БАЯНГОВЬ СУМЫН ТҮҮХЭН ТОВЧОО

2016-12-2

Эзэн Чингис хаан Их Монгол улсаа баруун, зүүн, төвийн гэсэн гурван их түмэн болгон хувааж удирдаж байжээ. “Монголын нууц товчоо” хэмээх түүхийн эх сурвалж болсон гайхамшигт номонд “Боорчи баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай Го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа төвийн түмнийг захирах ноён болтугай гэж зарлиг болов” гэжээ. Тэдгээр гурван их түмэн нь феодалын эзэмшлийн шинжийг гүйцэд агуулсан төвлөн удирдах засаг захиргааны гол нэгж байжээ гэдгийг эрдэмтэн Ч.Далай “Их Монгол улс” номондоо дүгнэн бичсэн байна. Их түмэн дотроо бага түмнүүдэд, бага түмнүүд дотроо мянгат, зуут, аравт гэсэн засаг захиргааны нэгж болон хуваагдаж байна. Улсын хэмжээнд ерэн таван мянган мянгат байсныг нууц товчоонд бичжээ. Аравтын систем нь бүр хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн ажээ. Мянгатын систем нь дан ганц цэргийн зохион байгуулалт биш засаг захиргааны үндсэн нэгж болсоноороо онцлог юм. Эзэн Чингис хаан улсаа баруун, зүүн, төвийн их түмтэд хуваасан засаглалын энэ хуваарь нь яван явсаар ар халхын гурван хаант улсын суурь болсон гэх үндэстэй. Энэ үед манай нутаг төвийн их түмтэд багтажээ. Засаглалын энэ хуваалт, 1206 онд эмхлэн зохион байгуулагдаж дууссан.

  Ази Европын олон улсыг нэгтгэн захирсан Их монгол улс 1206-1368 онуудад буюу Билэгтээс Лигдэн хаан хүртэлх 21 бага хаадын үед оршин тогтнож, угсаа залгамжлан Монголын төрийг төвхнүүлэн байлаа. Өөрөөр хэлбэл энэ үед монголын төрийг монгол хүн өөрөө барьж байжээ. Эзэн чингис хааны алтан ургийн 15 дахь үе Батмөнх /1464-1543/ даян хааныг таалал төгсөхөд, тэр үед 13 отогт хуваагдаж байсан Халх Монголыг түүний Жимсгэнэ хатнаас төрсөн отгон хүү Гэрсэнз жалайр /Овгийн нэр/ хунтайж үе залгамжлан захирч үлджээ. Алтан ургийн 16 дахь үе болох Гэрсэнз хунтайж Ашихай, Хатанбаатар, Ноонох, Аминдурал, Дарь, Далдан, Саму гэсэн долоон хүүтэй.

  Гэрсэнз хунтайжийг 1549 онд таалал төгсөхөд түүний их хатан  Хатантай Ар халхын 13 отгоо дээрхи долоон хүүд эзэмшил болгон хуваан өгч захируулсанаар халх долоон хошууүүссэн түүхтэй. “хошуу”  хэмээх нэр нь анх дайн байлдаанд хошуучлан орох цэргийн зохион байгуулалтын агуулгатай нэр байснаа яваандаа засаг захиргааны нэгжүүдийн нэр болон хувирчээ. Ер нь эзэн Чингисийн үеэсзасаг захиргааны нэгжүүдийн зохион байгуулалт нь цаг үеийнхээ байдалд зохицож цэргийн зохион байгуулалтын шинжийг шууд агуулж байсантай холбоотой. Нэрт Монголч эрдэмтэн И.М.Майский “ орчин цагийн Монгол” номондоо Монголын мянган жилийн хөгжлийн явцад үүсэн бүрэлдсэн засаг захиргаа – улс төрийн үндсэн нэгж нь хошуу юм” гэжээ. Халх долоон хошууны төв хэсэг нь Гэрсэнзийн гурав дахь хүү алтан ургийн 17 дахь үе Ноонох үйзэн ноёны эзэмшилд оногдсон бөгөөд Баянговь сумын газар нутаг хүнтэй, малтайгаа энд багтана. 1620 оны үед Өвөрмонгол Манжид эзлэгдэж Ар халх үлдсэн байна. ХVI зууны эцсээр ар халхын долоон хошуу баруун, зүүн, дунд гар болон гурав хуваагдаж эзэн Чингисийн алтан ургийн угсааны ноёдын захиргаанд оров. Үүнд :

