Г.Батжаргал: Ирэх онд 96 тэрбумын 100 гаран ажил арга хэмжээ Баянхонгор аймагт хийгдэнэ

2018-10-15 13:00 314 admin

Өнөөдөр Баянхонгор сумын 3, 4, 5-р багийн иргэд Иргэдийн нийтийн хурлаа хийсэн юм. Хуралд аймаг сумын удирдлагууд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.

Хурлын үеэр Засаг дарга Г.Батжаргал аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газраас хийж хэрэгжүүлж буй ажил, хийхээр зорьж буй бодлого хөтөлбөр, ажил арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл хийлээ.

Ирэх онд 96 тэрбум төгрөгийн төсөв бүхий 100 гаруй ажил арга хэмжээ Баянхонгор аймагт хийгдэнэ. Ингэхдээ бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, тусгай төсөл хөтөлбөр, иргэдийг ажил орлогтой болгох тал дээр дэмжсэн бодлогын шинж чанартай томоохон ажлууд тусгаснаа Засаг дарга ярианы эхэндээ онцлон тэмдэглэв.

Тухайлбал 2019 онд шинэ суурьшлын бүсийн ажлыг эхлүүлнэ. Газраа өмчлүүлж, гэрэлтүүлэгтэй болгох, цэцэрлэг сургууль барих гээд олон ажлыг ар араас нь төлөвлөөд байгаа юм байна. Урьд нь газар өмчилж авч байгаагүй зэрэг шалгууртайгаар 1600 орчим иргэнд Нисэхээс урагш байрлах “Шинэ суурьшлын бүсэд” газар өмчлүүлэх бол 5-р багт 160 айлын “Залуучууд” хороололыг байгуулан хуулийн дагуу 0,7 га газрыг өмчлүүлэх зэргээр нийт 1800 орчим иргэнд бодитоор газар өмчлүүлэх ажил хийгдэх юм байна.

Мөн зорилтот бүлгийн залуу гэр бүлүүдэд чиглэсэн 240 өрхийг хамруулсан тариалалтын төсөл хэрэгжүүлэхээр зорьжээ. Эдгээр 240 өрхөд Бумбатад газар олгон орчин үеийн шаардлага хангасан дулаан хүлэмжийг байгуулж өгнө. Өрхүүд тэндээ тариа ногоогоон тариалан өрхийн амжиргаагаа дээшлүүлэх боломжоор залуучуудыг хангах юм байна.

Утааг бууруулах зорилгоор ирэх онд 4-р багийн дулааны шугам сүлжээний эхний ажлын санхүүжилт 700 саяыг орон нутгийн төсөвт суулгахаар төлөвлөжээ. Дулааны шугам сүлжээ нь хувийн орон сууцыг дулаанаар, гэрт амьдардаг айл өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах нөхцөлтэй юм байна.

Ийнхүү хурлын үеэр аймаг орон нутагт хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажлынхаа талаар Засаг дарга иргэдэд тодорхой мэдээллийг өглөө.

Эдгээр ажлыг 2019 онд Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан ба шаардлагатай төсвийг батлуулахаар аймгийн ИТХ-д өргөн бариад байгаа аж.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.