Оросын утга зохиолын хөгжлийн жинлүүр

2019-06-07 17:09 153 admin

 

А.С.Пушкиний мэндэлсний 220 жилийн ойд

Дэлхийн улс үндэстнүүд үе үеийнхээ соёлын хөгжилд мартагдашгүй ул мөр, үнэ цэнэт бүтээлээ мөнхжүүлэн үлдээдэг. Тийм өчнөөн олон суу билэгтэн байсныг буурал түүхээс бид мэдэх билээ. Ийм суут хүмүүсийн нэг нь XIX зууны Оросын тэргүүний сэхээтний сод төлөөлөгч – оросын утга зохиолын хөгжлийн жинлүүр – их яруу найрагч Александр Сергеевич Пушкин юм. Суут хүмүүсийн тухай ямар үгээр яаж магтах нь гол биш. Харин тэдний бүтээлээс хүн төрөлхтөний соёлд суулгасан үр шимийг нь оюун сэтгэлээрээ мэдэрч хүртэх, амьдралын арга ухаан болгон эзэмших нь юу юунаас ч чухал. Гоц ухаантан, гойд авьастан хүмүүс түүхийн хүрдээр цагийн боол байдаггүй. Хөгжлийн хөдөлгүүр хүч болон хожим хожмын үедээ улам улам содордог билээ. Чухамхүү он цагийн ийм шалгуур л Александр Сергеевич Пушкинийг оросын утга зохиолын “яруу найргийн хаан“ болгожээ.

А.С.Пушкин зөвхөн хоёр зууны зааг дээр төдийгүй, феодалын абсолют хамжлагат ёсны эрин, Европ дахины ардчилсан хөдөлгөөний эрин үеийн түүхэн том өөрчлөлтийн заагт төрж өсч, амьдарч хүмүүжсэн нэгэн билээ. Түүний мэндлэхээс 9 жилиин өмнө “Петербургээс Москва руу аялсан нь“ хэмээх Радищевийн алдарт зохиол нийтлэгдэж, 14 насгай байхад нь 1812 оны дайн болж, түүнээс хойш 13 жилийн дараа хаант засаглалын эсрэг анхны зэвсэгт тэмцэл болох декабристуудын бослого гарчээ. Тийм эрин цагт Орос оронд өндөр боловсролтой олон сэхээтэн төлөвшин бойжиж, утга зохиольш нэгэн тод бүл одод – яруу найргийн мичид болон тодорч байлаа. Тэдний дундаас А.С.Пушкин содорсон нь сонирхолтой. Түүний шүлэг, найраглал нь бүхэлдээ дэлхийн соёлын үнэ цэнэт бүтээл болохынхоо хувьд хүмүүн төрөлхтөний сэтгэлийн утас хөндсөн сонгодог зохиол болж чаджээ. А.С.Пушкин зохиолууддаа тухайн нийгэм, бодит амьдрал, урлаг, утга зохиолын талаарх өөрийн үзэл бодлоо яруу тодоор илэрхийлсэн байдаг.

А.С.Пушкин 14 настайгаасаа амьдралынхаа сүүлийн жил хүртэл туурвисан. Бараг он бүрийн шүлгээс нь Монголын шинэ үеийн уран зохиолын билгүүн – Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нараас эхлээд манай ахмад зохиолч Ц.Цэдэнжав, Х.Пэрлээ, Б.Гонгоржав, Э.Оюун, Ч.Чимид, Н.Наваан-Юндэн, Ш.Гаадамба, Ч.Лодойдамба, Ц.Хасбаатар, Н.Жамбалсүрэн, мөн Д.Урианхай, Д.Цэдэв, Т.Галсан, Х.Мэргэн, Чой.Лхагва, С.Дондог, М.Ширчинсүрэн, Д.Өлгийсайхан, Д.Гүн-Үйлс, Ч.Санчир, Н.Бор болон үе үеийн зохиолч, орчуулагч нар цаг цагийн өнгө аяс, уран мэдрэмжтэйгээр орчуулсаар байгааг олзшаан тэмдэглэе. Бидний одоогоор олж цуглуулсан мэдээллээр 1936-1999 оны хооронд манай зохиолч, орчуулагч нар А.С.Пушкиний 130 шүлэг, түүний дотор 32 шүлгийг нь өөр өөр хүн давхардуулан орчуулснаар нийт 222 орчуулгыг эмхэтгэсэн. Түүний бүтээл – чихэнд чимэг, сэтгэлд уянга, оюун ухаанд бадрангуй сэхээрэл өгсөн шүлэг яруу найргийг эх монгол хэлээрээ унших, улмаар А.С.Пушкиний утга зохиолын хэлтэй хоршин үзэх боломж олгохыг хичээж нэгэн түүврийг бэлтгэж 200 жилийн их тэгш ойгоор нь уншигч олон түмэндээ хүргэсэн. Үүнээс хойших 20 жилд А.С.Пушкиний шүлэг, яруу найргаас залуу уран бүтээлчид мөн л орчуулгыг үргэлжлүүлсээр байна. Судлаачийн хувьд би бүх орчуулагч нарт гүнээ талархаж байна.

