ХУР, ТӨР ХОЁРТ НАЙДСАН ХАА-Н САЛБАРЫН ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛЖЭЭ

2018-06-28 14:23 197 admin

Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй юм. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор Баянхонгор аймгийн мал сүрэг 4 сая 587.7 мянга болж өсчээ. Монгол улсын хэмжээнд энэ тоо нь тавдугаарт орно. Гэвч энэхүү өсөлтийг дагасан эдийн засгийн эрэлт хангалтгүй байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргээд байгаа юм. Энэ нь малчид олон жилийн хөдөлмөрөө нэг удаагийн зудаар үгүй хийх эрсдлийг ч дагуулж байна. Мал аж ахуйн салбарын энэхүү эмзэг байдал нь нэрэн дээрээ малчдад хамаатай харагдавч нидэр дээрээ нийт хүн амд сөрөг нөлөөтэй. Хур бороо орохгүй л бол тэнгэр хол, газар хатуугийн зовлонг малчид төдийгүй төв суурин газрынхан ч биеэрээ эдлэх цаг үетэй нүүр тулж байх шиг.

МЯНГАТ БОЛОХ “УРАЛДААН” БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ 10 ДАХИН ХЭТРҮҮЛЭВ

Баянхонгор аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар 11,6 орчим сая га газар нутагтай. Үүнээс 8,8 сая гаруй га бэлчээрийн талбайтай. Үүнээс бэлчээрт ашиглагдахгүй чулуурхаг газар, уул толгодын оройн хэсэг болон зэрлэг ан амьтдын бэлчээрийн нөөцийг үлдээж, нийт бэлчээрийнхээ 78,3 хувийг ашиглаж байна. 2011 онд хонин толгойд шилжүүлснээр 100 га-д 52 толгой мал оногдож байсан бол 2017 онд 89.4 толгой болж өссөн.Товчхондоо тус аймагт бэлчээрийн даац арав дахин хэтэрчээ. Энэ бол малынхаа чанар, таваарлаг байдалд анхаарах бус тоо толгойг нь олшруулж мянгат малчин болохоор дор дороо уралдсаных юм.

Аймгийн хэмжээнд өвөл-хаврын, зун-намрын гэсэн бэлчээр ашиглалтын хэлбэр зонхилдог боловч бэлчээр сэлгэх ойрын болон алсын отор нүүдэл хийх байдал үндсэндээ орхигдон төв суурин газар, ил задгай устай газрын бэлчээрийг жилийн туршид ашиглаж байгаа нь  цэгэн талхлагдалт үүсгэж, нийт бэлчээрийн 14,5 хувь буюу 1,2 сая га.бэлчээр тодорхой хэмжээгээр доройтоод байна.

Мөн хүнээс үл хамаарах байгалийн хүчин зүйл, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт асар хурдтай явагдаж байна. Сүүлийн жилүүдэд л гэхэд хур бороо татарч ган, зуд нүүрлэх нь гарцаагүй болчихлоо. Ямар сайндаа л тахиж болох уул, овоо бүрээ аргадан гуйж байхав дээ. Эцсийн эцэст бороо орохгүй, ногоо гарахгүй бол ирэх хавар хотоо харлуулсан малчид аймаг, сумын төвөөр дүүрч, ажилгүйдэл, ядуурлын индекс эрчимтэй нэмэгдэх нь ойлгомжтой юм. Ингээд төлөвлөлтгүй суурьшил, утаа, ажилгүйдэл, архидалт гээд нийгмийн сөрөг үзэгдэл газар авна. Энэ шинэ зүйл биш.

Өнгөрсөн жилүүдийн зудын давтамжаас харвал 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж, 9.2 сая мал хорогдсон байдаг. Тэгвэл 1956 оны ган, зудад 2.2 сая мал хорогджээ.  Өөрөөр хэлбэл, 12 жилийн зайтай давтагдсан гэсэн үг.  Мөн  1968 оны бичин жилийн зуд 165 хоног үргэлжилж, 4.4 сая мал хорогдож байж.  Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээллээр 1970-1990 оны хооронд  хэд хэдэн удаа зуд болсон ч өвлийн бэлтгэл  сайн байсан учраас хохирол бага амссан байна.

Гэвч сүүлийн жилүүдэд өвөлд тааруухан бэлдсэнээс болж хохирлын хэмжээ эрс нэмэгджээ. 1999-2000 онд 12 аймгийн 157 суманд зуд болж, 2.4 сая мал хорогдож байсан. Гэтэл  дараа жил нь 20 аймгийн 192 суманд зуд болж, 3.5 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх малгүй болсон гашуун түүх байна.

2017 онд Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 70 хувь гантай, 30 хувь гандуу байжээ. Харин хаа хаанаа бэлтгэлийг сайн базаасны хүчинд өвөл, хаврын саруудыг харьцангуй эрсдэл багатай давсан. Гэвч хур бороогүй, халуун өдрүүд залгуулж байгаа нь ирж буй өвлийг өнөтэй давах болов уу гэсэн зовнилыг бий болгов. Эндээс ХАА-н салбарын эрсдэлтэй байдал нь дан ганц малчдын бус бүхий л өрхийн эдийн засагт сөрөг нөлөөллөө үзүүлж байгааг ойлгож болно.

