Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улс задрал уу биш нэгдэл руу явна

2019-06-18 16:17 72 admin
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз тэргүүтэй хэд хэдэн телевизийн сэтгүүлчидтэй шууд ярилцлага хийлээ. Энэ нь ямар нэгэн тавилт, монтажгүй шууд ярилцлага байв. УИХ-ын дарга Г.Занданшатар уг ярилцлагын үеэр гагцхүү Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултанд нээлттэй хариулсан юм.
Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой эргэлзээ нийгэмд бий болж буй цаг үетэй давхацсанаараа уг ярилцлага ихээхэн ач холбогдолтой боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нь УИХ-ын дарга болохоосоо өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байсан юм. Мөн тэрбээр Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачлан батлуулж, иргэдээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн 5,6 сая саналыг авах боломжийг олгож байсан нэгэн юм.
Түүний хариултуудаас онцлон хүргэж байна. 
1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ маш амжилттай биелүүлсэн.
Үндсэн хуулийг өөрчлөхийг нийгэм шаардсан учраас бид өнөөдөр гар хүрэх гэж байна.
Ганцхан энэ парламентаар бус сүүлийн 10 жил, гурван парламент дамжиж яригдсан төсөл.
Үндсэн хууль судлаачид, ярьдаг, хэлдэг бүх хүмүүс өөрчлөх нь зүйтэй гэж ерөнхийдөө санал нэгдсэн.
 -2000 оны Үндсэн хуулинд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг засна.
-Давхар дээлийг тайлна.
-Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг  2010 онд нэрт хуульч Б.Чимэд санаачилсан. Журмын тухай хуулийн дагуу одоогийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх боломжгүй.
-Суурь хуулинд нэмэлт өөрчлөлт асуудал гурван парламент дамжин яригдаж, Ерөнхийлөгч болон намуудаас санал авсан төсөл.
2010 онд 31, 2011 онд 41, 2015 онд 47, одоо 62 гишүүн өргөн барьсан нэмэлт өөрчлөлт. Нэг нам, нэг УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт оруулж байна гэдэг өрөөсгөл ойлголт юм. Дээрх гишүүдийн өргөн барьсан нэмэлт өөрчлөлттэй одоогийнх 70-80 хувь адилхан асуудал бий.
-Үндсэн хуулинд “Газар, газрын хэвлий, байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна” гэж заасан. Үүнийг төрийн өмч гэж заасан. Цөөхөн хэдэн хүн баяжих хэрэгсэл биш нийт ард түмэндээ хүртээмжтэй төр ашиглана гэж оруулж өгсөн.
-Ард түмний шүүлтүүрээр гарч ирсэн  УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт орж амлалт, мөрийн хөтөлбөрийг сануулна.
-Ерөнхий сайд Засгийн газрын кабинетаа бүрдүүлж хариуцлагаа хүлээдэг зарчим баримтална.
-УИХ-ын гишүүд 75-аас дээш хоногоор хуралдана. Сайд нарыг томилохоо больсон. Хууль тогтоодог, батладаг зарчим руугаа явна гэсэн үг.
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал нээлттэй үлдсэн.
Ерөнхийлөгчид таалагдахгүй бол Ерөнхий сайд огцорсон жишээ олон бий. УИХ-ын 19 гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулж байсан тохиолдол ч бий. Одоогийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ Ерөнхий сайд тодорч Засгийн газрыг огцруулна.
-Үндсэн хууль бол ард түмний хүсэл эрмэлзлийн тунхаг бичиг болохоос хөтөлбөр биш юм. Тийм учраас хэлэлцэх үүд хаалгыг нээж өгөөд хууль эрхзүйн хувьсгал хийнэ.
-Үндсэн хуулиа өөрчлөх эсэхийг зөвхөн ард түмэн шийднэ.
-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ иргэд сонгогчиддоо энэ төслийг танилцуулна. Дахин санал авч ирнэ. Түүнийг нь хэлэлцэнэ.
-УИХ-ын гишүүдийн 4/3 нь дэмжвэл энэ хуулийг батална. Маш хатуу шалгуураар орж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилт ил болох талаар тусгасан.
-Улстөрийн намууд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болно.
-УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо шалгасан асуудлаа шүүхэд өгч болно.
-Сумын Засаг даргыг иргэд сонгоно. Төлөөллийн ардчиллыг бий болгоно.
-Аймгийн төвүүд хот байх эрхзүйн үүдийг нээж өгч байна. Дархан, Эрдэнэт хот болно.
-Төрийн ой санамж, төрийн албан хаагчдыг тогтвортой ажилуулна.
-Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг л удаа томилдог болно.
-Цөөнхийн эрх мэдэл хангагдахаас гадна Хяналт шалгалтын хэсэгт заавал орно.
-Засгийн газар тогтвортой гэхээсээ илүү хариуцлагатай ажилладаг болно.
-Монгол Улс задрал уу биш нэгдэл руу явна.
-Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулинд оруулбал нэгдсэн ойлголтод хүрээгүй.
-Иргэд шүүх тогтолцоондоо илүү итгэдэг болно.
-Хэн нэг даргын, улстөрийн намын захиалгаар ажилладаг шүүгч гэж байхгүй болно.
-Эцсийн дүндээ шударга ёсыг тогтоохын тулд л ийм өөрчлөлт хийж байгаа юм.
-Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт МАН, АН-ын дотоод асуудал биш. Ард түмний хөгжил, дэвшлийн асуудал юм.
-Дордуулсан 7 өөрчлөлт, шүүхийг өөрчилъе, байгалийн баялгийн тэгш хуваарилалт, давхар дээлээ тайлах гэх мэт асуудлуудыг улс төрийн хүчнүүд олон жил ярьсан. Санал нэгдсэн гэж ойлгож ирсэн.
-Тогтолцооны хямрал гэхээсээ илүү сахилга хариуцлагатай байх үе рүү явж байна. Эрх мэдлийн тэнцэтгэл алдагдсан байна.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2030 он гэхэд ЯДУУРАЛ БҮРЭН арилна. Иргэдийн амьдрал сайжирна. Ийм үр дүнг хүлээж байгаа хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ…

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.