Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн том ач тогооч Г.Тэнгис

2019-04-12 15:50 151 admin

 

Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний талаар өнөөдөр /2019.04.12/ Улсын Филармоны байранд хэвлэлийн хурал хийлээ. Уг хэвлэлийн хуралд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Б.Зангад зэрэг урлагийн нэрт төлөөлөгчид, судлаач нар хүрэлцэн ирэхээс гадна хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн том ач хүү Г.Тэнгис ирсэн нь олны анхаарлыг татсан юм. Чадварлаг тогооч Г.Тэнгисийг хоолны шоу нэвтрүүлгээр нь хүмүүс андахгүй биз. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Таныг чадварлаг тогооч гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин алдартай хөгжмийн зохиолчийн ач хүү гэдгийг сайн мэдэхгүй юм байна?

-Манай өвөө М.Галбаатар, М.Эрдэнэбаатар гээд хоёр хүүтэй. Манай аав М.Галбаатар нь ууган хүү нь юм. Манай авга ах насаараа улсад төгөлдөр хуурын багшаар ажиллаж байсан хүн.

-Үр хүүхдүүдээс нь өвөөгийнхөө урлагийн авьяасыг өвлөсөн үү?

-Одоогоор өвөөгийн маань ач, зээ нараас авьяасыг нь өвлөсөн хүн алга. Гэхдээ гэр бүлээрээ урлагийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Би чинь багадаа Польш улсад төгөлдөр хуурын сургуульд сурдаг байлаа. Яагаад ч юм тогооч мэргэжилтэй болчихсон.

-Энэ жил өвөөгийн тань мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Алдартай хөгжмийн зохиолчийн үр хүүхдүүд нь сан байгуулсан гэсэн. Сангийнхаа үйл ажиллагааг танилцуулаач?

– Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн хүүхдүүдийн хүүхдүүд гэж бий. Миний хувьд энэ удмаас хамгийн том ач хүү нь юм. Манай дүү нар, авга ахын хүүхдүүд нийлээд өвөөгийнхөө нэрэмжит санг үүсгэн байгууллаа. Энэ сангийн үйл ажиллагаа маань хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн бүтээлүүдийг хадгалж, хамгаалж, нийтэд танилцуулж, түгээх зорилготой. Өвөөгийн маань 100 жилийн ойгоор Монголын урлагийн холбоо, Засгийн газартай хамтран маш сайхан тэмдэглэнэ. Өвөө маань амьд сэрүүн байхдаа монголын хөгжмийн урлагт агуу бүтээлүүдийг туурвисан хүн. Тиймээс энэ түүхэн ойг нь зайлшгүй тэмдэглэн өнгөрүүлэх ёстой.

-Өвөөгийн тань бүтээлээс олон нийтэд хүрээгүй бүтээлүүд хэр байна вэ?

-Маш их байгаа.Өвөө маань амьд сэрүүн байхдаа ч “Надад 700 гаруй бүтээл байгаа” гэдэг байсан.  Одоо өвөөгийнхөө бүтээлийн нотуудыг эмхлэх асуудал гарч байна. Тухайн үед өвөө маань хөгжмийн зохиол бичээд хадгалалгүй энд тэнд орхисон байх тохиолдол их байна. Би сүүлд Архивын ерөнхий газарт очиж, өвөөгийн бүтээлүүдийг сонирхоход долоо, найман хайрцаг дүүрэн нот гарч ирсэн. Кино архивд маш олон материал байна.

-Өвөөгийнхөө тухай дурсамжаас яривал?

-Манай эмээ чинь Монголын циркийн гавьяат жүжигчин О.Цэрэндулам гэж хүн байсан. Тухайн үедээ өвөө, эмээ хоёр маань салсан. Өвөөгийнх маань Баянгол зочид буудлын хойно байранд амьдардаг байсан. Сүүлд өвөө маань Солонгос хүнтэй гэр бүл болсон. Тэр үед өвөөгийндөө аавтайгаа хамт ирж, очно. Миний санахаар өвөө маань гал тогоондоо цаасан дээр нот бичихдээ харандаагаараа ширээ их тогшино. Тэгээд л хөгжмөө бичнэ. Сүүлд нас дээр гараад гар нь салганадаг болсон чинь “Өө энэ салга чинь. Дахиж нот бичихээс” гээд л бүтээлээ бичдэг байж билээ. Крантны усны чимээг хүртэл сонсож  бичнэ. Ер нь миний өвөө их хөгжмийн нарийн мэдрэмжтэй хүн байсан.

Н.ЖАНЦАННОРОВ: ХӨГЖМИЙН САЛБАРТ МАРШАЛЫН ШАГНАЛ ХҮРТСЭН ХОЁР ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БОЛ Б.ДАМДИНСҮРЭН, Л.МӨРДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монгол гэдэг улсад хөгжмийн театр тэр дундаа дуурийн театрыг Ази тивдээ хамгийн хүчтэй хөгжүүлсэн гол хүн бол Б.Дамдинсүрэн. Бөмбөгөр ногоон театрын хөгжимчин, удирдаач. Харин хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувьд одоо монголын урлагт ажиллаж буй Үндэсний их театр буюу хуучнаар Ардын дуу, бүжгийн чуулга. Энэ чуулгын төрийн их найрал хөгжим, үндэсний хөгжмийг бүтэц, бүтээлийн хувьд олон улсын түвшинд гаргаж ирсэн хүн. Хилс хэргээр хэлмэгдсэн н.Түдэв хуурч бол түүний гарын шавь. Өнөөдрийн яриад байгаа Морин хуурын чуулга, дан хөгжмийн бүтээлүүдийг ярихаар л Л.Мөрдоржийг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр энэ хоёр алдартай хөгжмийн зохиолч үнэн чанартаа монгол үндэстний хөгжмийн соёлыг XX зуунд авч гарч ирээд, хойч үедээ хүлээлгэж өгсөн зүтгэлтэн юм. Бас нэг сонирхолтой зүйл бол Монгол Улсын Төрийн шагналыг хөгжмийн салбарт Маршалын шагнал гэж байхад нь хоёуланг нь хүртсэн хоёр хүн байдаг. Нөгөө 1960 хэдэн оноос нэг хүнийг тахин шүтэх гээд Маршал Х.Чойбалсангийн шагналыг алга болгоод, Төрийн шагнал гэж нэрийн өөрчилсөн байдаг. Гэтэл энэ хоёр хүн хоёулаа Маршалын шагналтай хөгжмийн зохиолч юм. Энэ нь социалист үеийн эрчимтэй хөгжлөөс өмнө улс төрийн бодлогын түвшинд хөгжмийн урлагийг нийгмийн дээд түвшинд авч ирсэн хоёр хүн” гэдгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай хэллээ.

Ж.БҮРЭНБЭХ: ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ДАМДИНСҮРЭН БОЛ МОНГОЛЫН Ж.ВЕРДИ БАЙСАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуай бол дуурийн урлагийн их театрыг үндэслэн байгуулж, өсгөн бойжуулсан хүн. Өөрөө таван дуурь бичсэн байдаг. Монгол Ж.Верди гэсэн үг шүү дээ. Тэр таван дууриас Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрт гурван дуурийг эгшиглүүлж байна. Хоёр дуурийг нь энэ жил 100 жилийн ойн хүрээнд сэргээхээр ажиллаж байна. Алдарт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” гэж их хөгжимлөг дуурь байдаг юм. Манай Ц.Пүрэвдорж, П.Цэвэлсүрэн гуай зэрэг ахмад уран бүтээлчид дуулж байсан. Би зах зухаас нь ганц нэг удирдмаар болсон.

Б.Дамдинсүрэн гуай зөвхөн дуурь бичээд зогсолгүй Ж.Чулуун, Ц.Намсрайжав гуайг сурган хүмүүжүүлж, жинхэнэ уран бүтээлч, урын сангийн хэмжээнд хүргэх суурийг зөв тавьж өгсөн түүхтэй. Би өмнө нь хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн тухай “12 хөрөг” номоос уншиж байхад “Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуай жигтэйхэн их ой санамж сайтай хүн байсан” гэдэг. Дуурийн театрт дуулагдаж буй бүх дууны үгийг мэддэг ганц хүн нь Б.Дамдинсүрэн гуай байсан гэж ярьдаг. Миний бие бас энэ хүнээр загнуулж, аргадуулж, загнуулж байсан хүний нэг” хэмээн Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдаач Ж.Бүрэнбэх гуай хуучиллаа.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.