М.Мөнгөнцэцэг: Цэвэр ариун бодол, цэгцтэй, зөв зорилгоос амьдрал эхэлдэг

2019-06-10 15:30 36 admin

 

Овог нэр: Мухлааш Мөнгөнцэцэг

Мэргэжил: Инженер

Эрхэлдэг ажил: Баянхонгор аймгийн Улаан загалмайн хорооны дарга

Сонгуульт ажил: Баянхонгор аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч

www.khongor.mn мэдээллийн сайтын “Залуус- үзэл бодол” ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор бид Баянхонгор аймгийн түүчээ залуусын нэг Мухлаашийн Мөнгөнцэцэгийг урьж оролцууллаа. Тэрбээр тус аймгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэм, улс төрд хүргэхэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуу бүсгүйчүүд, ээжүүдийн төлөөлөл юм.

ЭЭЖ БОЛОХ ХУВЬ ЗАЯА ИХ СПОРТООС АУГАА ЗҮЙЛ

Танд энэ өдрийн мэндийг хүргье. Бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье.

Баярлалаа. Танд болон танай мэдээллийн сайтыг шимтэн уншигч нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Урьсанд баярлалаа.

Таныг Баянхонгор аймгийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин байхаас хүмүүс мэддэг. Тэгвэл иргэн Мөнгөнцэцэг гэж хэн болох талаар яриагаа эхлэе. Бага насны дурсамж, гэр бүл гээд ярих зүйл их байгаа байх?

Би эхээс дөрвүүлээ. Айлын гурав дах хүүхэд. Аав маань алтан шар замтай амьдралаа холбосон Мухлааш гэж сайхан хүн байлаа. Ээжийг маань Сумъяа гэдэг. Одоо тэд хамтдаа эхлүүлж байсан Авто-18 жолооны сургалтын төвөө ажиллуулаад явж байна.

Миний хүүхэд нас тэр үеийн хүүхэд залуусын нэгэн адил л өнгөрсөн. Нэг өөр зүйл нь бөмбөг. Түүнийг дагаж ирсэн нөхөрлөл, ухаарал, тэсвэр хатуужил.

Бид чинь зуны амралтаараа хөдөө өвөө эмээ дээрээ очдог байлаа. Аав ээжийнхээ захиасыг биелүүлж ахмадын үгийг алт гээд л хөдөөгийн цаг наргүй их ажлаас нугалалцаж өнгөрөөнө. Эргээд бодоод байхад хүүхэд ахуйн тэр үед тэсвэр тэвчээртэй, шулуун шударга байхыг, эхлэсэн ажлаа заавал дуусгаж байхыг сургасан байдаг юм.  Тийм ч учраас өдийг хүртэл хувь хүнийхээ хувьд зөв төлөвшилтэй гэж өөртөө сэтгэл өндөр байдаг.

Бага насныхаа тухай ярих болохоор яах аргагүй волейболын тухай ярих гээд байдаг юм. Би энэ  спортод маш их хайртай. Миний хүүхэд насны ихэнх цаг хугацаа бөмбөгтэй холбоотой. Заримдаа аав ээждээ хичээл хийхгүй шир хөөгөөд гээд л загнуулна. Сүүлд нь бодоход аав, ээж, ах маань яг үнэндээ энэ спортоор хичээлэхэд тал талаас сайн дэмжлэг нөлөөлөл үзүүлсэн байдаг юм. Тиймдээ ч эд тоглож байх үедээ олонд танигдсан болов уу. Энэ спорт амьдралд минь олон гэгээлэг зүйлийг бэлэглэсэн. Бөөн аз жаргалтай дурсамжаар дүүрэн цаг үеийг надад мөнхөлж өгсөн. Одоо ч нүдэнд харагдаж байна. Аав ээж хоёр маань тэмцээн болохоор үздэг нэг л суудаг газартаа хамт сууж эхнээс нь дуустал дэмждэг байсан. Заал руу  орох болгонд тэр дүр зураг нүдэнд харагдаж, бодогддог. Аав, ээж гэснээс манай гэрийнхэн, тэр бүү хэл  хүргэн, бэргүй бүгд тоглоно. Гоё байдаг шүү.

 

-Яагаад спортын карериа үргэлжлүүлээгүй юм бэ?

Спортын карериа үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа ш дээ/инээв/.  Спорт өөрөө залуу насных. Миний хувьд эд насан дээрээ гэдэг шиг, амжилттай явж байх үедээ амьдралынхаа хамгийн баяр баясал утга учрыг олсон. Нэгдүгээр курс төгсөх жилээ хөөрхөн охинтой болж хавь ойрынхоо хүмүүсийн нүдийг бүлтийлгээд гайхширалд оруулчихсан хүн дээ, би. Тухайн үед их сургуульд орж хотод сурахаар явахдаа Монголросцветмэт ТӨҮГ-ын “Уурхайчин” багт орж байсан. Лигт тоглож амжаагүй ээж болсон. Ээж болох хувь заяа их спортоос аугаа зүйл шүү дээ.

 

Тухайн үед миний өмнөөс харамсаж байсан хүмүүс олон байсан. Гэхдээ цаг хугацаа юу чухал, юу үнэ цэнэтэй вэ гэдгийг тодруулаад өгдөг. Одоо тэдгээр хүмүүс намайг хараад чиний зөв байжээ, жаргаж байгаа биз дээ, атаархаж байна гэж нуулгүй хэлдэг. Охин маань том болчихоор би гэр орны ажил барагтай бол хийдгүй ш дээ ажиллах цаг зав гаргаж өгдөг дөө ар гэрийнхэн маань. Тэр цагаа нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг найз нөхөдтэйгөө өрнүүлэн, нам улс төр, олон нийтийн ажилд зарцуулаад явж байна. Хүний амьдралд зурагдсан зураг гэж байдаг байх. Тийм гэж итгэвэл тэр зураг маань намайг одоо илүү нийгмийн шинж чанартай ажилд цаг заваа зарцуул гэж байна.

Спортын хувьд аймаг орон нутаг, улсад байгууллагынхаа систмийн тэмцээний тамирчин болсон. Тоглоод л явж байна. Магадгүй манай хүүхдүүд ирээдүйд амжилт, алдрын замаар явж аав, ээжийгээ баярлуулах байх.

 

Миний охин чинь ээжийгээ ид залуухан  тоглодог байхад ирсэн бурханы хишиг юм даа. Одоо охин маань хэрсүү том хүн шиг гэж жигтэйхэн. Манай нөхөр хоёр эхнэртэй хүн шиг л байдаг юм.

Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

Намайг хүүхэд байхад тухайн үеийн холбоочид хамгийн өндөр цалинг авдаг,  хангамж сайтай талаар амтай болгон ярьдаг байсан. Аав тухайн үед Холбооны газар шуудангийн жолоочоор ажиллаж байсан. Тэмцээн уралдаанд аав минь баг тамирчдыг улсын тэмцээн уралдаанд их авч явна. Волейболын спортоор холбооны ах эгч нар аймагтаа мундаг нь байлаа. Тэднийг хараад их л гоё санагдана. Тэр үеэс холбоочин болох хүсэл төрсөн. Хүсэл мөрөөдлөө дагаад Шинэжлэх ухаан технологийн сургуулийн Холбоо мэдээллийн техникийн их сургуульд элсэн орж байсан. Тэгэхээр ямар нэг байдлаар эргэлзэж тээнгэлзсэн зүйл байсангүй. Хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа сурсан.

Их сургуулиа төгсөөд өөр газар ажиллаж амьдарч болох байсан шүү дээ. Яагаад нутагтаа ажиллаж, амьдрахаар сонгосон бэ?

Хотод мэргэжилийнхээ дагуу ажиллаачээ гэдэг санал ирсэн л дээ. Гэтэл нөхөр бид хоёр охиноо дөнгөж  11 сартайд нь хөхнөөс нь гаргаад аав ээж дээрээ үлдээчихсэн байдаг. Би чинь өөрийгөө өсгүүлээд зогсохгүй охиноо хүртэл өсгүүлж байна гээд бодох зүйл их байжээ. Дээрээс нь аав ээжийгээ сургалтын төлбөрийн хажуугааар замын зардалаар их шатаана. Эх хүн л юм болсон хойно охиноо асуугаад өдөр бүр ярина. 7-14 хоногт найдвартай нэг удаа  5 дахь өдрийг дайруулааад аймаг руу явчихна. Нэг дэх өдөр бэлэн байхаар хичээлээ зохицуулаад л гараад давхичихна. Улаанбаатар Баянхонгор чиглэлийн зам сайхан болоогүй үед нилээд явсан шүү. Өөрсдөө бага залуу, дээрээс нь үр хүүхдээ санах хэцүү. Тэгээд л яараад нутагтаа ажиллаж амьдрахаар болсон доо.

Аймагтаа ирээд ямар ажлаас ажлын гараагаа эхэлж байв?

Ирээд шууд  “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-д ажилд орсон. Цаг хугацаа хурдан өнгөрдөг юм байна. Тэр цагаас хойш холбоондоо нийт 11 жил ажилласан.

ӨРӨНД БАРИГДЧИХСАН БАЙГУУЛЛАГА ӨРӨӨЛД ЯАЖ ТУСЛАХ ЮМ

Таныг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдгийг мэдэх юм. Одоогийн хийж байгаа ажил тань ч үүнтэй холбоотой байх. Улаан загалмайн хорооны даргын ажлын онцлог нь юу вэ?

2017 оны 9 сараас хойш одоог хүртэл “Монголын улаан загалмай нийгэмлэг”-ийн Баянхонгор аймаг дахь салбарт даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-д инженерээр ажилласан он жилүүд надад хувь хүний төлөвшлийн хувьд их зүйлийг өгсөн. Ялангуяа, нийгмийн идэвхтэй, өөрийн хэмжээнд зүтгэлтэй байх тал дээр их зүйлийг олж авсан он жилүүд байсан юм. Ажлынхаа хажуугаар  үе тэнгийн бүсгүйчүүд, найз нөхөдтэйгөө хамтран чөлөөт цаг заваа нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлс бүтээхийн төлөө олон сайхан ажлуудыг хийж байсан. Энэ маань хүмүүнлэгийн байгууллагын даргын ажлыг хийхэд нилээдгүй дөхөм байсан.

Монголын улаан загалмай нийгэмлэг бол Үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Өөрийгөө санхүүжүүлдэг хэрнээ дэлхийн 184 оронд салбартай олон улсад танигдсан, бусдын төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажилладаг хүмүүсээс бүрдсэн маш том байгууллага. Энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг хүмүүнлэгийн элч гэж би хардаг. Тэр ч утгаараа миний ажлын онцлог хүмүүний төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүстэй хамтран ажиллаж, бусдад сайн үйлийг түгээн дэлгэрүүлэн, тусламж хүссэн хүн бүрийг хэр хэмжээндээ баярлуулах юм. Тухайн хүний асуудлыг шийдсэний  хариуд зөв сайхан энергитэй үг сонсож, чин сэтгэлийн талархал, үнэн сэтгэлийн нулимстай учрах сайхан байдаг.

Ойрын ирээдүйн зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?

2017 оны 9 сард энэхүү байгууллагыг хүлээн авч байхад нийгмийн даатгал, татвар гэх мэт байгууллагуудад нийт 27 сая төгрөгийн өртэй, дансандаа мөнгөгүй байсан. Өрөнд баригдчихсан байгууллага өрөөлд яаж туслах юм. Ажлаа хүлээн авчихаад их л айж байсан. Ямар ч байгууллагад ороод ирэв дээ гэж. Гэхдээ эхлүүлсэн бол дуусгах, дуусгахдаа нэр төртэй, амжилттай дуусгах ёстой гэсэн зарчим надад бий. Тэр зарчмаараа л ажиллаж эхэлсэн.

Ажил авсан цагаасаа хойш амралтгүй шахам өдөр бүр ажилчидтайгаа ажиллаж байлаа. Бодлогын түвшинд бичиг цаас боловсруулах, аймаг, сум орон нутгийнхаа удирдлагуудад үүссэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулах, өрийг шийдвэрлүүлэх талаар ажилласэн. Бидний эхний зорилт амжилттай биелж, өргүй, байгууллага, хамт олон маань урам зориг орж, одоо бол бид ажилчидтайгаа байгууллагаа аймгийнхаа ард иргэддээ мэдрүүлэх, үйл ажиллагааг нь сэргээх зорилго тавин ажиллаж байна.  Орчноо сайжруулж, ажлын байраа гадна доторгүй засварлалаа. Хүний амьдралын хоёр дахь гэр орон бол ажлын байр шүү дээ. Ажлын байр нь өнгөтэй өөдтэй байгаад ирэхээр ажиллаж байгаа хүмүүсийн ч хөдөлмөрийн идэвх, санаачилга нэмэгдээд, урам зориг орчихдог.

