50 настай сүйт бүсгүй

2019-03-14 13:42 72 admin

 

АНУ-ын дуучин, жүжигчин, бүжигчин, продюсер Женнифер Лопез буюу Жей-Ло сүй тавьжээ. Өдгөө 50 насыг шүргэж буй Жей-Логийн хувьд энэ нь тав дахь гэрлэлт юм. “NEWS” агентлаг “ХҮМҮҮС” булангийн энэ удаагийн дугаартаа үзэсгэлэнт дуучин Женнифер Лопезыг танилцуулж байна.


БЛИЦ

НЭР: Женнифер Линн Лопез

НАС: 49 (1969 оны долдугаар сарын 24)

ТӨРСӨН: АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт төрсөн

ЖИН: 59 кг

ӨНДӨР: 164 см

ГЭР БҮЛ: ихэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.


КАРЬЕР

Жей-Ло анх 1991 онд “In Living Color” телевизийн инээдмийн шоунд бүжигчдийн багт багтсанаар шоу бизнест хөл тавьжээ. Гэхдээ 1997 онд АНУ-ын дуучин Селена Кинтаниилья-Пересийн тухай намтарчилсан кинонд гол дүрийг бүтээснээр “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж, нэг сая ам.долларын орлого олсноор алдаршиж чадсан юм. Үүний дараа тэрбээр 1997 онд “Anaconda”, 1998 онд “Out of Sight” зэрэг кинонд тоглосноор Холливуд дахь хамгийн өндөр орлоготой латин америк жүжигчин болжээ. Удалгүй тэрбээр АНУ-д латин поп хөгжмийг дэлгэрүүлэх хөдөлгөөнд нэгдэж 1999 онд анхны цомгоо гаргасан. Тэрбээр хоёр дахь цомгоо 2001 онд Жей-Ло нэрээр гаргасан ба үүнтэй зэрэгцэн “Wedding Planner” гэх романтик, инээдмийн киногоо ч цацсан байна. Жей-Ло АНУ дахь хамгийн нөлөө бүхий латин дуучин, жүжигчин болоод байв. “Тайм” сэтгүүл түүнийг 2018 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүний тоонд багтаасан. Түүний зургаан дуу АНУ-ын “Billboard” 100 шилдэг дууны жагсаалтад багтсан ба нэг нь бүх цаг үеийн хамгийн их борлогдсон сингл болжээ.

БАГА НАС

Жей-Логийн эцэг, эх нь Пуэрто-Рикогоос АНУ-д ирсэн цагаач иргэд байв. Тэрбээр эцэг, эх болон эгч Лэсли, охин дүү Линда нартайгаа хамт Кастл Хилл дэх жижиг байранд амьдардаг байжээ. Эцэг нь удаан хугацаанд мөнгө цуглуулсны эцэст тэд хоёр давхар байшин худалдаж авсан ба энэ нь ядуу гэр бүлийн хувьд том амжилт байсныг хожим тэрбээр дурсан ярьжээ.

Жей-Ло таван настайгаасаа дуу, бүжгийн хичээлд явж эхэлжээ. Түүний эцэг, эх нь англи хэл сурах, биеэ зөв авч явахад ихэд анхаардаг байсан гэж Жей-Ло ярьжээ. Тэд охидоо гадуур “болохгүй хүмүүстэй” нийлж, хэрэг түвэгт орооцолдож байснаас гэртээ найзуудаа авчраад дуулж, бүжиглэж байсан нь дээр гэж үздэг байжээ. Жей-Ло католик дунд сургуульд суралцдаг байв. Дунд сургуульд байхдаа гимнастик, богино зайн гүйлтээр хичээллэдэг, сургуулийнхаа софтбол багийн гишүүн байв.

ГЭРЛЭЛТҮҮД

Жей-Логийн хувийн амьдрал олон нийтийн анхааралд байж, ихээхэн дуулиан тарьдаг. Тэрбээр 1997-1998 оны хооронд Куба гаралтай зөөгч залуу Ожани Ноатай гэрлэж байв. Анхны гэрлэлт нь түүнийг шүүхийн маргаанаар удаан хугацаанд зовоожээ. Жей-Ло 2006 онд экс нөхрийгөө өөрсдийнхөө гэрлэлтээр ном хэвлүүлсний эсрэг гэрлэлт цуцлах гэрээг зөрчсөн хэргээр шүүхэд өгчээ. Улмаар тэрбээр 545 мянган ам.долларын нөхөн төлбөр авч, Ноагаас номын эх бичвэрийг авснаар маргаан дууссан байна. Ноагаас салсныхаа дараа 2001 онд бүжигчин залуу Крис Жүддтэй гэрлэсэн ч бас л нэг жилийн дараа салжээ.  Удалгүй тэрбээр жүжигчин Бэн Аффлектай сүй тавьснаар олны хэл амны бай болсон юм. Гэвч тэд 2004 онд салж, Жей-Ло удаан хугацаанд нөхөрлөсөн найз Марк Антонитой үерхэж эхэлжээ.

Тэд тухайн оныхоо зургадугаар сард гэрлэж, Нью-Йоркийн Брүклинд суурьшсан байв. Жей-Ло 2007 оны арваннэгдүгээр сард аялан тоглолтоор явж байхдаа хөл хүнд гэдгээ зарласан ба удалгүй түүнийг ихэр хүүхэд тээж байгааг аав нь хэвлэлд зарласан юм. Жей-Ло үр суулгуулах эмчилгээ хийлгэснээр ихэр хүүхэдтэй болжээ. Тэрбээр 2008 оны хоёрдугаар сард ихэр хүү, охиноо өлгийдөн авсан. Сарын дараа ихрүүдийнхээ зургийг “People” сэтгүүлд зургаан сая ам.доллараар зарж, нийтлүүлжээ. Гэвч хосууд гурван жилийн дараа хоёр тийш болж байгаагаа зарласан ба 2012 оны дөрөвдүгээр сард Марк Антони салах өргөдлөө шүүхэд өгчээ. Тэдний гэрлэлтийг 2014 оны зургадугаар сард эцэслэн цуцалж, ихрүүдээ асран халамжлах эрхийг Жей-Ло авснаар дууссан байна.

Үүний дараа тэрбээр бүжигчин Каспер Смарттай эргэн нийлжээ. Тэд 2011 онд хэсэг болзсон байв. Харин 2017 оны хоёрдугаар сараас “New York Yankees” бейсболын багийн тамирчин Алекс Родригезтэй болзож эхэлсэн ба өнгөрсөн долоо хоногт сүй тавьсан юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.