Ц.Энхтөр: Бид 50 жилийнхээ ойг арван жил дурсагдан яригдахаар зохион байгуулна

2019-06-18 16:28 186 admin

 

Энэ жил Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” сургууль түүхт 50 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн хамт олон ямар ажил өрнүүлж, юу хийхээр төлөвлөсөн талаар тус сургуулийн захирал Ц.Энхтөрөөс тодрууллаа.

-50 жилийн түүхтэй томоохон сургуулийн тэгш ой таны удирдаж буй цаг үетэй давхцаж байна. Үүрэг хариуцлага, хийх ажил гээд амьсгаа өндөртэй явна уу?

-Өөрийн гэсэн түүхтэй, үе үеийн мундаг хүмүүсийн ухаан, ур чадвараар өнөөг хүрсэн энэ сургуулийг энэ цаг үед авч явж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Товчхон түүх хэлэхэд л ямар аугаа цаг хугацааг туулж өнөөдөр ирснийг ойлгож болно. Манай сургууль 1969 оны дөрөвдүгээр сарын 16-нд Хөх толгойн бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан. 1978 оныг хүртэл бага сургуулиараа явж байгаад найман жилийн сургууль болж өргөжсөн байдаг. Баянхонгор аймагтаа анхны Улсын тэргүүний бага сургууль. Монгол Улсын найм дахь бага сургууль.

Өнөөдөр манай сургууль 1200 орчим сурагчтай. 110 гаруй багш, ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуулийн 650 орчим сурагч бага боловсролд суралцаж байгаа бол дунд боловсролд 350 орчим сурагч, үлдсэн 200 гаруй сурагч ахлах ангид суралцдаг. Одоо ажиллаж, сурч байгаа эрхэм хүмүүсийн хувьд миний адилаар догдолж, хамтдаа хийж бүтээхийн төлөө зүтгэж байна. Хүн бүрийн хүчин чармайлт, дэмжлэгтэйгээр бид  өндөр зохион байгуулалттай, хожим 60 жилийн ой хүртэл дурсагдахаар тэмдэглэн өнгөрүүлнэ гэж зорьж байна. Сэтгэлд багтсан зүйл амьдралд хэрэгжих боломжтой байдаг. Бидний сэтгэлд багтсан. Ямар ч байсан ойгоо үе үеийн төгсөгчид, багш, ажилчдынхаа сэтгэлд хүртэл хийхийн төлөө ажиллаж байна.

Ойн хүрээнд 50 бүтээлч ажил хийхээр зорьсон юм билээ. Эдгээр ажлуудаас онцолж заримыг нь та уншигчдад сонирхуулаач?

Аливаа ажлыг маш сайн төлөвлөж байж санасандаа хүрдэг. Энэ утгаараа бид 2017 оноос л ойг угтсан ажлаа эхлүүлсэн. Манай сургуульд 2007 оноос хойш их засварын ажил хийгдээгүй. Багахан урсгал засварын ажил хийгдэж байсан байдаг.

2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 937 сая төгрөгийн өртөгтэй спорт заал цогцолбор ашиглалтад орсон. Энэ заал манай сургуулийн төдийгүй орон нутгийн хэмжээнд ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон. 2018 онд улсын төсөвт 1.3 тэрбум төгрөг 100 хүүхдийн дотуур байр барихаар суусан. Сонгон шалгаруулалт дуусаж барилгын ажил эхлэхэд бэлэн болсон.

2012 оноос эхлэн сургуулийн барилгын дээвэр муудаж, ус дусах болсон. Энэ байдлаас үүдэж мөөгөнцөр бий болж, хоёр давхрын анги танхимд хүртэл хичээллэх боломжгүй болж байсан. Тиймээс 2017 онд сургуулийн барилгын дээврийг засварлах хөрөнгө шийдэгдэж байсан бол  дараа жил нь орон нутгийн дэмжлэгтэйгээр дотор засварын ажлыг хийж, манай багш, сурагчид мөөгөнцрийн илэрцгүй гэсэн шинжилгээний хариу гарч байгаа.

2018 онд 80 сая төгрөгийн гадна пасадны хөрөнгө шийдэгдсэн. Засварын ажил хийгдэж байна. Мөн манай сургууль 80 сая төгрөгийн өртөгтэй стандартын шаардлага хангасан хөл бөмбөгийн талбайтай болохоор ажил нь эхэлчихсэн. Ойгоос өмнө ашиглалтад орно. 40 сая төгрөгийн өртөг бүхий гадна тоглоомын талбай, элсний волейболын талбайн ажил эхэлчихсэн явж байна.

Маш их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Ойгоосоо өмнө танай хамт олон хол, ойрын зочид төлөөлөгчдөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй угтах нь. Үе үеийн багш, ажилчид, төгсөгчдөдөө хандаж уриалга хэлэх үү?

Сургуулийн маань ой аймгийн баяр наадамтай нэгэн зэрэг болно. Долдугаар сарын 9-11-ний хооронд болох учраас үе үеийн багш, ажилчид, төгсөгчид маань гэр бүл, найз нөхдийн хамтаар төрсөн нутаг, төрөлх сургуулийнхаа ойд нэгэн зэрэг оролцох боломжтой. Тиймээс сургуулийнхаа өнгө төрхийг харж, сурч, ажиллаж байсан үеийнхээ түүх дурсамжийг хуваалцаж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилтэй танилцаарай гэж урьж  байна. Та бүхнийгээ манай хамт олон халуун дулаанаар хүлээн авч, Эрдэнэмандал сургуулиар овоглосон багш, ажилчид, сурагчдынхаа эрдэм мэдлэг, авьяас чадвар, амжилт ололтоо дэлгэн харуулах болно. Та бүхэн заавал ирээрэй.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.