ЭЕШ: Улсдаа 23-т орсон шалтгаанаа аймгаараа нэг бодоод үзэцгээе

2019-06-27 17:42 222 admin

 

Баянхонгор аймаг ЭЕШ-ын дүнгээр сүүлийн хоёр жил дараалаад улсдаа сүүл мушгив. Сүүл мушгив ч гэж дээ, жаран цагванц уралдахад нэг нь түрүүлдэг. Тэр жишгээр улсын хэмжээнд дампуурсан боловсролын хамгийн дампуу хэлбэр л Баянхонгорт илэрсэн хэрэг.

Муу байгаа бол бас буруутан хэрэгтэй. Хүмүүс мууд эзэн олохдоо амархан болохоор сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улстөрчид, аймгийнхаа хэдэн удирдлагуудыг харааж зүхэж байх шиг байна. Нээрээ тэднээс болоод муу байгаа юм болов уу? Нэг бодоод үзэе.

Мэдээж хэрэг хүүхдүүдэд буруу байхгүй л дээ. Тэд чинь дээд тэнгэрээс заяатай, хөх толботой төрдөг. Чингисийн үр сад. Онцгой гентэй. Ямар ч буруугүй цагаан цаас. Арга байхгүй.

МУУ ДҮНД МУУ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАМААТАЙ

“Онц сурсаны хэрэг юу байгаа юм. Манай ангийн тэрийг хар, энийг хар. Арван жилдээ ямар сайн сурдаг байлаа. Одоо сайхан амьдарч байгаа нь хаана байна. Зүгээр хүний арга эвийг олоод овсгоотой, сэргэлэн бай”

Үр хүүхэддээ ингэж захидаг, өвөр зуураа ч энэ мэтээр ярилцдаг эцэг, эхчүүдтэй олон таарч байлаа. Бодоод үзэхэд нээрээ л өөрсдийнх нь туулсан амьдралын туршлагаар үнэнч шударга, эрдэм номд шамдсан нэг нь амаараа шороо үмхэж, арга залиар, арилжаа наймаагаар явсан нь алтны амсарт заларсан нь үнэн л дээ. 1990-ээд оны шилжилтийн үе, 2000-аад оны эдийн засгийн хямралын үе, 2010-аад оны улс төр, бодлогын хямралын үе шатуудад дээрх амьдралын эсрэгцэл улам бүр батлагдсан. Одоо ямар сайндаа овоо яваа нэгнээ хулгайч, авлигачаар дуудаад, дорой яваа нэгнээ арчаагүй, гуйланчаар нь нэрлэх вэ. Эцэг эхчүүд хүүхдүүддээ ийм юм сургасан. Тийм болохоор хүүхдүүд шинжлэх ухааныг биш, арга залийг л сурсан хэрэг. Хүүхдүүд муу авсан. Тэгэхээр эцэг эхчүүд минь нэгийг бодооч.

БОЛОВСРОЛ БИЗНЕС БИШ

Баянхонгор аймаг хэл ам, хэрүүл тэмцэл дагуулан байж “Сайн багш” хөтөлбөр хэрэгжүүллээ. Мууг нь бангадаж, сайныг нь шагнаад ч ашиг тусыг эс олов. Багш нарын нэр хүндийг унгалаа гээд манай залуу үеийн багш нар ихэд ундуйцсан даа. Гэвч бодит амьдрал дээр нэр хүнд унах биш, угаасаа тэр доор байсан багшийн ур чадвар, балчиг шаврыг л олоод харчихсан юм байна гэдэг өдгөө нотлогдож байна.

Номын мөр хөөж, наагуур цаагуур явсан хүмүүс бас хэлж байна аа. Манай улсад багшийн үнэлэмж доогуур, ажлын ачаалал их учраас нэгэн цагт алдрын дээдэд байсан багш мэргэжил авдрын ёроолд ортлоо үнэгүйдсэн. Ингээд сулхан дүнтэй нэг хэсэг багш болж, дөрвөн жилийн дараа “хярамцаг” болоод ажил дээр гарчихдаг гэж. Гэвч тэдний очиж буй ажлын талбар бол Монгол Улсын маргаашийг бүтээлцэх үнэ цэнтэй иргэдийг төлөвшүүлж төгөлдөршүүлэх амьдралын лаборатори болсон сургууль. За эндээс бас нэг буруутан гарч ирж байгаа биз. Буруутан нь яг үнэндээ хүнд юм сургаж чадахгүй байгаа одоогийн багш нар биш. Сурах цагтаа юу ч сураагүй өчигдрийн оюутнууд. Сургах үед нь юу ч заагаагүй тухайн үеийн багш нар. Боловсролоор бизнес хийсэн олон арван ашиг хонжоо хайгчид. Боловсролын салбараар тоглосон үе үеийн улстөрчид юм шүү дээ.

НҮБ-аас хувийн сургууль байх ёсгүй гэж үздэг. Учир нь бүгд нэг гараанаас эхэлж, бүгд тэгш боломж эдлэх ёстой гэсэн суурь зарчимтай холбоотой. Цаагуураа бол боловсрол бол бизнес хийдэг салбар биш гэдгийг хэлээд өгч байгаа юм. Гэтэл яаж байна, манайд. Улсын сургуульд ажиллаж, туршалага ур чадвараараа ялгараад ирэнгүүтээ л тэр нэр хүндээрээ бизнес хийгээд эхэлж байна. Хувийн сургуульд орж, төлбөр тооцоог хийдэг нэг хэсэг байна. Чадахгүй бас хэсэг байна. Бодох л асуудал.

МОНБРИЖЭЭ НУТАГШУУЛСАНГҮЙ

Багш нарт хөөрхий зовлон их бий. Өмсөж зүүсэн, ууж идсэн, загнаж зандарсан гээд л сурагч, эцэг эхчүүдэд адлуулж, хэл амны бай болж, сэтгэл санаа гундуухан л явдаг. Ядаж байхад цөм хөтөлбөр, кэмбрижийн хөтөлбөр гээд байсхийгээд өөрчилчихдөг балай нь дэндсэн улстөрч, барил нь олдохгүй салбарын яамтай. Нэгэнт дээрээс шийдвэр гарсан бол дагаж мөрдөх л болно. Ингээд хөөрхий багш нар хөтөлбөрөөс хөтөлбөрийн хооронд хөл толгойгоо олох гэж нэг хэсэгтээ л зүдэрсэн. Харин дээгүүрээ бол сурах бичгийн тендр, дарга цэргийн томилгоо гээд боловсролын салбарт чухам юу болж байгааг анзаарсан хүн байхгүй л болов уу. Тогтсон хөтөлбөргүй, барьсан сурах бичиггүй он жилүүдэд ёстой л мөнчгөрөөрөө хэдэн хүүхдээ сургаад ирсэн багш нараа магтмаар ч юм шиг. Дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олдоггүйн тод жишээ энэ билээ. Үр дүнд нь өнөөдөр Кэмбриж ч үгүй,  улсаараа шинжлэх ухааны мэдлэггүй, уйлах, инээхийн зааг дээр алцганаад сууж байна.

Эцэст нь хэлэхэд энэ удаагийн үзүүлэлт бол эртээ үед тарьсан үр тариа юм шүү гэдгийг санах ёстой. Юунаас болсныг нь оношлохгүйгээр юугаа засахаа яаж мэдэх вэ. Гагцхүү өнөөдрийн хүүхэд, залуус 20 жилийн дараа хойморт суух аав, хүүгээ өхөөрдөх ээж. Төрдөө зүтгэх боловсон хүчин, улсаа хөгжүүлэх ирээдүй гэдгийг л санацгаая.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.