (Улсын сургууль муу сургасан ч дараагийн жилд сурах хүмүүс нь бэлэн). Нэг ч удаа цалин мөнгө авъя нэмүүлье, ингэе тэгье гэж дээшээ доошоо хүсэлт гаргалгүйгээр өөрийн хүч хөдөлмөрөөр ажиллсаар ирлээ, цаашдаа ч яг л энэ зарчмаар ажилласаар, олон сайчуудыг төрүүлэн гаргасаар байх болно. Гаргасан амжилтууд нь юуны төлөө зорьсныг минь зарлачихдаг гэж найддаг! Харин улсын олимпиадад аймгаа төлөөлөн оролцож буй шавь нарын маань амжилтыг цаг тухайд нь үнэлэх, урамшуулалын систем буй болгох, амжилт гаргах хөшүүргийг нь нэмэгдүүлэх тал дээр холбогдох байгууллагууд анхаарал хандуулахыг хичээнгүйлэн хүсье! (энэ уг нь миний хэлэх ёстой үг биш)

Аймгийн математикийн ЭЕШ дээр эхний 19 байранд оросон сурагчдын 18-ыг, эхний 18-д орсон сурагчдын 14-16 бэлдсэн жилүүдэд (бүхий л жилүүдэд ийм байдаг) маш сонирхолтой шийдвэрүүд гардагт би гайхдаг! Мэргэжлийн байгууллага болох БСУГ-ын мэргэжилтнүүдийн ихэнхийнх нь хүүхэд, шийдвэр гаргадаг, шийдвэрт оролцдог хүмүүсийн олонхынх нь үр хүүхэд, ах дүүс, холбоо сүлбээтэй хүүхдүүдийг, нэмээд маш олон хүүхдүүдийг би бэлтгэж амжилт гаргуулсныг нүдээрээ, сэтгэлээрээ хажуугаас нь бүхнийг хардаг, мэддэг байж "инээдмийн" шийдвэр гаргадагт би гайхдаг! Олон улсдаа 2-рт эрэмбэлэгдэх том олимпиадаас медаль авч ирсэн шавийг чинь танай аймаг яаж шагнав, яаж хүлээж авав гээд бусад аймгийхан олон асуусан. Би хариулж чадаагүй, хариулсан бол бүүр ичгэвтэр байдалд орно. Гэхдээ миний шавийн үлдээгээд явсан өв, гавьяаг дүү нар нь үлгэрлэн илүү хүчтэй, хурдацтайгаар сайжирч байгаа... нэмээд ажлаа өгсөн сургуулийн захирлууд намайг тэнгэрт тултал магтдаг нь их сонин ... !

УИХ-ын гишүүд, аймгийн засаг дарга, аймгийн ИТХ ... зэргээс маш гайхалтай сайн шийдвэр гаргаж оюутнуудад 100 гаруй сая төгрөгний сургалтын тэтгэлэгийг өнгөрсөн намар олгосон, миний шавь нар ч олноороо хамрагдсанд хувьдаа баяртай байгаа. Гэвч энэ сайн шийдвэр, сайн ажлыг дунд шатны ажил хэрэгжүүлэгч хүмүүс нь хувьдаа ашигтайгаар эргүүлж сурлага ЭЕШ-ийн онооны хувьд болзолд хүрээгүй, амьдралын бололцооны хувьд болзолд нийцэх эсэх нь эргэлзээтэй хүүхдүүдийг хамрагдуулсан байж болзолшгүй байгаа тул дараа дараагийн жилүүддээ онцгой анхааран ажиллаарай, энэ сайн ажлаа амжилттайгаар үргэлжлүүлээрэй гэж хүсэх байна. Та бүхний сайн шийдвэр зорилтонд дунд шатанд нь битгий нугачаа ороосой, яг хүрэх ёстой оюутнууддаа хүрээсэй гэж олон нийт хүсч байгаа. Тэтгэлэг авсан оюутнуудыг хүртэл "УБ-ын нэгдсэн шинэ жилд 40.000төг төлж ор, орохгүй бол тэтгэлэгээс хасч чадна!" гэж сүрдүүлдэг хурган сэтэртнүүд гарч ирсэн байна (зургаар баримт хавсрагасан). Аль аль талдаа анхаарна биз ээ ... !!

Эцэст нь ... 

хурдан нэмж хасах, хурдан цээжлээд хурдан мартах зэрэг элдэв төрлийн мөнгөний ажлуудаас академик боловсролыг илүүд үзэж математикийн багш надад 10-н сая төгрөгний мөнгөн шагнал өгсөнд талархаж байна. Инженерийн математик, хэрэглээний математик, онолын математик, эдийн засгийн математик гээд бүх төрлийн математикийн захаас заалгаж байсан хүмүүс... ядаж ЭЕШ-ийн математикт орж үзсэн хүн математикийн шинжлэх ухаан ямар агууг төвөггүй ойлгоно. Олимпиадын математикаар дамжуулан гадаадын том сургуулиудад тэнцэн орж чадах, ороод амжилттай сурч чадах хүмүүсийг бэлддэг юм аа. Цээжилж, сампиндаж цом цуглуулаад гадаадын ямар ч том сургуульд элсэх давуу тал болохгүй. Харин математикийн мэдлэг чадвар, олимпиадын амжилт зэрэг нь гадаадын сургуулиудад элсэн орох боломж бололцоог нээж өгдөг юм шүү гэдгийг тэмдэглэе!

Залуучууд, дүү нар, шавь нартаа хэлэхэд архи битгий уугаарай. Би 33 хүрч байна, нэг ч амсахгүй байхад зүв зүгээр амьдарч болдог л юм байна. Манайх айл бүл болоод 8-н жил болж байгаа, шинэ жилээр ч ориглуун дарс гэртээ хэрэглэж үзээгүй. Цагаан сар зэрэг бүх баяр ёслолын үеэр зөвхөн нутгийн идээний дээж болох ингэний ундаагаа л хэрэглэдэг. Болдог гэдэг нь батлагдсан шүү гэдгийг залуу гэр бүлүүддээ дуулгая. Хань түшиг минь болон амьдарч, шавь нарыг минь дэмжин, "Алгоритм Лиг"-ийн бүх бичиг цаасны ажлыг нугалж байгаа гэргий Отгончимэгтээ онцлон талархал дэвшүүлье!

Бахархалт 9 үйлстний нэгээр боловсролын салбараас намайг тодруулсан гэж тухайн үеийн БСУГ-ийн дарга М.Мөнхбат багш дуулгасан. Мөн Мөнхбат багш өнгөрсөн хавар манай сургалтын төв зохион байгуулдаг "Алгоритм Лиг-2" цуврал олимпиадын хаалтын ажиллагаанд биеэрээ оролцон хүүхдүүдэд маань амжилт хүсээд, танай сургалтын төв Баянхонгорын ЭЕШ-ийн дүнд онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн шүү гэж онцлог тэмдэглээд, олимпиадын үйл ажиллагаанд маань талархал дэвшүүлэн "Алгоритм Лиг-3" -ийг аймаг даяар хийхэд дэмжиж ажиллана, сумдуудыг хамруулаарай гэж захисан, амалсандаа ч хүрсэн гэдгийг тэмдэглэх ёстой.

Бахархалт үйлстэн тодруулах 2-р шат буюу "бахархалтын бахархалт үйлстэн" тодруулах ажиллагаанд намайг дэмжин оролцсон аав, ээж, ах дүүс, шавь нар, тэдгээрийн эцэг эхчүүд, намайг дэмжигчид зэрэг бүх хүмүүстээ баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Надад шагналд ирсэн энэ 20 гаруй сая төгрөгийг хойтон жил гэхэд 20 тэрбум болж аривжих математикийн мэргэжлийн ном хэвлэн гаргах үйлсэд тус нэмэр болохоор хүсэлт гаргасан байгаа.

Боловсролыг, тэр дундаа хаан шинжлэх ухаанаа дэмжиж байгаа нь гайхамшигтай зүйл. Боловсролын салбараа хамгийн эхэнд эрэмбэлсэн газар орон хурдацтай хөгждгийг дэлхийн олон жишээ харуулж байна, боловсролоо бүхний өмнө (урлаг, спорт ... зэрэг бүх зүйл багтана) тавьсан үедээ бид цэцэглэн хөгжинө гэж би хувьдаа бат итгэдэг. Боловсролоо тэргүүн эгнээнд үнэлсэн бүх хүмүүст дахин дахин баярлаж талархаж буйгаа хэлье ... ! Дэлхийн өнцөг булан бүрт хичээнгүйлэн сурч байгаа шавь нартаа, ирж биеэрээ баяр хуваалцмаар байгаа ч ажил, хичээлээсээ болоод чадахгүй байгаа хөдөлмөрч шавь нартаа шинэ оны мэнд дэвшүүлье! Сургалтын төвийн 10-н жилийн ойн жилийн мэндийг хүргэе.

Эх нутагтаа, Баянхонгортоо утаагүй, түгжрэлгүй, тайван сайн хөдөлмөрлөж буй нийт нутгийн зон олондоо мөн шинэ оны мэнд дэвшүүлье. Шинэ оноо ажилсаг, хичээнгүй, үр хүүхдүүдийнхээ боловсролд илүү их анхаарсан жил болгон өнгөрүүлцгээе ... баярлалаа.

Баянхонгор аймгийн

"Алгоритм" сургалтын төвийн багш

Сүхбаатарын Цагаан

2018.01.02



© 2011 он. khongornutag.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК