Д.Доржнамжаа: Нээлт хийж, шинжлэх ухаанд шинэ нэр томьёо нэвтрүүлснийг минь олон улсын нэр хүндтэй сэтгүүл зарласан

2018-02-11 12:23 441 admin

Академич, профессор Д.Доржнамжаагийн “Монгол орны астропаип гео бүтэц, алт болон кимберлитийн алмаасжилттай шинэ төрлийн цорго” хэмээх бүтээлийг шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүд шинэ нээлт хэмээн хүлээн зөвшөөрч, нийтэлжээ.

Тэрбээр сүүлийн 20 гаруй жил Монгол орны нутаг дахь солирын тогооны судалгааг эрчимтэй хийж, алт, алмаас үүсгэсэн астропаип хэмээх цоо шинэ геологийн тогтцыг нээснийг нь ийнхүү үнэлсэн байна. Монголын ШУА ч түүний нээлтийг энэ оны ажлын тайландаа онцлон тусгаад буй юм. Дэлхийн ШУА (TWAS)-ийн болон ОХУ-ын Байгалийн ШУА (РАЕН)-ийн жинхэнэ гишүүн, академич, профессор Д.Доржнамжаатай энэ талаар ярилцлаа6

-Шинэ нээлт гэж зарлагдсан бүтээлийнхээ талаар яриач?

-Монгол орны нутаг дэвсгэрт одоогоор мэдэгдээд байгаа дөрвөн солирын тогоог судалж, тэнд алмаас байгааг илрүүлсэн. Алмаас хэмээх үнэт эрдэнийг Монгол орны эрдэнэсийн санд, астропаип хэмээх гоц сонин, зүйрлэшгүй ховор тогтолцоог байгалийн шинжлэх ухаанд шинээр оруулсан нь миний судалгааны ажлын онцлог, үр дүн.

Энэ бол миний 30 шахам жилийн судалгааны ажлын үр дүн. Би сансрын зургийн тайллыг олон жил хийсэн. Ж.Гүррагчааг сансарт нисэхэд геологийн судалгааны хөтөлбөрийг би биечлэн боловсруулсан юм. 1979 онд ШУА-ийн “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл-Эрдэнэт-Хархорины зурвасын агаарын зураг авах, тайлах ажилд голлон оролцсон. Сансрын нисэгч маань хоёр жил тэр зураг дээр ажиллаад 1981 онд сансарт хөөрөхдөө агаар, сансрын зургийг хослуулан хэрэглэсэн байдаг. Энэ мэтээр сансрын зураг дээр олон жил ажилласан маань шинэ нээлт гаргахад үндсэн хөшүүрэг болсон.

Монгол орны геотектоникийн 1:2 500 000-ын масштабтай зургийг боловсруулах геодинамикийн анхны сэдэвчилсэн судалгааг Монгол, Английн эрдэм шинжилгээний экспедиц 1995-1998 онд гүйцэтгэхэд Монголын ШУА-ийн зүгээс би биечлэн удирдсан юм. 1995-1996 онд сансрын зургаан бүсчлэлийн зургийг тайлах ажлын хэсэгт хоёр удаа орж, Английн Лейстерийн их сургуульд ажилласан. Энэ судалгааны явцад манай орны зарим нутагт солирын тогооны тогтоцтой сонирхолтой бүтэц байгааг ажиглаж, түүнийг тайлж, тайлбарлахыг хичээсэн. Ингээд одоогийн Агьтхангай, Хүрээмандалын гео бүтцийг судалсан.

ОХУ-д дэлхийн алмаасын олдворт газрууд, тэдгээрийн гарал үүслийн тухай 1:25 000 000-ын масштабтай өнгөт суурь зураг хэвлэсэн юм. Түүнд Монгол орныхоо хоёр олдворт газрыг 82, 83 дугаартайгаар оруулж, Монгол орон алмаастай хэмээн дэлхийд данстай болсон.

-Шинжлэх ухаанд шинэ үг хэллэг оруулсан гэл үү?

-Монгол орны нутгаас цагариган бүтэцтэй, дугариг хэлбэртэй солирын тогоонуудыг илрүүлж, Агьтхангай, Хүрээмандал, Баянхүрээ, Цэнхэр хэмээн нэрлэсэн. Дэлхийд 180 гаруй солирын тогоо байдаг ч алмаас илэрсэн тохиолдол одоогоор гараагүй байна. Тиймээс солирын цохилтоос үүссэн алмаастай эдгээр тогоонуудыг астропаип гэсэн нэршлээр шинжлэх ухааны бүтээлдээ мөнхрүүлсэн. Астропаип гэдэг нэр томьёо, үүнийг судалсан судалгаа өмнө нь дэлхийн шинжлэх ухаанд байгаагүй юм. \

Энэ нь байгалийн шинжлэх ухаанд шинээр нэвтэрсэн нэр томьёо буюу неологизм юм. Солирын цохилтоос үүсэж биежсэн тогоог ерөнхийд нь астроблема гэдэг. Астропаип солирын цохилтоос үүссэн ч алмаас бий болж, бүрэлдсэн нь зүйрлэшгүй өвөрмөц учраас үүнийг онол, арга зүйн үүднээс астроблемаас ялгаж тайлбарлах хэрэгтэй болсон. Астропаип гэдгийг утгачилбал одны цорго гэсэн үг юм.

-Таны судалгаа Монголын нутагт алмаас байгааг баталсан гэлээ. Хүн төрөлхтний шуналыг хөдөлгөдөг энэ эрдэнийн чулууг олборлох хэмжээний нөөц бий болов уу?

-Би Монгол орон алмаастай гэдгийг тогтоож, дэлхийд зарлан, судлаач, эрдэмтний үүргээ гүйцэтгэсэн. Алмаас илэрсэн дөрвөн астропаипаас дээжилсэн импактит нь Саха, Архангальск, Хятадын Шандунь мужийн Ялалт-I болон Анголын кимберлитийн хоолойн алмаастай ижил төстэй болох нь тогтоогдсон. Одоохондоо судалгаа дөнгөж эхэлж байгаа. Хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж аль аль нь байхгүй учраас лавшруулж судлахад хүндрэлтэй байна. Нөөцийг нь тогтоох ажлыг геологи, хайгуулынхан хийнэ.

Солирын тогоо, түүнтэй холбогдсон эрдэс баялгийн судалгаа манай оронд ирээдүйтэй гэж үзэж байгаа. Нэн тэргүүнд Агьтхангай, Хүрээмандал солирын тогоо, Сэлэнгэ мөрний Тээлийн дэнжийг түшиц газар болгон заавал судлах ёстой. Одоогоор дөнгөж эхлэн судлагдаж байгаа Баянхонгорын говь дахь Цэнхэр, Дорноговийн Баянхүрээ солирын тогоог ч харьцуулан судлах хэрэгтэй. Орхигдуулж огт болохгүй. Энэ судалгааг цааш явуулахад өндөр мэдрэмжтэй орчин үеийн электрон лабораторийн тоног төхөөрөмж шаардлагатай. Манай оронд сканэлектрон микроскоп дутагдалтай байна.

Энэхүү судалгааг цаашид ул үндэстэй, дэс дараатай, зорилготойгоор үргэлжлүүлснээр астропаип гео бүтцийн өвөрмөц шинж чанар, биежсэн онцлог, алмаасжилт, бусад илэрсэн ба мөн хараахан илрээгүй байгаа ховор эрдэнэ улам тодорхой болно биз ээ.

-Алмаас илэрсэн гэхээр гадаад, дотоодын хүмүүс сонирхож байна уу?

-Сонирхолгүй яах вэ. Гэхдээ надтай бол ухах гэсэн бус, шинжлэх ухаан талаас нь судалъя гэсэн эрдэмтэд л холбогдож ирдэг юм. Би ямар эрх мэдэлтэй хүн биш, ухъя гэвэл яам, тамгын газрынханд хандах байлгүй. 2002-2008, 2017 онд Агьтхангай, Хүрээмандал, Баянхүрээ астропаип гео бүтцэд хийсэн хээрийн судалгаанд Саха улсын ЦНИГРИ хүрээлэнгийн эрдэмтэн А.В.Толстов, Е.И.Борис, Москвагийн УИС-ийн Алмаасын лабораторийн К.А.Гаранин, ГНЦ РФ-ВНИИ геосистемийн Д.М.Воинков, Л.C.Кондратов болон Канад, Япон, Швед, Англи, Австрали, БНХАУ зэрэг улсын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, оролцон холбогдох санал зөвлөгөө өгч ажилласан.

Судалгааны ажил дөнгөж эхэлж байхад Ш.Отгонбилэг агсан нэлээд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлсэн нь Агьтхангайн судалгааг хийхэд их тус болсон.

-Илэрсэн газрыг нь зарлачихаар хүмүүс очоод ухчих юм биш байгаа?

-Алмаас олдсон газрыг хамаагүй олон нийтэд зарлаж болохгүй гэж анх намайг энэ ажлыг хийж байхад анхааруулж байсан. Тиймээс би хүмүүсээс бултуулах маягтай тухайн газар орны нэрээр нэрлэхгүй, өөрийнхөө өгсөн нэрээр бүтээлдээ дурдаж явдаг. Завханы Агьтхангай бол миний өгсөн нэр. Агь ихтэй сайхан хангай болохоор ингэж нэрлэсэн. Энэ нэрээр сураглаад очвол нутгийнхан ч мэдэхгүй.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт Хүрээмандал гэж 10 км-ийн голчтой хачин гоё тогоо бий. Хүмүүс энгийн нүдээр хараад мэдэхгүй л дээ. Энд, тэнд энгийн хар уулнууд харагдана. Мэргэжлийн хүн “Энэ нь ирмэг хэсэг, энэ нь солирын цохилтоос үүссэн тогоо” гээд тайлбарлавал нээрээ тийм ч юм уу гэж харна.

Би хөөцөлдөж байгаад Хүрээмандалыг улсын тусгай хамгаалалтад авахуулсан. Баянхонгор аймгийн Баян-Өндөр суман дахь Цэнхэр астропаип Их говийн дархан цаазат газарт харьяалагддаг. Тэнд хэн ч очиж ухаж чадахгүй. Олох ч үгүй.

-Таны судалгааны ажил Монголд алмаас байгааг тогтоосон гэлээ. Алмаас мөн гэдгийг хэрхэн баталгаажуулсан бэ?

-Монголд алмаас шинжлэх ганц ч лаборатори байхгүй учраас энэ төрлийн судалгаа хийхэд тун хүндрэлтэй. Би ОХУ-ын эрдэм шинжилгээний байгууллага, лабораторитой хамтран ажилласан. Тухайлбал, 2000 онд Саха улсын АЛРОСА компанийн харьяа ЯНИГП ЦНИГРИ хэмээх дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг алмаас судалгааны хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хуралд илтгэл тавьж, хамтарсан боловсруулалт хийсэн.

Дараа нь Москвагийн Газ-геохимийн лаборатори, Москвагийн улсын их сургуулийн Алмаас судлалын лаборатори, ОХУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн СamScan электрон микроскопын лабораторид дээж сорьцнуудыг тодорхойлуулсан. Мөн Японы Iwate их сургуулийн лабораторид солирын төмрийн (хар соронзон үрэл) бүтцийн шинжилгээ хийлгэж баталгаажуулсан.

-Эдгээр газраас алмааснаас гадна алт илэрсэн гэсэн. Өөр ховор элемент илэрсэн үү?

-Завханы Алдархаан сумын нутаг дахь Агьтхангайн солирын тогоо бол дэлхийд ховорт тооцогдох хосгүй нандин тогтоц, ёстой л эрдэнийн уул юм. Баянхонгорын Хүрээмандал ч бас дутахгүй. Энэ хоёроос муассанит хэмээх эрдэс илэрсэн. Уг эрдсийг анх 1890-ээд онд Америкийн Аризоны “Буг чөтгөрийн хавцал” хэмээх 1.2 км голчтой солирын тогооноос илрүүлсэн байдаг. Харин хамрабаевитыг Узбекистаны нутгаас элсний угаалгаас олсон, гарал үүсэл нь одоо болтол мэдэгдээгүй байсан нь өдгөө манай орны нутаг дээр тайлагдаж байна.

Мөн тун ховорт тооцогддог хар соронзон үрэл байна. Энэ нь солирын бороо болох нь батлагдсан. Агьтхангай болон Сэлэнгэ мөрний Тээлийн хөндийн дэнжээс солирын бороо болох 0.05-5 мм хэмжээтэй хар соронзон үрэл элбэг илэрлээ. Миний нэрлэсэн хангайт буюу тектит хэмээх солирын шил Агьтхангайн солирын тогооноос олдсон. Молдавит, австралит хэмээх солирын шилийг эс тооцвол мөн л ховорт тооцогдоно. Өөр нэг сонин ховор эрдэс бол флогопит болно. Энэ нь Хүрээмандал солирын тогооны үндсэн чулуулаг болон угаагдаж хуримтлагдсан сэвсгэр элсэнд их бий.