2018 онд бид аймгийн төвийн бүх сум, багт хүмүүнлэгийн тусламжаа хүргэж аймаг орон нутагтаа гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Ойрын болоод хэтийн өмнөө тавьсан зорилго их байна. Ямар ч байсан хоёр жилийн дараа одоогийн хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа үр дүнг үзэж, шинэ тутам эхлүүлсэн төсөл, хөтөлбөрөө амжилттай авч явах болно. Эцсийн эцэст хэнд тус дэм хэрэгтэй байна, тэнд бид хүрэх нь чухал учраас хүмүүнлэгийн илч нарынхаа даль жигүүрийг улам бүр ургуулахын төлөө ажиллах болно.

Бид цөөхүүлээ ч гэсэн Баянхонгор аймгийн 20 сум, тэнд амьдарч байгаа, тусламж, үйлчилгээ шаардлагатай байгаа хүмүүст хүрч ажиллахын төлөө атгасан гар шиг нэгдэн зүтгэсээр байна. Энэ дашрамд танай сайтаар дамжуулан ажилчиддаа болон сумдын Улаан загалмайн хорооны анхан шатны дарга  нартаа туйлын их баярлаж байгаагаа илэрхийлэе.

ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН НИЙГМИЙН ОРОЛЦООГ НЭГ ЗООСНЫ ХОЁР ТАЛ ГЭЖ ХАРАХ ЁСТОЙ

Таныг улс төрийн нэлээд идэвхтэй залуу үеийн төлөөлөл гэж хардаг. Таны нүдээр өнөөгийн нийгэмд болж байгаа болон болохгүй байгаа ямар зүйлс байна вэ?

Манай нийгэмд ярьдаг бус хийдэг хүмүүсийн тоо олон байх юу юунаас илүү чухал байна. Идэвхитэй залуу үеийн төлөөллийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлс маань миний өмнөөс ярьдаг байх нь чухал. Сайхан зүйлийг ярихыг өнөөдөр хэн ч чадна. Харин түүнийгээ харуулахыг тэр бүр чаддаггүй шүү дээ. Тиймээс үүнд л анхаарлаа хандуулж, хүчин чармайлт гаргах ёстой.

Өнөөгийн нийгэмд болж байгаа зүйл маш олон байна шүү дээ. Харамсалтай нь нөгөөх л ярьдаг, шүүмжилдэг хэсэг нь жин дараад байгаа учраас болж байгааг харлуулах, хийж байгаагаа үгүйсгэх хандлага газар авчихсан байна. Баянхонгор аймаг хүний хөгжлөөрөө тэргүүлэх аймгийн нэг болох зорилтыг тавьсан. Тэрхүү хүний хөгжлийн цаана бид зөв хандлагатай, эерэг бодолтой, бүтээлч хүмүүсийн тухай ойлголтыг олж хардаг шүү дээ. Тийм л хүмүүс хөгжлийг авчирна. Хөдөлмөрлөж байгаа хүнд хар буруу санах, хэрэгтэй хэрэггүй зүйл ярих зав байдаггүй юм. Тэгэхээр манай нийгмийн хувьд шийдвэрлэх ёстой ганц асуудал бол зөв хүнтэй, эерэг хандлагатай болох явдал. Тэгж чадвал бусад эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд аяндаа сайжраад явна.

Орон нутаг дахь залуу эмэгтэйчүүдийн нэг төлөөллийн хувьд орон нутаг дахь эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдал ямар хэмжээнд байна гэж хардаг вэ?

