Хүн ам, орон сууцны 2020 тооллогын комисс хуралдав

2019-03-12 12:17 402 admin

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсан байдаг.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.”, мөн хуулийн 8.2-д “Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана.” гэсэн заалтуудын дагуу ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулах ба тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож өгчээ.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн тооллогын комисс өнөөдөр анхны хурлаа хийж тооллогыг зохион байгуулж явуулахад баримтлах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.  Баянхонгор аймагт хийгдэх хүн ам, орон сууцны  2020 оны тооллогыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал ахлаж байгаа бол орлогч даргаар Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг томилогджээ.  Мөн тооллого явуулах үйл ажиллагаанд хамтран оролцох холбогдох 25 байгууллагын удирдлагууд энэхүү  комисст гишүүнээр багтжээ.

Энэ жилийн Хүн амын тооллого ХҮМҮҮНД ТӨР ЭРХЭМ – ТӨРД ХҮМҮҮН ЭРДЭНЭ уриатайгаар улс орон даяар 2020 оны 1 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 7 хоногийн турш явагдана. Харин байшин орон сууцны тооллого нь  Баянхонгор аймагт 2019 оны 08-р сард бүтэн явагдаж дуусах юм байна.

Тус тооллогыг холимог системээр явуулна. Ингэхдээ  уламжлалт тооллого буюу цаасаар мэдүүлэх асуулгаа хүн амын  10 хувьд нь явуулах бол үлдсэн 90 хувийг өрхийн мэдээллийн сангаас татаж авахаар болжээ. Энэ жил буюу  2019 оны турш хүн амын тооллого явуулах бэлтгэл ажлыг Статистикийн хэлтсээс холбогдох газруудтай хамтран явуулах юм байна. Ингэхдээ иргэний бүртгэл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, авто тээврийн зэргээр мэдээллийн сангуудаас үнэн зөв мэдээллийг цуглуулан түүнээсээ нэгтгэн татаж авах байдлаар ажиллах юм байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгохоороо маш том цар хүрээтэй ажил болж байгаа юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.