Агьтхангайгаас рений хэмээх нэн ховор бодис илэрсэн. Энэ нь нэн бат бэх, тогтвортой, байгальд сарнимал тархалттай бөгөөд ихэнхдээ молибдений хүдрээс ялган авдаг, дуунаас хурдан тийрэлтэт хөдөлгүүр, онгоцны үйлдвэрлэлд хэрэглэдэг, нефтьхимийн процесс, химийн урвалыг хурдасгах, өөрчлөх бодис буюу катализатор болгон ашигладаг. Энэ мэтчилэн яриад байвал олон зүйл бий.

-Судалгааны бүтээлээ олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх, тэр тусмаа шинэ нээлт гэж зарлуулах нь эрдэмтэн хүний хамгийн том бахархал байх. Таны бүтээл хаана, хаана хэвлэгдэж байв?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэнэ гэдэг нь миний судалгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Яагаад гэвэл тэр сэтгүүлд тохиолдлоор бүтээлээ хэвлүүлчихнэ гэж байхгүй. Шинжлэх ухааны дэлхийн хэвлэлүүд баталгаагүй нэг өгүүлбэр ч хавьтуулахгүй. Тэнд мэргэжлийн хянагчид маш нарийн шалгуураар хянаад сууж байдаг юм. Би ийм судалгаа хийлээ, ийм үр дүн гарлаа гээд маш сонирхолтой, хүмүүсийн анхаарал татах нийтлэл бичээд явуулахад судалгаагаа хэрхэн хийсэн, үр дүн нь хэр бодитой вэ гэдгийг бүгдийг нягтална шүү дээ.

2011 онд дэлхийн ШУА миний тухай “International journal of astronomy and astrophysics” гэдэг АНУ-д хэвлэгддэг сэтгүүлд мэдээлсэн юм билээ. Тэр сэтгүүлийн редакцаас надтай холбогдож, судалгааны материалаа ирүүлээч гэсний дагуу сар ноцолдож байж Монголд алмаасны илэрц олсон, энэ нь солирын цохилтоос үүссэнийг нотолсон тухайгаа бичээд явууллаа.

Гэтэл “Алмаасны шинжилгээгээ хаана хийлгэсэн бэ. Монголд стандартын лаборатори байхгүй шүү дээ” гэж асуув. Оросын АЛРОСА компанийн дэлхийд нэртэй хүрээлэнгийн лабораторид туршилт, шинжилгээгээ хийсэн хүн чинь ам бардам хэлнэ биз дээ. Тэгсэн сэтгүүлийнхэн АЛРОСА-гийн лаборатори руу холбогдож асуусан байгаа юм даа. Тийм нарийн шүүлтүүрээр оруулж байж хэвлэдэг юм. Монголд шинжилж тогтоосон гэвэл миний бүтээлийг хэвлэх ч үгүй.

Миний судалгааны үр дүнгүүд АНУ, Украины Симферополь, ОХУ-ын Москва, Красноярск, Александров, Мирный, Италийн Венец, Триесте, Бразилын Рио-де-Жанейро, Испанийн Барселона, Германы Кологне, БНХАУ-ын Шеньян, Австралийн Мельбурнд зохиогдсон эрдэм шинжилгээний хурлуудын бүтээлд хэсэгчлэн хэвлэгдсэн.

Шинжлэх ухааны шинэ нээлт гэж үнэлэгдсэн ажлын үндсэн үр дүн 2011 онд АНУ-д хэвлэгдсэн “Interna­tional journal of astronomy and astro­physics”, 2017 онд хэвлэгдсэн “Inter­national journal of innovative studies in Sociology and humanities” болон ”Advances in nanoscience and nano­technology” сэтгүүлд нийтлэгдсэн. Өнгөрсөн 25 жилийн судалгааны багц үр дүн гурван ном болон 42 өгүүлэлд тусгалаа олсон байна.

-Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүд таны бүтээлийг шинэ нээлт гэж зарлаад байхад монголчууд мэдээгүй суух шиг байна?