Эмэгтэй хүнд ээж болох ховор хувь заяа оногдсон. Тэр утгаараа эрчүүд илүү их хөдөлмөрлөх, эмэгтэйчүүд үр хүүхэд, гэр орондоо илүү цаг зав зарцуулах хандлагатай байж ирлээ шүү дээ. Гэтэл нийгмийн хөгжил, хүмүүсийн хандлага, дэлхий нийтийн чиг хандлага эрх тэгш байдлыг бий болгож, нийгмийн тодорхой түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байх ёстой талаар ярих болсон. Өнөөдөр улс төрийн гэхээс илүү нийгэмд гүйцэтгж байгаа эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог үнэлэх үнэлэмж доор байдаг учраас зарим талаараа эмэгтэйчүүд тодорхой хэмжээнд эрх нь зөрчигдөж байгаа. Тиймээс эмэгтэй хүн болгон нийгмийн асуудалд идэвхитэй оролцож өөрсдийн үзэл бодол дуу хоолойгоо гаргаж байх ёстой гэж бодож байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг зоосны хоёр тал гэж харах ёстой. Тэгж байж аливаа асуудал тэнцвэртэй, шийдэл нь оновчтой байх болно. Ингээгүйгээс зарим талаар алдаа дутагдал гарчих тал бий. Эцсийн эцэст ардчилсан нийгмийн амин сүнс нь хүн нэг бүрийн үгийг сонсч, нийтлэг эрх ашгийг хангах явдал шүү дээ. Тийм юм бол аливаа нийгмийг хамарсан шийдвэр, бодлогод эмэгтэйчүүдийн дуу хоолой эн тэнцүү сонсогдох, тэнд тусгагдах ёстой.

Баянхонгор аймгийн өнөөгийн байдлыг хэрхэн хардаг вэ?

Манай аймгийн хувьд хөрөнгө оруулалтыг сүүлийн жилүүдэд маш сайн татаж байна шүү дээ. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр бүтээн байгуулалт эрчимжиж,  эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Энэ эерэг үзүүлэлт бол аймаг орон нутгийн удирдлага,  УИХ дахь манай аймгийн гишүүдийн хамтын ажиллагаа, яам, тамгын газартай нягт уялдаатай ажиллаж байгаагийн илрэл.

Бид чинь  түүхэндээ байгаагүй олон бахархлыг Баянхонгор гэдэг нэртэй уяж чадлаа шүү дээ. Улсын ерөнхийлөгчтэй, УИХ-ын даргатай, ХХАА-н байнгын хорооны даргатай, эмэгтэй гишүүнтэй байна шүү дээ.

Залуу хүний хувьд нутагтаа юуг хийж, бүтээхийг хүсдэг вэ?

Одоогийн залуус маш чадварлаг. Хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл ихтэй. Гагцхүү  хөрөнгө санхүү хөлийг нь тушдаг. Нэгэнт өнөөдрийн залуус маргаашийн аймаг, орон нутгийн өнгийг тодорхойлж, хөгжлийг түүчээлэх нь тодорхой. Энэ үүднээс харж тэдэнд чиглэсэн тодорхой хэмжээний бодлого барьж, хариуцлага хүлээлгэн, үр дүнг тооцож урамшуулах ажлыг тогтмол өсөлттэйгээр хиймээр санагддаг. Залууст өнөөдөр нэгдэж, нягтрах, хамтарч үзэл бодлоо уралдуулж ажиллах асуудал дутагдаж байна. Хэрэв бодлого гаргаад бодитоор зангидаад өгвөл өнөөдөр залуус нийтлэг эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө хамтраад зүтгээд явах боломж нь нээлттэй байгаа. Үүнийг л нийгэмд төлөвшүүлэхийн төлөө өөрийнхөө хэмжээнд ажиллаад явж байна. Тал тал тийшээ хараад суучихвал тэндээс хөгжил, тэндээс үр бүтээл гарахгүй нь ойлгомжтой.

Та өсвөр үеийнхэн, залуучуудад хандаж юу захиж хэлэхийг хүсч байна?

Үеийн залуучууд дүү нартаа уриалахад биенээ хүндлэх ёс суртахууныг өөртөө нягт суулгах ёстой. Тэвчээртэй байж бусдаас суралцаж чаддаг бол. Чаддаг зүйлээ бусдад харамгүй зааж сурга. Нэгэндээ зөв үлгэр дуурайлалтай хүн болохын төлөө өөрийгөө бүрэн зориулаарай. Цэвэр ариун бодол, цэгцтэй, зөв зорилгоос амьдрал эхэлдэг шүү гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.