Баянхонгор аймгийн удирдлагууд дээрх эрсдлийг бууруулах шийдэмгий арга хэмжээг авч эхэлжээ. Баянхонгор аймаг улсдаа анх удаа бэлчээр менежментийн үлгэрчилсэн журмыг аймгийн ИТХ-аараа батлаад буй. Уг журмыг үлгэр болгож сум бүр өөрийн нутаг дэвсгэртээ мөрдөх журмыг батлах юм. Журам хэрэгжиж эхэлснээр тодорхой тооноос хэтэрсэн малыг хонин толгойд шилжүүлэн тооцож татвар төлдөг болох юм. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журамд заасанчлан хонин толгойд шилжүүлснээр хоёр ам бүлтэй өрх 400, 3-4 ам бүлтэй өрх 500, 4-6 ам бүлтэй өрх 600 толгой малтай байхад бэлчээр ашиглалт болон тухайн өрхийн эдийн засагт сөрөг нөлөөлөхгүй гэж тооцож татвараас чөлөөлөхөөр байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн нэг хонин толгой тутмаас 400-500 төгрөг хүртэлх төлбөр авч тухайн суманд бий болох “Бэлчээр ашиглалтын сан”-д төвлөрүүлэх юм. Уг санд төвлөрсөн хөрөнгийг тухайн багийн ИНХ-аар хэлэлцэн зөвхөн бэлчээр хамгаалах, үүлэнд зориудаар нөлөөлөх, булаг, шанд хамгаалах зэргээр бэлчээрийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар журамлажээ.

Мөн тухайн сумын нутаг дэвсгэрийн 50-иас доошгүй хувь гантай нөхцөлд татвараас чөлөөлнө. Журмын хэрэгжих хугацаа нь тухайн оны аравдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл байхаар тусгажээ.Журмыг арван сумын багийн иргэдээр хэлэлцүүлээд байна. Энэ журмын үр дүнд 2018 оны дөрөвдүгээр сараас гарна. Эцсийн эцэст энэ нь эрсдэлгүй, эрчимжсэн, бэлчээрийн даацдаа тохирсон мал аж ахуйг төлөвшүүлж, хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа нь чухал юм.

Малчид дээрх журмыг нааштай хүлээж авсан ч начир дээрээ яаж хэрэгжүүлэх нь бас тодорхой биш. Учир нь өнөө хэр малчдыг урамшуулахдаа мянга, аварга гэх нэр томъёог ашиглаж, малын тооноос хамаарч төр засагтаа үнэлэгдэх зарчмыг барьсаар байна.

Жишээ нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум сумын мянгат малчныг шалгаруулах журамдаа  бодод шилжүүлснээр 1000-аас доошгүй малтай байхаар тусгаж, оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн сумын дунджаас илүү байх шаардлагыг тавьсан байна. Энэ жишиг улсын хэмжээнд мөрдөгддөг.

Цаашид энэ мэт тоонд суурилсан урамшууллын системээс гарахгүй бол хөдөө аж ахуйн салбар ганц удаагийн зудын эрсдлээ даван туулахад хүндрэлтэй юм.

ЭРҮҮЛ МАЛ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИН  ХЭРЭГТЭЙ

Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс дэлхий дахинд хамгийн их анхаарал хандуулдаг өвчнүүдийн нэгд шүлхий тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүсийн орнуудад шүлхий өвчин бүртгэгдсээр байна. Монгол Улсын хувьд 2018 оны нэгдүгээр сараас хойш дөрөвдүгээр сар  хүртэлх хугацаанд шүлхий өвчин 13 аймгийн 41 суманд бүртгэгджээ.

Уг өвчин гарсан тохиолдолд олон улсын хорио цээрт орж, мал, малын гаралтай түүхий эдийг гадны зах зээлд борлуулах боломжоо үндсэндээ алддаг. Ийм нөхцөл байдалд манай улсын мал аж ахуйн салбар орж эдийн засгийн хувьд асар их хохирлыг амслаа.

2017 онд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчлахдаа нэг сая толгой малыг нийлүүлэх хэлцлийг амжилттай хийгээд байв. Гэсэн ч улс орны хэмжээнд малын халдварт өвчин гарснаар энэхүү хэлцэл ажил хэрэг болж чадаагүй. Хэдийгээр Баянхонгор аймаг шүлхий өвчингүй, эрүүл бүс статустай байгаа боловч газраар тээвэрлэлтийг хийдэг байдал нь гадны зах зээлд мал, мах экспортлох боломжийг бүрэн хаасан гэж хэлж болно.  Гэхдээ найдвар бүрэн тарсарчихаагүй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид ажиллахдаа мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийн бүсийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэд хэдэн аймагт байгуулахаар тохиролцсоны нэг нь Баянхонгор болов.

