Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

2019-04-12 15:14 42 admin

 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 14 минутад 50.7 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 7-10-ны өдрүдэд Катар улсын Доха хотод болсон Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны ээлжит чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын төлөөлөгчид оролцож, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ОУПХ-ны Нэгдсэн Үндэстний Байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоныг гишүүдэд дуулгаж, баяр хүргэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахааар өчигдөр гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжсэн юм.

Ингээд тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав.

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан иргэд, олон нийтийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа юм. Хэргийг илрүүлэх чиглэлээр хуулийн байгууллагаас олон удаа ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар 18 жилийн хэргийг илрүүлэн ял оноосныг Улсын дээд шүүх эцэслэн шийдсэн хэдий ч энэ хэргийг тойрсон маргаан, эргэлзээ, талуудын зөрчилтэй байр суурь байсаар байгаа, эрүүдэн шүүх замаар хэргийг тулган хүлээлгэсэн байх магадлалтай болоод байгаа. Иймээс хэргийг тойрсон эргэлзээг тайлж олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх, хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн асуудлыг нягтлан тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны үүднээс тавигдах зүй ёсны асуудал юм.

Мөн 2018 оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад албан бичиг ирүүлж, 2017 онд шийдэгдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг Олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа дурдаад эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс Улсын Их Хурал дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалжээ. Түүнчлэн Улсын Их Хурлаас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байгаагаа дурдсан байна.

Иймээс ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийн дагуу Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан асуудлыг нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсныг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Дараа нь уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, Ц.Гарамжав нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Төсөл санаачлагч гишүүн Л.Болд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлыг Монголын парламент анх удаа парламентын түвшинд авч хэлэлцэж, өөрийн бүтцэд Түр хороо байгуулж анхаарал хандуулахаар болж байгаа нь тун чухал алхам. Энэ нь Монгол Улсын олон улсын нэр хүндэд ч хамаатай асуудал гэдгийг бодолцох ёстой. Энэ хэргийн шийдвэрлэлтийг тойрсон эргэлзээ, маргааныг нэг мөр эцэс болгож, гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг бусармаг явдлыг таслан зогсоох цаг болсон, үүний тулд энэ Түр хороог байгуулах зайлшгүй шаардлагатайг тодотголоо.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хэрэв энэ Түр хороо байгуулагдвал Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад ямар ямар хуулийн аль аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж таарна. Үүний цаана гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрх зөрчсөн асуудал яригдаж байгаа, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, тэдний ар гэрийнхнийг айлган сүрдүүлж дарамталсан гэх зэрэг асуудлыг маш нарийн шалган тодруулах шаардлагатай болно гэдгийг хэллээ. Мөн тэрбээр иргэдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг, мөрдөж мөшгөдөг, айлган сүрдүүлж дарамталдаг хууль зөрчсөн үйлдэл, бусармаг явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах үүднээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар үг хэлж Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Катар улсын Доха хотод болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд оролцож, төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор тус хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан Монгол Улсын Их Хурлаас хүргүүлсэн болохыг танилцуулж, уг хэрэгт эрүү шүүлт тулгах зэргээр хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээллийг танилцуулсан тухайгаа гишүүдэд дуулгав.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжив.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойш үргэлжлүүлнэ

Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүний санаачилж,  2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.

Хуулийн төсөл санаачилсан Улсын Их Хурлын гишүүд өөрийн тойргийн зарим сонгогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор 1990 оны Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эхчүүдийн судалгааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулж үзэхэд тэр үед энэ нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс үлдсэн, одоо үргэлжлүүлэн тэтгэврээ авч байгаа хүмүүс 2018 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй хэмжээтэй тэтгэвэр авч байгаа аж.

1990 оны Тэтгэврийн хуульд заасан эхчүүдийн насны тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, ажилгүй болохоос хамгаалах сайн талтай ч 35-45 насандаа тэтгэвэрт гарсан тул хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг тал их байжээ. Судалгаанаас үзэхэд 1991 онд 288.5 мянган хүн тэтгэвэр авч байсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 45,9 хувь нь буюу 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, нөхцөлийг хангаагүй 44,4 мянган иргэдийн тэтгэврийг түдгэлзүүлж, авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор”-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш 2017 он гэхэд дээр дурдсан 44,4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжиж дуусчээ.

Эдгээр иргэдээс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 21,3 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 15,4 мянга буюу 72,3 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 4 мянга буюу 18,9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 1,8 мянга буюу 8,7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм. 1997 оны 2 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 18,6 мянга буюу 87,5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр хууль санаачлагч болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нараас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Нийгмийн даатгалын газраас 2018 оны эхний хагаст гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа. Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэх үүднээс хуулийн төслийг санаачилсан. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамаарах нэг хүнд дунджаар 50 мянгаас 70 мянган төгрөг нэмж олгохоор байгаа гэдгийг төсөл санаачлагч хариултдаа дурдлаа.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэлд мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.