-Шинэ нээлтүүдийг зарладаг нэр хүндтэй сэтгүүлд гарчихаар бусад орны хэвлэл, эрдэмтэд эш татаад эхэлдэг. Энэ нь шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Миний бүтээлийг дэлхийн хэмжээний хэвлэл шинэ нээлт гэж зарлалаа. Бүтээл маань хэвлэгдсэнээс хойш Сингапур, Испаниас олон улсын хуралд оролцох урилга ирсэн. Монголын ШУА энэ жилийн ажлын тайландаа энэ тухай оруулсан байна билээ. Үүнээс илүү би юу хүсэх вэ.

-Таныг дэлхийн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон дөрвөн монгол эрдэмтний нэг гэж сонссон?

-Төрийн соёрхолт, академич Б.Чадраа агсан, Чингис хааны одонт, онолын физикч Х.Намсрай, палеонтологич, геологич Р.Барсболд бид дөрөв дэлхийн ШУА (TWAS)-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байдаг юм. 2003 онд Италийн Триест хотод зохион байгуулагдсан дэлхийн ШУА-ийн ээлжит чуулганы үеэр миний судалгааны бүтээлтэй танилцаад, уг академийн хэвлэл нь цахим хуудсандаа тавьсан. Энэ чуулганаас уг бүтээлээр намайг тус академийн жинхэнэ гишүүнээр сонгосон.

Би 2003 онд сонгогдсоныхоо дараа нэг хорооных нь гишүүн байлаа. Тэгэхэд Хятадын нэг эрдэмтэн зургаан удаа уначихаад долоо дахиа ирж байв. Зургаа унахад хангалттай биш үү. Яагаад дахиад ирсэн юм бэ гэхэд “Дэлхийн академийн гишүүн болбол улсаас орон сууц, туршилт явуулах лаборатори, тоног төхөөрөмжөөр хангана. Цалинг нь гурав дахин нэмнэ” гэж байсан. Дэлхийн ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдоно гэдэг нь тийм нэр хүндтэй, бас амаргүй даваа юм билээ. Гэтэл манайхан хэн нь гишүүнээр сонгогдсоныг ч мэддэггүй.

-Хоёулаа таны бүтээл, судалгааны ажлын талаар ярьсаар өөрийг тань орхигдуулах нь?

-Би өөрийнхөө талаар ярих тийм дуртай биш. Мөрөөрөө ажлаа хийгээд, судалгаа, туршилтаа явуулж байх минь гэж бодож ирсэн. Цаашид ч тийм байна биз. Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. 1961 онд аймгийнхаа 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд гадаадын их сургуулийн хуваарь авч байлаа.

Тэр үед бүх зүйл шударга сайхан байж. Дүнгээр нь жагсаагаад, хөдөөгийн муу хүүг хамгийн эхэнд бичиж, Москва, Ленинград, Одесс, Эрхүү гэсэн гадаад дөрвөн хуваарь ирсэн, алийг нь авах вэ гэж байлаа. Би М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг сонгож, геологич мэргэжил эзэмшсэнээсээ хойш 50 жил ШУА-д ажиллаж, шинжлэх ухаанд зүтгэж явна.

-“Интеркосмос” хөтөлбөрт оролцож явсан талаараа дээр дурдсан. Тэнд оролцох хүмүүсийг нэлээд нарийн шалгуураар сонгосон гэдэг. Та хэрхэн сонгогдож байв?

-Хамгийн чухал шалгуур нь орос хэл сайн мэддэг, мэргэжлийн, хувийн түүх сайтай байх ёстой гэж байсан. Гурван үеийн намтар бичүүлж, удам судрыг нь До яамнаас шалгаж байсан. Манай улс Манж, Хятадын нөлөөнд олон жил байсан, эрлийз хурлийз ихтэй болохоор гурав дахь үед нь хятад хүн байсан гэсэн шалтгаанаар хасагдсан хүн ч бий.

Эдгээр шалгууруудыг нь давж тэр бүрэлдэхүүнд орсон хэрэг. Бид чинь хэнд ч мэдэгдэхгүйгээр нууц нислэг хийдэг байлаа. Хаагуур нисэж, ямар зураг авахыг нь бүгдийг мэргэжлийн талаас нь би хэлж өгнө. Тэр нь тухайн үедээ маш нууц байсан. Одоо ч мэдэх хүн л ярина уу гэхээс олон хүн мэдэхгүй дээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.