М.Цэрэнтогтох: ГОО МАРАЛ дуу бол бүх бүсгүйчүүдэд хайраа шингээсэн, чин сэтгэлийн бүтээл

2018-04-05 10:56 2822 admin

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн олон сайхан дуунууд бий. Тэдний дундаас сүүлийн гурван жил байнга шахуу аялагдаж дуулагддаг нь дуучин Гансувдын дуулсан “Миний ээж хөөрхөн” хэмээх ээжийн тухай дуу юм. Энэ дууны үгийг зохиогч нь ярихдаа “Ээж аавдаа золгочхоод Улаанбаатар хот руу буцаж явахдаа ээжийгээ санан бичсэн. Дахилтын хоёр мөр нь санаанд бууж гар утасныхаа мэссежид буулгаж тэмдэглэж билээ” хэмээн нэгэнтээ хуучилж байсан удаатай юм. Ээжийгээ санасан тэр сэтгэлээ уран бүтээл болгож, ард түмний дуртай дуу болгож эгшиглүүлж, ээждээ хүндэтгэл үзүүлж алдаршуулна гэдэг бол хүн бүрт заяагаад байдаггүй тийм ховорхон тавилан байх. Өнгөрсөн жил “Миний ээж хөөрхөн” хэмээх дуугаараа нэрлэсэн анхны уран бүтээлийн тайлангаа сонсогч түмэндээ толилуулсан дууны шүлгийн шинэ цагийн төлөөлөл, залуу яруу найрагч, эмч Мягмарын Цэрэнтогтохтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр энэ жил “Гоо марал” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тайлангаа сонсогч танд хүргэхээр зэхэж буй нь энэ билээ.

-Миний гоо марал аа хө…. Энэ шүлгийг гэргийдээ зориулж бичсэн гэж сонссон үнэн үү?

Үгүй ээ. Олон жилийн өмнө биччихсэн байсан юм. Сүүлд хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах аялгуу хийж, жүжигчин Л.Сөрөлт дуулснаар олон түмэнд хүрч, хит болсон дуу. 2014 оны намар шүлгээ бичих санаа олсон. О.Эрдэнээ ахтай танилцаад хамгийн анхны хамтарсан уран бүтээл юм. Гоо марал дуу бол бүх бүсгүйчүүдийг магтан дуулсан, хайрласан, миний сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож болно. Аливаа уран бүтээл чин сэтгэлээс төрөхөөрөө л урт настай болдог юм байна гэдгийг энэ дуунаас мэдэрч байна.

-Миний ээж хамгийн хөөрхөн тоглолтоос хойш жилийн дараа хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Энэ хооронд шинэ уран бүтээл олныг туурвив уу?

Тоглолтоос тоглолтын хооронд буюу жилийн хугацаанд 40 гаруй шинэ дуу төрөн гарчээ. Зарим нь тодорхой хэмжээгээр нийтэд танигдаж, хүрч байна. Өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнаж, дотроо бодож байж дууны шүлгийг бичдэг. Захиалгаар бичсэн шүлгүүд ч бас бий. Хамгийн гол нь сэтгэл шингэсэн байх ёстой.

-Залуу уран бүтээлчдийг шинээр сайн дэмжиж байх шиг харагддаг. Таны сүүлийн үеийн шүлгүүдийг шинэ дуучид л олны хүртээл болгож байгаа бололтой.

Сөрөлт Гоо марлыг дуулж нийтэд танигдсан шиг энэ залуучууд ч бас өөрсдийнхөө нэрийн хуудас болсон шинэ дуутай болог гэж үзсэн. А.Түмэн-Өлзий маань “Хайр бэлэглэе”, Б. Чанцалдулам гээд дуучны “Ижийдээ  эрлээ”, П.Түдэвдоржийн дуулсан “Энхрий” гэх зэрэг шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ. Гансувдтай хамтарсан цоо шинэ уран бүтээл хийсэн. Удахгүй цацагдана. Уран бүтээлийн олз бол арвин ихтэй байна. Өвөрмонголын хэд хэдэн уран бүтээлч оролцоно.

-Хит болж байгаа таны дуунууд ихэвчлэн ямар үед шүлэг нь бичигдсэн байдаг вэ?

Янз янз шүү дээ. Хүний сэтгэлийн л илэрхийлэл. Заримдаа дурласан, заримдаа гунигласан тохиолдолд бууна.

-Говийн гайхамшиг зургаа гээд уран бүтээлчдийн хамт аялалд явахдаа уран бүтээлийн шинэ санаа олонтой ирсэн гэж нэг дурссан байдаг даа.

Би Баянхонгорын Жинст нутгийн хүн. Говийг ерөнхийдөө мэднэ гэж өөрийгөө тоодог байлаа. Гэтэл тийм биш, яг үнэндээ хонин гүрвэлээс хэтрэхгүй гэдгээ тэр аяллаар яваад мэдэрсэн. Маш нийтэч, нөхөрсөг хамт олонтой долоо хоног говийн их дархан газраар аялахдаа уран бүтээлийн маш гоё гоё санааг тээж ирсэн. Хожим нь түүнийгээ уран бүтээл болгосон. Ингэн хавтгайн тишээ гээд говийн ахуй байдал, тэмээн согийн аж байдлыг харуулсан, түүнтэй хамт нутаглаж ховор ан амьтдын агуулсан дууль бичсэн. Хатан суудлын заставт хоноглохдоо “Хилчин цэргийн сэтгэл” гэдэг дууны үг бичиж, нутгийнх ах маань аялгуу хийсэн. Х.Батмэнд ах дуулсан. Хамтдаа явсан учраас бидний тухай гоё дурсамжууд олон бий. Говь-Алтайгаас ирсэн сэтгүүлч бүмгүйд Баянхонгорын багаас явсан нэг залуу хоёрын хооронд хайр сэтгэлийн уялдаа үүсэж, хамтарсан баг салаад нутгийн зүг явахад нь мэдэгдсэн. Тэр бүсгүй манай залууд үзгээ дурсгасан юм билээ. Говь-Алтайн унаа ч хөдөллөө. Манай залуу нөгөөх үзгээ байн байн гаргаж үзээд, санаа алдаад л байсан. Тэгээд энэ хүү дурлаж дээ гэж бодсон. Тэр хоёрын тэр хайрын рамонсаас үүдэн дуучин В.Баттулгын дуулсан “Дурлаа юу даа” хэмээх шинэ дуу ингэж л санаанд орж ирсэн юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.