Уг хорио цээрийн бүсийг байгуулснаар малчид малаа зах зээлийн ханшаар орон нутагтаа борлуулах, нөгөө талдаа малчдаас авсан малыг бүрэн шинжилгээнд хамруулж, ямар нэгэн өвчлөлтэй байвал эрүүлжүүлж, цаашлаад зах зээлд борлуулна. Нийтдээ орон нутгийн 100 иргэн ажиллах боломжтай энэ хорио цээрийн бүсийгӨлзийт сумын нутаг дэвсгэрт 30 мянган га-д байгуулах бөгөөд сардаа 300 мянган толгой малыг нийлүүлэх урьдчилсан тооцоо бий. Гэхдээ энэ хүртэл тодорхой хугацаа шаардагдах нь ойлгомжтой.

Энэ бол мал аж ахуйн салбарт ирээдүйд бий болох эдийн засгийн нааштай дүр зураг. Харин наана нь яах вэ гэсэн асуудал тулгарч байна.

Монгол хүнд мах, гурил байхад амьдраад байна гэж ярьдаг. Гэтэл дөрвөн сая хол давсан малтай Баянхонгор аймагт мах, сүүний үнэ өсч өмнөх оны мөн үеэс кг болон литр тутамдаа 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна.

Аймгийн төвийн “Дэлгэрэх” хүнсний захад жижиглэнгээр хонины мах нэг кг нь 7500 төгрөг, үхрийн мах нэг кг нь 7000 төгрөг, ямааны мах нэг кг нь 7000 төгрөгт хүрчээ. Сүү нэг литр нь 3000 төгрөг, тараг 3000-3500 төгрөг, өрөм нэг тогооных 8000-10000 төгрөг, ааруул 15000 төгрөгөөр зарагдаж байна.

Эрэлтээсээ хэдийдсэн нийлүүлэлт уг нь үүсч зах зээлийн хуулиараа мал, махны үнэ буурах ёстой байхад бодит амьдрал дээр эсрэгээрээ байгаа нь эргээд малчдаасаа нийгмийн хариуцлагыг нэхэхэд хүргэж байна. Мал, махаа борлуулахдаа өөрийн дуртай үнээ тогтоож чаддаг атлаа зуд турхан, өвчин эмгэгийн үед төр шийдэх ёстой гэсэн хандлагаа өөрчилж, малаа эрүүл байлгах шаардлага тулгарч байна.

Нэгэнт мал малчдын амьжиргааны эх үүсвэр мөн юм бол түүний эрүүл ахуй, чанар нь малчинд шууд хамаарах асуудал. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл малаа вакцинжуулалт, угаалгад хамруулдаггүй явдал байсаар байна. Мөн малаа эрүүл болгож байна гээд эм, тариаг дур зоргоороо хэрэглэх явдал малчдын дунд газар авсныг мэргэжлийн байгууллага хэлж байна. Тухайн малд нэг кг амьдын жинд тохирсон стандарт тунг хэрэглэснээр эмчилгээ болдог. Гэтэл малчид их л бол сайн гэсэн ойлголттой байдгаас малд тунг хэтрүүлж, тарих, шаардлагагүй эм, бэлдмэлийг хэрэглэх явдал элбэг байгаа аж. Тухайлбал, тунг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн малын болон малын гаралтай бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл шингэж, энэ цаашлаад нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.Хамгийн түгээмэл жишээ нь малчид малын празит өвчнөөс сэргийлэх ивомек тариаг дур мэдэн их хэмжээгээр хэрэглэдэг явдал. Ямар нэг байдлаар мал өвдөхөд шууд л ивомекийг тарьдаг байна. Долоо хоногийн дараа үр дүн гарахгүй бол ахиад тарьчихдаг. Гэтэл энэ тариаг зөвхөн малын празит өвчний үед л хэрэглэдэг. Харин малчид уг тариаг малыг таргалуулдаг гэсэн буруу ойлголттой байдаг аж.

Малчдын энэ мэт хариуцлагагүй хандлагыг өөрчлөх, эм бэлдмэлийг зүй зохистой хэрэглүүлэхэд анхаарлаа хандуулахгүйгээр мал аж ахуйгаас гарах эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байгаа нь эндээс харагдана. Өнөөдрийг хүртэл малчдын зүгээс хүлээх үүрэг, хариуцлага гэж байсангүй.

Тэгвэл 2018 оны зургадугаар сарын 1-нээс  хэрэгжиж эхэлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд дээрх нөхцөл байдлыг зохицуулах заалт орсон нь сайшаалтай юм.

Өмнө нь  халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 100 хувь төрөөс даадаг байсан. Тэгвэл шинэ хуулиар тодорхой хэмжээний буюу суурь өвчлөлтэй холбоотой гардаг халдварт өвчний зардлыг малчид өөрсдөө санхүүжүүлэхээр болжээ.  Мал өвдөх, үхэхэд төрд л даатгадаг байсан. Тэгвэл энэ байдалд шинэ хуулиар цэг тавигдаж, ямар нэг өвчин гарах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүйгээс үүсэх зардлыг малчид өөрсдөө хариуцдаг байхаар тусгасан гээд малчдын үүргийг нэмэгдүүлсэн зүйл, заалт шинэ тутам мөрдөгдөж эхэллээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.