УИХ-ын чуулган: “Олон хүүхэдтэй” гэсэн заалтаар тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэвэрийг нэмнэ

2019-04-12 15:35 118 admin

– УИХ-ын ээлжит чуулган үргэлжлэн хуралдаж байна. Үдээс өмнө С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн бол яг одоо “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна –

Энэ хуулийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ удаад хэлэлцэж байна.

1990 онд батлагдсан БНМАУ-ын тэтгэвэрийн тухай хуулиар “олон хүүхэд төрүүлсэн” гэх үндэслэлээр 32 800 эх хугацаанаас өмнө тэтгэвэртээ гарч, яг одоогийн байдлаар 12 600 ээж улсын дунджаас бага тэтгэвэр авч байгаа. Энэ эхчүүдийн тэтгэвэрийг нэмэгдүүлж, улсын дундажтай нийцүүлэх зорилгоор уг хуулийг өргөн мэдүүлсэн аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

– 50 000-70 000 төгрөгөөр л нэмэх үндэслэл харагдаж байна. Энэ чинь улсын дундажд хүрэхгүй л болов уу. Энэ мөнгийг нэмэх арга байгаа юу. Ердөө 45-хан настайд нь тэтгэвэрт олноор нь хомроглон тэтгэвэрт гаргасан шүү дээ. Ямар үндэслэлээр ингэж тэтгэвэрт гаргаж байсан юм бол?

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ц.Гарамжав

– 1990, 1991 онд улс нийгэм эдийн засгийн том өөрчлөлт рүү шилжиж, бүх төрийн өмч задарч, үйлдвэр аж ахуйн газрууд татан буугдсан. 2000 гаруй жижиг, том үйлдвэрүүд татан буугдсан. Аймаг болгонд цагаан идээ боловсруулах ЖДҮ байсан. Ажлын байргүй болсон учраас төр засаг тэдгээр эхчүүдэд орлогын эх үүсвэр олгох зорилгоор тэтгэвэрт гаргажээ. 1991-1-1 нээс хууль хэрэгжсэн юм билээ.

Дөрвөн үндэслэлээр эхчүүдийг тэтгэвэрт гаргажээ. Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, 20 хүртэлх жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан 55 хүртэлх насны эрчүүд, 15 жил 20 жил ажилласан эмэгтэйчүүд, 27 жил ажилласан бол нас, хүүхдийн тоо харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргажээ.

2018 онд хууль санаачилж байхад 18 600 хүн байсан. 2019 оны гуравдугаар сард хуулийг өргөн барихад 1600-аар хорогдож 17 000 орчим хүмүүс л үлджээ. Тэдний тэтгэвэрийг дунджаар 374 000 төгрөг болгох буюу 41 600-64 000 төгрөгөөр нэмэх санал гаргаж байна.

ХНХ-ийн сайд С.Чинзориг

– “Ажлын байр чөлөөлөх” гэсэн үндэслэлээр 44 000 иргэнийг тэтгэвэрт нь гаргасан юм билээ. 1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа тэдгээр иргэдийг тэтгэвэрт гарах нас нь болоогүй байна гэж тэтгэвэрийг нь зогсоож, нөхөн олговор олгох нэрийдлээр тэдгээр иргэдээр их тогложээ. 2000 онд МАН засгийн эрх авсаны дараагаар тэдний эрх ашгийг хохироосон учраас нөхөн олговорыг нь зогсоож бүрэн тэтгэвэрийн доод хэмжээнд аваачсан.

Гишүүдийн оруулж ирсэн саналтай Засгийн газар хоёр зүйл дээр санал нийлэхгүй байна.

Нэгдүгээрт, Анх тэтгэвэрт гаргахдаа эдгээр иргэдийг дөрвөн нөхцлөөр тэтгэвэрт гаргасан. Гишүүдийн өргөн барьсан хуульд дээр “олон хүүхэдтэй” гэдэг нөхцлөөр тэтгэвэрт гаргасан иргэдийг нь л хамруулахаар байна. Цаана нь хоёр заалтын хүмүүс үлдэх гээд байна. /32 жил ажилласан 55 хүртэлх насны эрчүүд, 27 жил ажилласан бол нас, хүүхдийн тоо харгалзахгүйгээр тэтгэвэрт гарсан эхчүүд/

Хоёрдугаарт, Энэ хуулиар шийдээд явчихвал дундаж тэтгэвэрээс доогуур тэтгэмжтэй  байгаа 17 000 иргэн байгаа. Цаана нь 4000 иргэн дундаж тэтгэвэрээс дээгүүр тэтгэвэртэй байгаа үлдэж байна. Ийм хоёр ялгаа гарах гээд байна. Дөрвөн нөхцлийн хүмүүсийг адил л авч үзмээр байна.

Энэ хуулийн төсөлд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд хамаарна гэж үзвэл 7.3 тэрбум төгрөг, зөвхөн эмэгтэйчүүд гэдгээр тооцвол 8.9 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн хууль энэ оноос эхлэн хэрэгжинэ гэвэл Төсвийн тухай хууль зөрчигдөнө. Хуулийг УИХ-аас баталбал 2020 оноос хэрэгжихээр хугацааг зааж өгөх нь зөв юм.

Үүнээс гадна доод тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэхэд ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог зарчим зөрчигдөнө гэсэн саналуудыг хэллээ.

Цайны цаг болсон тул УИХ-ын чуулган түр завсарлаж 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.