Өөрийн бишрэн шүтдэг түүхэн бүтээл болох нэгэн шүлгийг толилуулъя.

Во глубине сибирских руд

Храните гордое терпенье,

Не пропадет ваш скорбный труд

И дум высокое стремленье.

Несчастью верная сестра,

Надежда в мрачном подземелье

Разбудит бодрость и веселье,

Придет желанная пора:

Любовь и дружество до вас

Дойдут сквозь мрачные затворы,

Как в ваши каторжные норы

Доходит мой свободный глас.

Оковы тяжкие падут,

Темницы рухнут – и свобода

Вас примет радостно у входа,

И братья меч вам отдадут.

А.С.Пушкин (1827)

* * *

Сибирийн уурхайн гүнд*

Сэтгэлээ тэсвэртэй баригтүн,

Зовсон ажил чинь үхэхгүй

Зорьсон хэрэг чинь үрэгдэхгүй.

Үнэнч эгч итгэл

Уйтгарын нүхэнд оршилдож

Хөгжил хийморийг чинь сэргээнэ.

Хүссэн цаг чинь ирнэ.

Чөлөөтэй хэлсэн дуу минь

Чихэнд чинь сонсогддог шиг

Хашаа шоронг нэвтэлж

Хайр талархал минь хүрнэ.

Хүнд гинж чинь тасарч

Хөл гар чинь суларна.

Хар байшин нурж

Хаалга цоож нь хэмхэрнэ.

Ижил нөхөд чинь баярлалдан

Илд сэлмээ өгцгөөнө.

*Б.Гонгоржавын орчуулга (1949)

* * *

Сибирийн хүдрийн уурхайн гүнд**

Сэтгэлээ чанга барьж яваарай,

Зүдэргээт үйлс, аугаа хүслэн тань

Зүгээр, талаар өнгөрөх ёсгүй.

Зовлонт цагийн үнэнч хань, эгч бүсгүй

Зоорийн харанхуйн итгэл найдвар

Урам зоригийг чинь сэргээнэ,

Удаан хүлээсэн цаг ч ирнэ:

Миний эрх чөлөөт дуу хоолой

Цөллөгийн нүх сүв бүрд очдог шиг

Мянганы хайр, түмний нөхөрлөл

Цоож цуурга нэвт л та нарт хүрнэ.

Хүнд гав гинжүүд тасар унаж,

Хүйтэн гяндангууд нурахын цагт

Эрх чөлөө та нарыг хөөртэй угтаж,

Эвт ах дүүс та нарт илд өгнө.

**С.Дондогийн орчуулга (1997)

А.С.Пушкиний мэндэлсний 220 жилийн тэгш ойг тохиолдуулан түүний шүлэг яруу найргаас нэгийг сонгон орос, монгол хэл дээр сонин хэвлэл мэдээллээр дамжуулж, өргөн олон уншигч түмэндээ хүргэх бодол төрсөн болно. Орос хэл бол ертөнцийг харах, гэгээрэх нэгэн чухал “цонх” тул тэрхүү орос эхтэй нь монгол хоёр орчуулгын хамт зэрэгцүүлэн ийнхүү сонирхуулж байна. Өөр хэн нэгэнд бас зэрэгцээ орчуулга хийх сонирхол хүсэл төрөөсэй гэсэн юм. Миний энэ хүсэл бол 50 гаруй жил боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт харъяа байгууллагад хамааралтай ажиллахдаа оросын их яруу найрагчийн эх бүтээлтэй ойр танилцуулах тув тунгалаг “цонх“ болсон орос хэлийг монгол түмнийхээ үр хүүхдэд заах, багш бэлтгэхийн зэрэгцээ агуу их оросын ард түмний хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж, А.С.Пушкиний суут бүтээлээс “амтархан” хүртэж түүнээ өөрийн хэр чинээгээр “сурталчилж“ ирсэн багш миний сэтгэлийн илэрхийлэл юм шүү.

Хэл судлаач – орос хэл, утгазохиолын багш

Пунцагийн Алтанцэцэг

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.