Г.Батжаргал: Баянхонгорчууд хэн бэ гэдгийг харуулах түүхэн цаг хугацаа ирчихээд байна

2019-03-14 13:18 242 admin

“Улстөрч” сэтгүүлийн энэ удаагийн онцлох зочноор Баянхонгор аймгийн Засаг дарга Гончигдоржийн Батжаргал оролцож байна. Тэрбээр инженер мэргэжилтэй, сум орон нутгийн хөгжил дэвшилд өөрийн бие, оюун санаагаа зориулж яваа, чадварлаг менежер хүн юм. 2008-2012 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2012-2016 онд аймгийн Монгол Ардын намын дэд дарга, 2016 оноос аймгийн Засаг дарга, 2017 оноос Баянхонгор аймгийн МАН-ын даргаар тус тус ажиллаж байгаа туршлагатай улстөрчдийн нэг юм. Бид түүнтэй аймаг хэмээх их айлын ажил, амьдрал болоод ойрын ирээдүйд бий болох хөгжил дэвшлийн талаар хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй цаг дор нээлттэй яриа өрнүүллээ.

-2016 оны сонгуулиар Баянхонгор аймагт МАН ард иргэдийн дэмжлэгийг авч танай нам олонх болсон. Танай намын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ?

Бид амласандаа хүрч, хийх ёстойгоо хийж байна. Аймгийн ИТХ Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017, 2018 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 90-ээс дээш хувийн биелэлттэй байна гэсэн үнэлгээ, дүгнэлтийг өгсөн. Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 70 гаруй хувийн биелэлттэй байна. Бид ажиллана, аймаг орон нутгаа хөгжүүлнэ гэж амласан болохоор түүндээ хүрэхийн төлөө тасралтгүй ажиллаж байна. Өмнөх үеийн удирдлагуудын үед шийдэгдэж чадаагүй, амжаагүй, эхлүүлсэн олон ажлыг бид амжилттай биелүүлж, хийж чадсан. 2020 оны сонгуульд хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй, иргэдээс хангалттай үнэлгээ авахаар байгааг иргэд хөдөлмөрчиддэй уулзах уулзалт бүрээс харж болно.

Тухайдбал? Өнгөрсөн онд өрнөсөн онцлог ажил, арга хэмжээний талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

Бид аймгийнхаа эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр Аялал жуулчлалыг сонгож аймгийн ИТХ-аас баталсан байдаг юм. Энэ хүрээнд аймгийнхаа аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн тогтоож, гадаад, дотоод зах зээл дээр сурталчилж, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайландын хамтын ажиллагааны нийгэмлэг, Үндэсний хөгжлийн газруудтай хамтарч нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бий болгох, аялал жуулчлалын бааз суурийг хөгжүүлэх тал дээр хамтарч 30 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дээрх бодлогыг улам эрчимтэй хөгжүүлэх нөхцөл бүрдсэн. 2018 онд бид Баян-Ойт сургууль цэцэрлэгийн цогцолборыг бүтнээр нь, 520 ортой хүүхдийн эмнэлэг, 280 хүүхдийн цэцэрлэг, ахуйн үйлчилгээний барилга, Тагнуулын газрын барилга, Төрийн архивын барилга, хоёр сумын тамгын газрын барилга, гурван сумын соёлын төвийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг  хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээж аваад байна.

Нөгөө талаар бид иргэдийн амьдралд нийцсэн олон чухал шийдвэр гаргалаа. Аймгийн төсвөөс 190, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргаад зөвхөн аймгийн төвд амьдардаг 200 гаруй өрхийг “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийн хүрээнд малжууллаа. Сүүлийн хоёр жил дараалан улсдаа анх удаа манай аймаг амьжиргааны баталгаажих төвшснөөс доогуур орлоготой, ЕБС-аа онц төгссөн 240 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж, тусгайлан хөтөлбөр хэрэгжүүллээ.  Нийгмийн маань эмзэг хэсэг болсон өрх толгойлсон ээжүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд 100 гаруй өрхөд өргөө гэр олгосон. Энэ мэтээр нийгмийг хамарсан олон чухал ажлыг санаачлан хийсэн байна.

