ТЭНГЭРЛЭГ АЯН сайн үйлсийн байгууллагын Хөх хот дахь салбар нээгдлээ

2018-07-02 12:57 414 admin

Цаг хугацааны хүрд эргэлдсээр, хүн бүхэн өөрийн амьдралын шинэ нэгэн түүхэн хуудсыг бичиглэсээр ирээдүй рүү замнана. Гэвч энэхүү түүхэн хуудас дор бүрнээ янз бүрээр бичигддэг жамтай.

Эгэл жирийн атлаа сайн үйлсийн төлөө нэг сэтгэлээр зүтгэсээр ирсэн Өвөр Монгол бүсгүй Алтантунгалаг одоогоос 4 жилийн өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Тэнгэрлэг аян” ТББ байгуулж, сайн үйлс, сайн дурын хүмүүнлэгийн аян, байгаль орчноо хамгаалах, хүүхдийн эрхийг дээдлэх зорилготойгоор ажилласаар өнөөг хүрсэн.

Сайны мөртэй үйл бүхэн өргөжин тэлэхийн учиртай аж. Долдугаар сарын 2-ы өдөр, “Тэнгэрлэг аян” сайн үйлсийн байгууллагын салбар Хөххотод нээгдэж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Тус салбар нь Хөххотын хэмжээнд эмзэг бүлгийнхэнд бодит халамж үйлчилгээ үзүүлэн, сайн үйлс, сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар зорилго тавин ажиллана. Монгол Улсад ажиллаж амьдарч буй “Тэнгэрлэг аян” ТББ-ын тэргүүн Алтантугалаг Хөххот дахь салбарын нээлтэд хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлснийг тухагласан бөгөөд салбарын бүрэлдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ өөрийн сайн үйлсийн төлөө харамгүй зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.

“Тэнгэрлэг аян” ТББ-ын тэргүүн н.Алтантугалаг хэлэхдээ, “Хайр бол өгөхийн нэр юм. Миний бие ашгийн төлөө энэ ажлыг хийгээгүй, хайр халамжаар дутаж яваа нэгнээ түшиж тулж явахыг л зорьсон. Ганц би энэ бүхнийг хийж байгаа хэрэг биш, их олон халуун сэтгэлтэй хүмүүс надтай хамт байгаа юм шүү. Энэ л сайхан сэтгэлийн хариу сайн үйлсийн аян маань үргэлжилсээр өнөөдөр Хөххотод ирж байна.” гэжээ.

Тус ТББ-ын хувьд гадны санхүүжилт байдаггүй, гишүүд өөрсдийнхөө хөрөнгөөрөө  байгууллагаа үүсгэн байгуулсан. Одоохондоо бол өөрсдийн хөрөнгө мөнгөнөөс гадна бусад хүмүүсийн нэмэр хандиваар хүмүүст тусалж байна. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивын эд зүйл тасралтгүй ирдэгээр тэр бүхнийг хүргэх ёстой газар нь хүргэж байгаа аж. / Бэлтгэсэн нь М.БАНДИ /

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.