Очирбат тулгар Түшээт ханд 2 хошуу

Махасамуди гэгээн Цэцэн ханд 1 хошуу

Эрдэнэ бишрэлт засаг ханд 4 хошуу тус тус багтаж орсон байна.

  Энэ хуваалтын дүнд Ар халхын гурван хант улс үүсч эрх мэдлийн төлөөх дотоод зөрчил туйлдаа хүрчээ. 1655 онд Түмэнхэн ноёны хүү Данзан ламд Түшээт ханы албат иргэдээс таслан өгч сайн ноёны хэмээн нэрлэж хошуу байгуулснаар 6 хошуу 8 болсон байна.

  Гадаад талд Манжууд улам хүчирхэгжиж Монголын хаад ноёдын зөрчлийг улам дэвэргэж өөр хооронд нь зөрчилдүүлэн хүчийг нь сулруулах “Монголыг монголоор нь” гэсэн хорон бодлого цэцэглүүлж байлаа.

  1691 оны 5 сарын 2-ны өдөр Манжийн хаан Энх-Амгалан 16 хүрээ цэрэг 28 баг цэрэгтэйгээр Долон нуур хотын Асу нэртэй хаалганы өмнө Өндөр гэгээн тэргүүлсэн халхын хаадыг сүр дуулиантайгаар хүлээн авч чуулсан бөгөөд үүгээр ар халх бүхэлдээ Манжид дагаар орж, Монгол Манжийн дарлалд тарчлан зовсон гунигт 220 жилийн түүх эхэлжээ. Өвөр монголын 49 хошууны ноёдыг зэрэг дэв цол хэргэмээр нь эгнүүлэн суулгасан байсны зэрэгцээ цэргүүд буу зэвсэгээр бай буудаж, сүр үзүүлж байсан гэдэг.

  Чуулган дээр Манжийн хааны зарлигыг уншин сонсгож Халх монголын дээд эзнийг Манжийн хаан гэдгийг зарлаж, “Өвөр 49”-д бариталж байгаа манжийн хуулийг ар халхад ижил дагаж шийтгүүлэхээр тогтоосон байна. Манжууд Монголыг эрхшээлдээ оруулж авсанаартэднийг бутарган жижиглэх бодлого явуулж эхэлсэн.

  Манжийн төрд үнэнч зүтгэсэн монголын феодалууд буюу хаад, засаг ноёдын үр хүүхэд болох зарим том  тайж нарт өндөр цол хэргэм шагнаж, ард иргэдийг хувь албат болгон таслан өгч захируулах ззамаар хошуудыг нэмж байгуулсаар эхлээд халхын 8 хошууг 34 болгож улмаар нэмэгдүүлсээр 1725 он гэхэд 74-д хүргэжээ. Манжийн захиргааны заавраар аймгуудыг дотор нь хошуудад, хошуудыг сумдад, сумдыг арван гэрүүдэд хувааж, аймгуудыг тайж язгууртанд, хошуудыг ноёдод, хамжлагын судыг занги нарт, арван гэрүүдийг дарга нарт захируулав. Засаглалын дээрхи өөрчлөлт хуваалтаар Ноонох үйзэн ноёны хошуу Түшээт ханы харьяанд орсон бөгөөд Сайн ноёны хошуугтэндээс газар нутаг таслан шинээр байгуулахад хожмоо ламын гэгээний шавьд багтсан нутаг бүхэлдээ түүнд багтаж орсон байна. Өөрөөр хэлбэл Баянговь сумын газар нутаг, албат иргэд Түшээт хан аймгийн Ноонох үйзэн ноёны хошууных байснаа Түшээт хан  аймгийн Сайн ноёны хошууны албат боллоо гэсэн үг.