Унаж байсан эдийн засаг сүүлийн хоёр жилд эргэн сэргэж байгааг эдийн засагчид онцолж байна. Тэр хэрээр орон нутагт төлөвлөсөн ажил, арга хэмжээг хийж гүйцэтгэх боломж өмнөх оноос нэмэгдэж байна уу?

Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд иргэдийн амжиргаанд шууд нөлөөгөө үзүүлэхээс гадна аймаг орон нутгийг удирдаж байгаа бидний хувьд бодож төлөвлөснөө хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. 2019 онд манай аймагт долоон сургуулийн барилга, хөдөө сумдад таван сургууль, долоон суманд соёлын төв баригдана. Олон жил яригдсан дулааны цахилгаан станцын барилга шинээр баригдаж эхэлнэ. Мөн махны үйлдвэрийг ирэх ондоо багтааж 100 хувь ашиглалтад оруулах зорилго тавьсан.

Нэг ажлыг шийдвэрлэхэд түүнийг дагаад олон эерэг үр дүн гарч байхыг төрийн бодлого гэж ойлгодог. Та бүхний бодлого ийм үр дүнд хүрч чадаж байна уу?

2018 оныг сахилга хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарласан. Ерөнхий сайдын 01 албан даалгаврыг бүх аймагт хэрэгжүүлсэн. Гэтэл манай хөдөө суманд, газрын мухар, усны адагт малчиддаа төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчид маань майжгий байшинд, жаажгий ширээний ард, яажгий сандал дээр суудаг. Сумдын удирдлагууд унах унаагүй, төрийн нэрийн өмнөөс албан үүргээ гүйцэтгээд л явж байна. Тиймээс бид энэ хоцрогдсон байдлыг халж Баянхонгор аймгийн бүх сум, багийн дарга нараа туулах чадвар сайтай, хөдөөгийн замд тохирсон унаатай болголоо. Хоёр ч сумын ЗДТГ-ын барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулсан. Эхлээд нийгмийн асуудлыг нь  шийдчихээд бид харин хариуцлагаа хатуу нэхэж, ажлын үр дүн шаардах ёстой.

Нөгөө талаас бид иргэдийг байнгын ажлын байранд зуучлах ажлыг санаачилан хийж байна. Энд залуу, олон ам бүлтэй, мэргэжилтэй гэр бүлийг хамруулахаар зорьж байна. Ямар нэг нам, чиглэл харгалзахгүйгээр залуу гэр бүлийг дэмжье гэж шийдсэн. Манай аймагт хоёр хүүхэдтэй, дөрвөн ам бүлтэй, тэгсэн хэрнээ ажилгүй залуу гэр бүрүүд байна. Тэднийг дэмжиж байж орон нутагт залуучууд ажиллаж, амьдарна. Хүн ам маань өсч, эдийн засаг сайжирна шүү дээ. Тэгэхээр энэ бодлого нь өрхийн нэг иргэнийг тогтвортой ажлын байраар хангах замаар өрхийн орлого, хүн амаа дэмжсэн ажил юм. Сүүлийн нэг жилд энэ зарчмаар 10 хүнийг байнгын тогтвортой ажлын байранд холбож өгчээ.

-БАЯНХОНГОР СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ БҮС БОЛОХ БОЛОМЖ БИЙ-

-Зам дагаж хөгжил ирдэг. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 129,2 километр авто зам тавигдлаа. Замын ажил бүрэн дууссан уу?

Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн дагуу тавигдаж буй Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,2 км хатуу хучилттай авто замын ажил 2017 оны зургадугаар сард эхлээд 2018 оны сүүлээр 116 км автозамын хэсэгчилсэн нээлт хийсэн. Үлдсэн 13 км замыг энэ оны долдугаар сард багтаан дуусгана. Энэ замыг барьж байгуулахад БНХАУ-ын “Шанхай констракшин” ХХК-тай Монголын дөрвөн компани хамтарч ажилласан. Гадны ур чадвар өндөр, туршлагатай компанитай хамтарч ажилласан дотоодын аж ахуй нэгжүүд тэдний ажлын арга туршлага, хурд, ажлын бүтээмж, чанар зэргийг суралцаад үлдэнэ гэдэг бол зам тавьснаасаа ч илүү үр дүнтэй, ач холбогдолтой юм. Цаашдаа дотоодын аж ахуй нэгжүүд бие даагаад орон нутгийнхаа замын ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломж нээгдсэн гэсэн үг.

-БНХАУ-с ОХУ-руу холбогдох босоо тэнхлэгийн авто замын төсөл Баянхонгор аймгаар дайран тавигдана гэсэн. Энэ талаар ямар мэдээлэл өгөх вэ?

Манай аймаг хэвтээ тэнхэгийн замд бүрэн холбогдчихсон. Босоо тэнхлэгийн зам манай газар нутгаар дайран өнгөрөх зураглал бий. Бид энэ замыг өөрийн аймгаар дайран өнгөрүүлэх сонирхол өндөр байгаа, түүний төлөө ажиллана. БНХАУ-ын  Шивээ хүрэн-Цехегийн боомт, Өмнөговийн Гурвантэс, Баянхонгорын Баян-Өндөр, Завхан аймгаар дамжаад ОХУ-тай холбогдох босоо тэнхлэгийн автозамын ажил хийгдсэнээр Баянхонгор хэвтээ болон босоо чиглэлд холбогдсон стратегийн онцгой ач холбогдолтой бүс нутаг болох юм.

-БАЯНХОНГОРЧУУДАА БИЕ ЭРҮҮЛ, УХААН САРУУЛ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА-

-Боловсрол чухал салбар. Таны хэлснээс үзэхэд боловсролын салбарт бүтээн байгуулалт өрнөж, сургууль, цэцэрлэгийг олноор байгуулж байгаа юм байна. Нөгөө талдаа Баянхонгор аймаг ЭЕШ-ын улсын дүнгээр хойгуурт орсон. 800 оноо авдаг сурагч цөөхөн байна. Энэ салбарт цогц шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн дүгнэсэн байна лээ. Та бүхэн ямар бодлого баримталж байна?

Боловсролын салбар аливаа бодлогын тэргүүн эгнээнд явах ёстой. Манай аймаг 60-80-аад онд улсын хэмжээнд тэргүүлдэг, толгойд яригддаг байсан бол сүүлийн жилүүдэд сүүл мушгидаг боллоо. Тэгэхээр боловсролын салбарын эрс өөрчлөлт хийх цаг болсон.  Сайн багшаас сайн сурагч бэлтгэн төгсгөдөг. Тийм учраас бид энэ салбарын чанарт өөрчлөлт авчрахын тулд “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Манай аймагт ажилд ороод нэгээс таван жил болсон залуу багш нарын ерөнхий болон суурь мэдлэг маш хангалтгүй байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит ур чадварын дөрвөн удаагийн шалгалт авахад эхний үед хангалттай үнэлгээ авч тэнцсэн багш нар тун ховор байсан. Харин шалгалтаас шалгалтын хооронд багш нарын үзүүлэлт сайжирч, ажил, мэргэжилдээ хандах хандлага, өөрийгөө хөгжүүлэе гэсэн хүсэл эрмэлзлэл нэмэгдсээр байна. Энэ ажлыг эхлүүлж байхад багш нарын мууг үзэж байна гэдэг шүүмжлэл гарч байсан бол одоо багш, эцэг эхчүүд эергээр хүлээн авах болсон.  Бид энэ үр дүнг бататгаж, бодлогоо 2019 онд үргэлжлүүлэхдээ залуу багш нарын чуулга уулзалтыг зохион байгуулж, ахмад багш нар болон бусад аймаг, нийслэлийн сайн сургуулиудад багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах, зочин багшийг урьж авчирах зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Ингэж системтэйгээр салбарын шинэчлэлийг хийнэ.

-Эрүүл мэндийн салбарт бас л шүүмжлэл өрнөдөг шүү дээ. Очерь ихтэй, эмч, эмнэлгийн харилцаа хандлага муу гээд л … Танд ийм зүйл мэдрэгддэг үү?

Шүүмжлэлийг хүлээж авалгүй яахав. Гэхдээ шалтгаан нөхцлийг нь нягталж харах хэрэгтэй. Манай аймгийн эмч нарын мэдлэг ур чадвар үнэхээр сайн. Улсын жишиг гэж хэлж болно. Машин дотор, малчны хотонд ч очоод мэс засал хийж эрдэнэт хүний амь насыг аварсан жишээ олон бий. Хэл ам дагуулаад байгаа гол зүйл нь хувь эмчийн ёс зүйн асуудал. Харилцаа хандлагын тал дээр үнэхээр шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал Амбулаториор үзүүлдэг иргэд их бухимддаг. Эмч нарын өдөрт үзэх хүний тоо, үзэх цаг хязгаартай байдаг. Хуучин, муу байртай, шаардлага хангаагүй өрөөнд суугаад янз бүрийн нөхцөл шалтгаанаар ирсэн өвчтөнүүдтэй харьцаж, үйлчилнэ гэдэг чинь амар зүйл биш. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдыг аймагт айлчлах үеэр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулторийн барилгыг шинээр бариулахаар болсон. 2019 оны төсөвт зардал нь туссан. Удахгүй ажил нь эхэлнэ. 19 сумынхаа эмнэлэгт түргэний авто машины шинэчлэл хийсэн. Өвөл бага насны хүүхдүүдийг хамарсан томуугийн хүрээний өвчлөл өндөр байлаа.  Хүүхдийн тасаг нь ачаалал ихтэй учраас хүүхэд бүрт хүрч үйлчилж чадахгүй. Ийм учраас 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг 2018 онд барьж ашиглалтад хүлээж авлаа.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаггүй, хүрдэггүй иргэд бас байх юм. Тэдэнд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

Баянхонгор аймагт өвчлөл өндөр. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй хэсэг бүлэг ч бий. Өнгөрсөн онд тэдгээр зорилтод бүлгийн иргэддээ зориулж аймгийн төсвөөс 16 сая төгрөг гаргаж, 300 гаруй иргэний эрүүл мэндийн даатгалыг төлж, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулсан. Амьдралын боломжгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй иргэд олон байна шүү дээ. Мөн “Хавдаргүй Баянхонгор”, “Халдварт өвчингүй Баянхонгор”, “Элэг бүтэн Баянхонгор” зэрэг аян өрнүүлж, иргэн нэг бүрийг эрүүл мэндийг үзлэгт хамруулах чиглэл баримталж байгаа ч иргэдийн оролцоо, идэвх, мэдээлэл муу байна. Баг дээр нь очоод үнэгүй үзлэг явуулахад түүнд хамрагдахгүй байна.

-Баянхонгор аймаг улсдаа малын өвчлөлгүй, эрүүл аймаг. Засгийн газраас хэрэгжүүлж буй 21:100 үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт мах боловсруулах болон арьс, шир дахин боловсруулж, дараагийн үйлдвэрт нийлүүлэх жижиг үйлдвэрийн төслүүд нэлээд байгуулагдсан. Үр дүн нь хэр байна вэ?

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой нэмэгдсээр байна. Гэтэл бэлчээр хомс. Малын тоо, бэлчээрийн зохист харьцаа алдагдсанаас болж бэлчээрийн доройтол, цөлжилт ихээр бий болж байна. Тиймээс аймгийн ИТХ-аас Бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журмыг батлан гаргасан. Энэ журам нь тухайн сумын нэг өрхийн малын тоо толгой, бэлчээрийн хэмжээг зохист хэмжээнд байхаар тооцож гаргасан юм. Хэрэв тогтоосон хэмжээнээс малын тоо толгой хэтэрвэл хэтэрсэн малынхаа хонин толгойд шилжүүлсэн тоо хэмжээгээр татвар төлж, тэр мөнгийг нэгдсэн санд төвлөрүүлээд эргээд бэлчээрийг сайжруулахад зарцуулдаг байхаар зохицуулалт хийж өгсөн. Сумд энэ үлгэрчилсэн журмыг жишиг болгож өөрийн сумандаа тохируулан сумынхаа журмыг батлаад явах юм. Энхнээсээ сумдууд баталж, мөрдөж эхлээд байгаа. Ингэж хаа хаанаа хариуцлагатай МАА-н салбарыг төлөвшүүлж байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Монгол мал” хөтөлбөрийн хүрээн махны экспорт нэлээд амжилттай хэрэгжлээ. Баянхонгор аймгийн энэ бүс нутаг улсдаа эрүүл малын махтай бүс нутаг. Ийм учраас малчид малаа нядалж зарж, өрхийн эдийн засгаа дэмжсэн. 2019 оны хавар Баянхонгор аймагт 800 гаруй мянган шинэ төл хүлээж авна гэсэн ерөнхий тооцоо байгаа.  “Ноолуур” төсөл маш амжилттай хэрэгжсэн. Энэ төсөлд олон малчин хамрагдаж, ноолуураа тогтвортой, өндөр үнээр худалдаж, улмаар манай иргэдийн хадлагамжийн хэмжээ 2017-2018 онд гэхэд 70-106 тэрбум төгрөгт хүрсэн. Харин түүхий эдийн үнэ тийм ч таатай биш байна. Түүхий эдийг үнэд хүргэх зорилгоор арьс, шир боловсруулах жижиг оврын үйлдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нар тойргийнхоо 13 сумд хувийн хөрөнгөөрөө байгуулж өгсөн. Үр дүн эхнээсээ гарч байгаа шүү.  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн дээрх тоног төхөөрөмжийг аваад, сургалтад хамрагдсаны үр дүнд 500 төгрөгийн үнэтэй хонины нэхийг элдэж боловсруулаад Улаанбаатар хотын үйлдвэрт нийлүүлээд 20 гаруй сая төгрөгийн ашиг олсон. Энэ жишгийн дагуу Эрдэнэцогт, Өлзийт сумдын үйлдвэрүүд амжилттай байна. Харин зарим иргэд дэмжээд, тоног төхөөрөмж олгоод байхад түүнийгээ ашигладаггүй, өөр бизнес хийх зэргээр идэвхгүй байна. Ямартай ч энэ төслийг цааш хөгжүүлэх юм бол Баянхонгор аймаг алсдаа малын гаралтай түүхий эдийн хаягдалгүй болох ирээдүй харагдаж байна.

-ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ИРГЭДЭД ОЛГОСОН-

-Үйлдвэрлэл хөгжиж байж, аймаг, орон нутгийн эдийн засагт “гэрэл” асна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ хэрхэн санхүүжүүлж, дэмжиж байна вэ?

Орон нутгийн бизнес эрхлэгчид, тэр тусмаа жижиг дундынхныг бодлогоор дэмжих нь аймгийн удирдлагуудын үүрэг. Бид алгаа тосоод тусламж гуйдгийг нь бус дөрвөн мөчөө хөдөлгөн хөдөлмөрлөж, нэг ч гэсэн хүнийг ажилтай болгохын төлөө тэмцэж, татвараа төлж байгааг нь илүү дэмжих ёстой. Манай аймгийн иргэд ясны хөдөлмөрч, зах зээлийн нийгэмд овсгоотой, гүйх ухаантай хүмүүс. Юм хийх гэсэн мянган санаа байгаа ч бас мөнгөгүй бол үнэхээр хүнд. Хийе, бүтээе, аймаг орны хөгжилд өнгө нэмж, орлоготой, ажилтай болоё гэсэн иргэдээ аймгийн зүгээс бодитоор дэмжиж байна. Бид 2017 оноос аймгийн төсвийн орлогын эх үүсвэрийг дайчлаад 560, 2018 онд 400 сая төгрөгийн эх үүсвэр гарган жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан үүсгээд гуван жилийн хугацаатай хүүгүй зээл олгосон. Одоогийн байдлаар 40 гаруй аж ахуй нэгж зээлээ аваад, бизнесээ хөгжүүлээд явж байна. Эхний олгосон 560 сая төгрөгөөс 300 гаруй сая нь эргэн төлөгдөнө. Түүгээр дараагийн хүмүүсийн бизнесийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгоно. Хэн нь хөдөлмөрлөж байна, түүнийг бид дэмжинэ. 2017 онд 11,3 хувтай байсан Баянхонгор аймгийн ажилгүйдлийн түвшин 2018 оны гуравдугаар улирлын байдлаар гурав дахин буурч 3,9 хувьтай болсон.

Нөгөө талаар орон нутагт очих ёстой ЖДҮХС-ийн мөнгө зүй бусаар зарцуулагдчихсан. Улс даяар шуугин тавьсан. Хэрэв энэ мөнгө хэвийн олгогдсон бол Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлд олон шинэ бизнес цэцэглэн хөгжих боломж байлаа. Харамсалтай нь энд алдаа гарчихсан. Бид ч аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ажил хөдөлмөрийг дэмжиж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн зорилтоо бүрэн биелүүлэх  боломжоо тэр хэмжээгээр алдсан.  ХХААХҮ-ийн сайд Улаан аймгийн удирдлагуудтай уулзахдаа энэ жилийн ЖДҮХС-гийн 50 хувийг орон нутагт хуваарилах тухайгаа хэлж байсан. Тэгэхээр энэ яриа ажил хэрэг болвол бид энэ онд төлөвлөсөн ажлаа хийх санхүүгийн тодорхой эх үүсвэртэй болно гэсэн үг.

-АШИГТ МАЛТМАЛЫГ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭНЭЭС ХАМААРЧ ЗАСГИЙН ГАЗАР, АЙМАГ, СУМД ШИЙДДЭГ БОЛВОЛ ЗӨВ БОЛОВ УУ-

-Байгалийн баялгийн асар их нөөцтэй учраас “БАЯН” гэсэн үг аймгийн нэрэнд орсон ч байж мэдэх. Баялагтаа эзэн болох, түүнийг зүй зохистой ашиглах талаар та бүхэн ямар бодлого барьж байна вэ?

Шороон ордын илэрц түгээмэл бий. 1996 онд хэрэгжүүлсэн “АЛТ” хөтөлбөрийн туршилтын гол золиос нь манай аймаг болсон. Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилт, хяналт сул байсан учраас баахан онгорхой цоорхой газар үлдсэн. Байгалийн нөхөн сэргээлт гэж байхгүй, тэр нүхнүүдийг буцааж булах зорилгоор  2011 онд аймгийн ИТХ-аас “Олборлолт хийгдсэн ашигт малтмалын ордын хаягдал нөөцийг хэрэглэж, түүгээрээ өөрийгөө санхүүжүүлж улмаар байгаль орчныг нөхөн сэргээх” гэсэн журам гаргаж түүнийг хэрэгжүүлж, байгаль орчноо хамгаалж байх шийдвэр гаргасан. 2009 онд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 708 га талбай эвдэрсэн гэсэн тоо гарч байсан. Тэгвэл бид сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ тоог хоёр дахин бууруулж 300 гаруй га эвдэрсэн талбай үлдээд байна.

-Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хичнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

Хууль бус ашиглалт хийсэн, бичиг баримтын бүрдэл дутуу л бол тэр компани манай аймагт үйл ажиллагаа явуулах эрх үүсэхгүй. Хайгуулын тустай зөвшөөрөлтэй 99, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 57 компани байдаг. Энэ 57-гоос 20 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байна. Бид олборлолт хийх гэж байгаа бол зам харгуй, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдчихээд дараа нь тээвэрлэлтээ хий, байгаль орчин бохирдуулж, хордуулж болохгүй шүү гэдгийг хэлдэг.   Уул уурхайн, ашигт малтмал олборлох зэрэг асуудалд манай төр нэгдсэн, нэг бодлоготой болох ёстой. Эсвэл лиценз олголтыг багасгаж, тоо хэмжээг цөөлөх хэрэгтэй. Илэрсэн ордыг ашиглуулах эсэхийг улс өөрөө мэддэг. Үндэсний хэмжээний их ордыг төр мэддэг, арай бага нөөцийг аймаг шийддэг, түүнээс багыг нь сум орон нутгийн иргэд шийддэг байх жишгээр ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах зарчмаар шийдэж болох юм.

-Галуут, Баян-Овоо, Заг, Гурванбулаг гэх сумдад зөвшөөрөлгүй хайгуул, олборлолт явуулж, байгаль орчин сүйдэж байна гэж ярьдаг. Аймаг орон нутгийн зүгээс ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс дээрх аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авч байна вэ?

Хариуцлагагүй уул уурхайгаас үүдээд энэ салбарт итгэх итгэлээ алдчихсан иргэд нутаг орноо хамгаалахаас өөр аргагүй. Галуутын “Цагаан дугуй” гэдэг газар лицензтэй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах гэж байгаад нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Бид иргэдийнхээ талд зогсож, тухайн газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол гаргуулсан. Ингэж авч үлдсэн. Заг суманд “Булгийн эх” гэдэг газарт мөн л хайгуул хийхээр нэг компани, Гурванбулаг сумын Хүрэн гангад үйл ажиллагаа явуулахаар нэг компани мөн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад хоёр жил гаран болоод гацсан байна.  Энэ мэтээр иргэдийн тэмцэл өрнөсөн хэвээр байна. Тийм ч учраас дээрх компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаас өөр аргагүй. Гол мөрний урсац бүрэлдэх газарт олборлолтын үйл ажиллагаа явуулж болохгүй гэж үзэж байгаа. Харамсалтай нь тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй байгаад асуудал байна.

-Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирт байгаа алтны уурхайг  хүний эрх зөрчиж, химийн хортой бодис ашиглаж, улмаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж яригддаг. Мөн таныг энэ компанитай холбоотой ч гэх яриа ч бас гарч байна. Энэ бүхэн үнэн үү?

Баян-Овоо сумын нутаг дахь цагаан цахирын бүлэг ордод Спишил Майнз гэх компани лицензийн эрхтэй байдаг. 2004-2007 онд БНХАУ-ын аж ахуй компани үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үедээ зөрчил гаргаад мал амьтан хордуулсан учраас үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгээд гарахдаа лицензээ өөр компанид зарчихаад явсан юм билээ. 2015 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа тус компанитай холбоотой гомдол, хэл ам тасрахгүй л байна. 2019 он гарсны дараахан нэрээ өөрчилж “Наран мандал” ХХК гэсэн нэртэй болж үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд аймагт жилд 300 гаруй сая төгрөгийн татаас өгдөг. Хууль бус зүйл, бичиг баримт дутуу гэх зөрчил байхгүй. 2017 онд үйлдвэрлэл явуулж байсан газар мөнгөн ус алдагдаж  улмаар нэг иргэний бие муудсан. Тус компаниас бүх зардлыг нь даагаад эмчилгээнд явуулсан. Ийм зөрчил гарсан учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлуулъя гээд холбогдох бичиг олон удаа явуулсан ч цуцлах хэмжээний зөрчил гаргаагүй байна гэж үздэг юм билээ.

-380 ЖИЛИЙН ОЙГООР 380 БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛНЭ-

-Энэ жил Баянхонгорчууд Монголын бурхны шашны түүхэн зүтгэлтний нэг Ламын гэгээний мэлмий гийсний 380 жилийн их ойг тэмдэглэнэ. Их хөрөнгө, цаг хугацаа шаардсан том ажил. Бэлтгэл ажилдаа орчихсон биз дээ?

Монголын бурхан шашны гурван зулын нэг, Эрдэнэ Бандида хутагт Хамба номун хан Ханчинчойжил, ламын гэгээн Лувсанданзанжанцангийн түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжийшинэнд даншиг өргөх их наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, төвийн бүсийн их хурд наадмыг бид зохион байгуулна. Нэрнээсээ эхлээд энэ наадмын утга учир, цар хүрээ ямар том бэ гэдэг нь харагдаж байгаа байх.

Ламын гэгээн бол бурхны шашны түүхэн зүтгэлтэн, Их эзэн Чингис хааны алтан ургийн удам залгасан хүн. Уламжлалт эм, эмчилгээний салбарыг нээн хөгжүүлсэн, одон зурхайг нээсэн гэх зэрэг түүхэн үүрэгтэйгээр амьдарсан бие хүн юм билээ. 1999 онд Засгийн газрын тогтоол гарч энэ хүний хийж бүтээсэн зүйлийг сурталчлах зорилгоор анх 360 жилийн ойг тэмдэглэж байсан бол энэ жил 380 жилийн ой тохиож байна.  Энэ ой их онцлогтой болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ламын гэгээний наймдугаар дүр доторч, бурхны номд шамдан суралцаж байгаа. Гэгээнтэн маань морилон ирэх учраас бид ёслол хүндэтгэл төгөлдөр зохион байгуулах ёстой. Нөгөө талаар Монгол төрийн ноён оргилд хонгорчууд зонхилогчийн үүрэг гүйцэтгэж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга сонгогдсон энэ аймгийг сонирхох иргэд, жуулчдын тоо нэмэгдэж байна. Тийм учраас улс төр, оюуны салбарын шилдгүүд төрсөн уугуул нутаг шүү гэсэн агуулгыг харуулах хэмжээний томоохон баяр зохион байгуулна.

-Даншиг наадам, ойн баяр хэдийгээр болох вэ?

Даншиг наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж хйих ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Ойг долдугаар сарын 26-29 –ны өдрүүдэд зохион байгуулъя гэсэн саналаа Засгийн газарт өгсөн. 380 бүтээлч ажлыг өрнүүлнэ. Гадна дотнын зочид төлөөлөгчид Баянхонгор аймагт хүрэлцэн ирээд танай сайхан нутгаас төр, нийгэм, урлаг, соёлын томчууд тодрохгүй яахав дээ гэсэн бодол төртөл сэтгэл ханамжтай, таатай байх хэмжээнд зохион байгуулалтын ажил өрнүүлэх ёстой.  Баянхонгор аймаг бол түүхийн, соёлын, төр нийгмийн зүтгэлтнүүдийн, ажил амжилтаараа бахархсан, бусад хүмүүсийн үндсэрхэг үзлийн омогшлыг харуулсан тийм агуулгыг тод харуулахыг хичээж байна. Энэ хүрээнд Ламын гэгээний үүсэл гарах, түүний бүтээсэн, бурхны шашин дахь оролцоог дэлхий дахинд сурталчлах зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний симфузим зохион байгуулна. Мөн ойн хүрээнд иргэдийнхээ аж амьдралд бодит өөрчлөлт оруулах төрийн үндсэн ажил, арга хэмжээг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал 380 жилийн ойгоор 380 бүтээлч ажлыг санаачилан хийх болно.

Ярилцсанд баярлалаа…

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.