Иргэд 7 кг нүүрсийг 2000 төгрөгөөр худалдан авдаг

2018-10-15 13:10 478 admin

Аймгийн Засаг дарга багийн иргэдийн нийтийн хуралд оролцож байгаа билээ. Энэ үеэр нүүрсний үнийн өсөлт, жижиглэн худалдааны сав баглаа боодол нь багассан зэрэг асуудлаар олон иргэдээс санал гомдол гаргасаар байна. Иймээс аймгийн ШӨХТГ-ын байцаагч нарт нүүрсний үнийн өсөлт, авто хэрэгслийн тэвшний даац, савалгаанд хяналт хийх үүргийг өгчээ. Энэ хүрээнд тус газрын улсын ахлах байцаагч Д.Уранчимэг, улсын байцаагч Ц.Дагвадорж, Д.Отгонтөгс нар аймгийн төв захын гадна худалдаалагдаж буй түлшний худалдаачидтай уулзаж тэдний үйл ажиллагаанд хяналт хийлээ. Төв захын гадна түлш том жижиглэнгээр худалдаалж буй нийт 50 орчим иргэд байдаг байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн төвд түлшний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан портер нүүрс 140,000-150,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Портер машины тэвшийн хэмжээ 1000 кг буюу 1 тонн гэж заасан байдаг. Гэтэл нүүрсний худалдаачид тэвштэй тэнцүүлсэн түлшээ 1,5 тонн нүүрс гэж худалдаалдаг юм байна.

Тэд Дөвөнтийн 1 тонн нүүрсийг газар дээрээс нь 27,000 төгөөр авдаг ба ойролцоогоор 3 тонныг нэг удаа тээвэрлэдэг гэлээ. Ингэхдээ тус 3 тонн нүүрсээ шигшиж аван тал хувийг нь худалдан борлуулдаг гэж ярилаа.

Түлшний жижиглэн худалдааны хувьд жижиг шуудай нүүрс -2000₮, жижиг шуудай мод -2000₮, том шуудай мод нь 5000 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жил 1500 төгрөгөөр худалдаалагдаж байсан шуудай нүүрс энэ жил 2000 болтлоо өссөн хэрнээ шуудай нь илүү жижигсэж уртаашаа 35 см, өргөнөөрсөө 20 см-ын харьцаатай болсон байна. 1 шуудай нүүрсийг жигнэж үзэхэд 7,8 кг байсан юм. Үндсэндээ иргэд 7 кг нүүрсийг 2000 төгрөгөөр худалдаж авдаг байх нь.

Түлшний жижиглэн худалдаачид нүүрсээ портероор бөөндөж авч улмаар савлаж худалдаалдаг байна. 1 портер нүүрс ойролцоогоор 100 гаруй шуудай болдог бол шуудайгаа 100-150 төгрөгийн хооронд бас худалдаж авдаг гэлээ.

ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Д.Уранчимэг бид түлээ нүүрсний худалдаа эрхэлдэг иргэдээ мууг үзэж муухайгаар харах гэсэндээ биш бодит байдалтай газар дээр нь ирж танилцан зохист байдал нь хэр түвшинд байгааг судалж, цаашдаа хэрхвэл зохилтойг аймгийн удирдлагуудад танилцуулна. Портер болон бусад тээврийн хэрэгслээр түлээ нүүрс худалдан борлуулдаг иргэдийн түлш, тээврийн зардал, ачилт, шигшилт, худалдан борлуулалтыг тодорхойлж түүнийгээ зах зээлийн ханш, нөхцөл байдалтай харьцуулна. Үнэхээр үнэ хөөрөгдсөн үү, бодит нөхцөл нь ямар байгааг тодорхойлоё. Хэрэв үнэ өртөгөө дураараа хөөрөгдсөн бол үнийн зохицуулалт, хязгаарлалт хийх арга хэмжээ авч болно гэлээ. Мөн жижиглэнгийн худалдаачдын хэрэглэж буй шуудайны талаар судалгаа хийж, хаанаас хэрхэн нийлүүлдэг болохыг тогтоож , томсгуулах эсхүл үнийг бууруулах арга хэмжээг авах нь зүйтэй гэж ярилаа.

Тус ажлын хэсгийнхэн ойрын хугацаанд судалгаа, тандалтаа дуусгаж аймгийн Засаг даргад танилцуулан улмаар зохих арга хэмжээг авч ажиллах юм байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.