  Ноонон үйзэн ноёны 2 дахь хүү Түмэнхэн ноён 1558 онд төрж 1640 онд таалал төгссөн алтан ургийн 18 дахь үе болно. Түмэнхэн ноён бурханы шашныг ихэд дээдлэн хүндэлсэн тул Төвдийн далай ламаас “Сайн ноён” цол хүртжээ. Энэ нь 17-р зууны 90-ээд он байв. Түмэнхэнгийн сайн ноён цолоор шагнахтай зэрэгцэн түүнд Манжийн хаан аймаг тэргүүлэх эрх олгож, 1691 онд Түшээт хан аймгаас 19 хошуу тасалж, “Сайн ноён аймаг” байгуулан мэдэлд өгөх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг яг хэрэгжүүлсэн хугацаа нь 1725 онд сайн ноён Дашдэндэвийн үед таарсан байна. Манжийн хаан Дашдэндэвт Чин вангийн хэргэм зэрэг шагнаж, халхын бусад гурван хааны нэгэн адил эрх яба олгов. Үүнээс хойш сайн ноён цол үе дамжин залгамжлагдсан бөгөөд Сайн ноён аймгийн түүх бидний өвөг дээдсийн түүх болж нэгэн үе эхэлж байна. Энэ үе буюу 1691 оноос 1737 он хүртэлх хугацаанд Сайн ноён аймгийн сайн ноёны хошууныхан болов.

  Сайн ноёны хошуу Сайн ноён аймагтаа газар нутаг, хүн ам зэргээрээ, хамгийн томд орж байжээ. Сайн ноёны хошуу хамжлагын 7 сумтай байж. Энэ үед манай нутаг Сайн ноёны хошууны их баруун  суманд хамаардаг байсан. Сайн ноён хошууны түүүүхээс үзэхэд Таацын голоос баруун тийшхи нутаг, Их Богд уулын орчмын нутаг бүхэлдээ Их баруун суманд багтаж байснаар тэмдэглэсэн байна. Зарим сурвалжид “их баруун сумын баруун бөөрөнд Хондого сум байсан бололтой” гэжээ. Хэрэв энэ таамаглал батлагдвал Баянговь сумыг Хондого суманд хамааруулж үзэх үндэстэй. Сайн ноён аймагт Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн нутаг бүхэлдээ Булган, Өмнөговь аймгийн зарим хэсэг багтаж байсан ажээ. Засаг захиргааны зохион байгуулалтын хувьд засаг хошуу эрх бүхий шавь 8, нийт 34 нэгжтэй томоохон аймаг байв.

  Засаг чин ван хэргэм зэргийг залгамжлахын өмнө улсын түшээ гүн хэргэм зэрэгтэй болсон байх ёстой байв. Улсын түшээ гүнгийн хэргэм залгамжлахгүйгээр сайн ноён цол өргөмжилдөг ёсон үгүй байжээ. Сайн ноён цолыг манжийн захиргаанаас өргөмжилдөгжурамтай байж. Хэргэм залгамжлах хүү нь эцгийн амьд ахуйд дэд тайж, аймгийн түшээ гүн, улсын түшээ гүнгийн хэргэм залгамжилдаг, үүнийг эцгийн батлан тэмдэглүүлсэн ёсоор цол уламжилдаг ажээ. Энд жишээ болгожнэгэн баримт дурьдсуу. Сайн ноён Төгс-Очир өөрийн хүү Намнансүрэнд хэргэмүүдийг батлан тэмдэглүүлснээ 1887 оны 10 сарын 18-ны өдөр дор дурьдсанаар бичжээ. “Манай хошууны түшээ гүн Намнансүрэнд бадруулт төрийн 13-р он (1887) –д улсын түшээ гүнгийн хэргэм залгамжлуулав. Мөн 13-р оны 11-р сард Сайн ноён засаг чин ван миний үе улиран тасралтгүй залгамжлах Сайн ноён цол, хошой Чин ван хэргэмд нэр батлан тэмдэглэж мэдүүлэв.


© 2011 он. khongornutag.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК