Галуут сум

2018-03-07 15:34 1159 admin

Баянхонгор аймгийн Галуут сум Монгол Улсын нэгэн түүхт хошуу, түүхт сум юм. Халхын 3 хошуу Цогтой гүн, Дархан гүн, Номун хан шавь одоогийн Галуут Бөмбөгөр Баацагаан сумын түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой.

1923 онд Цогтой гүний хошууг Баянхонгор хайрхан уулын хошуу гэж нэрлэн Баянхонгор, Хуримт нуур, Цагаан овоо, Бөмбөгөр хайрхан гэсэн 4 сум, 12 болгон хуваан байгуулжээ. Баянхонгор хайрхан уулын хошуу гэдэг нэр 1941 оныг хүртэл нэрлэгдэж байгаад БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12-р сарын 11-ний өдрийн 81-р тогтоолоор Баянхонгор аймгийн Галуут сум гэж нэрлэх болжээ.

1955 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баянхонгор сумаас 6 баг, Бөмбөгөр сумаас 2 баг таслан авч Галуут нэртэй шинэ сумыг “Өвөр галуут”-д байгуулсан байна. 1957 онд Баянхонгор сумыг татан буулгаж хангайн чиглэлийн багуудыг Мандал суманд, бусад багийг Галуут суманд шилжүүлж Галуут сумын төвийг Өвөр Галуутаас Баянхонгор сумын төвд /Баянхонгор хайрхан уулын өвөрт/ шилжүүлсэн байдаг. Сумын захиргааны даргаар Зэвэгийн Намжин ажиллаж байжээ.

Галуут суманд 1952-1957 онуудад ардын үйлдвэрлэлийн 5 нэгдэл байгуулагдаж Туяа, Хөдөлмөр, Ялалт, Баянтал, Галуут, Коммунизмын төлөө нэртэйгээр ажиллаж байлаа.

Эдгээр нэгдлүүд Галуут сумын түүхийн тодорхой он жилүүдэд салж нийлж мандан буурч байсан ч сумын түүхэн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.  1958 оны 6-р сард Хөдөлмөр, Баянтал нэгдлийн бүх гишүүдийн хурлаас хоёр нэгдлийг нэгтгэн Хөдөлмөр нэгдэл гэж нэрийдэхээр тогтож нэгдлийн даргаар Г.Агвааныг сонгож байжээ. 1959 оны намар Туяа, Ялалт нэгдлийн гишүүдийн хурлаас хоёр нэгдлийг нэгтгэн Туяа нэгдэл гэж нэрлэж даргаар нь Д.Магванжавыг сонгожээ. Ийнхүү Галуут суманд хувийн өмчит ардын аж ахуйтныг тэднийг сайн дурын зарчим дээр нэгдэлжүүлэх зорилт 1959 оны дундуур үндсэндээ шийдэгдсэн байна.

1959 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар багуудыг татан буулгаж оронд нь мал аж ахуйн бригадыг зохион байгуулж ажиллуулсан байна. 1962 оны 6-р сард Мандал сум татан буугдаж Галуут сумтай нэгдэж, Хөдөлмөр, Туяа нэгдлүүд нийлж “Коммунизмын төлөө” нэртэй нэгдэл болсон байна. Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга нэгдлийн даргын албыг давхар гүйцэтгэж байсан тул 1962 онд сум нэгдлийн орлогч даргаар Ц.Мягмар, нэгдлийн орлогч даргаар З.Намжин захиргааны нарийн бичгийн даргаар Лхагвасүрэн нар ажиллаж байв. Баянхонгор аймгийн Төв, Галуут суманд 1961 оныг хүртэл төвлөрч байгаад МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 4-р сарын шийдвэрээр Засгийн газрын комисс, Геологи шинжилгээний газрын шинжилгээний дүгнэлт, аймгийн Намын хороо, захиргааны саналыг үндэслэн Номгон уулын арын хөндий, Түйн голын хөвөөнд суурьшсан түүхтэй.

Одоо тус суманд есөн жилийн дунд сургууль, цэцэрлэг, хүний их эмчийн салбар, соёлын төв, харилцаа, холбоо, ус цаг уурын станц зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд ажилладаг.

Галуут сум нь хойт талаараа Архангай аймгийн Чулуут, Их Тамир сум Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Заг, Жаргалант сумтай хил залгадаг.

Хангайн нурууны салбар уулс, хөндий хоолой дэл сэрвэн хосолсон 504,7 мянган га эдэлбэр нутагтай.

Далайн түвшингээс дээш 3539 м өргөгдсөн Гурван Анагийн нуруу, хамгийн доор газар нь 2117 м өндөрт байрлах Баянхонгор хайрхан уулын өвөр юм. Сумын төв нь Баянхонгор хайрхан уулын өвөрт Харганын голын хойд хөндийд байрлана. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайтай ажээ.

Тус сумын нутаг тахилга, шүтлэгтэй уулс олон. Тэдгээр уулс нь тус сумын сан магтаалтай, эзэн савдагтай гэдэг, Бүрэн хайрханы эзэн хөх бүх унасан өвгөн хүн байдаг гэж домогт өгүүлдэг. Баянхонгор хайрханыг 3 хоног наадам хийж тахидаг байжээ. Мөн Үйзэнгийн баг Дааган дэлийг, туслагчийн баг Өлзийтийг, ёстын баг Уушигний хадны тахилгыг, Жононгийн баг Буян голын зүрхийг гол баг Хуримт нуурыг, Мэрэгний баг, Балгант-Хайрханыг, Зүүн баг Доромтыг тус тус тахидаг байжээ.

Галуутын хавцал, Холбоо нуур, Үхэгийн рашаан, Тээлийн рашаан, Нарийн цохиотын рашаан, Өргөөтийн харз, Эрдэнэ тээл, Жаргалантын гол, Цагаан туруутын гол, Ёлын гол, Хуримт нуур, Бөөрөг нуур, Цэцгийн хонхор, Сойлонгийн хавцал, Хөх нуур зэрэг газрууд байдаг.

Чин сүжигт номун ханы хийдийн сум дуган, Бурхант хясаа, Буянт голын хүн чулуу, Харганын агуй, Тээлийн хөндийн бичигт хад, Цохиотын булан дахь хүн чулуу, Тээлийн амны балгас, Өргөөтийн овооны буган чулуу, Бага цохиотын дөрвөлжин хэргэсүүр, Чингис хааны гүүн зэлний гадас, Сумын төв дэх хөшөө чулуунууд зэрэг эрт үеийн өвөг дээдсийн бүтээсэн дурсгалт түүхт газрууд олон.

Эрдэс түүхий эдийн хувьд зэс, гялтагнуур, чулуун нүүрс, алт зэрэг ашигт малтмалтайгаас гадна усан болор, утаат болор, оюу зэрэг эрдэнийн чулуун сайн чанарын наанги шавар, элс хайрга, шохой шороон будаг, давс хужир элбэгтэй. Улсын төв музейд хадгалагдаж буй Монголын хамгийн том ногоон хаш чулуу нь 1 м урт, 70 см өргөн, 35 см зузаан 152 кг жинтэйгээр 1957 онд олдож байсан түүхтэй.

Хангайн нуруунаас эх авсан Цагаан туруут, Харгана, Сүмбэр, Өхэг, Эрдэнэ тээл, Жаргалантын голууд, Хуримт, Бөөрөг, Дуут, Баяннуур, Олгой нуур, Үүдийн нуур зэрэг том жижиг олон нуур бий. Агь хялгана ерхөг, ботуул зэрэг зонхилон ургах бөгөөд вансэмбэрүү, алтанхундага, ванжингарав, минжиннавга зэрэг 30-аад төрлийн эмийн ургамалтай.

Аргал янгир, буга, согоо, бодон гахай, дорго, хүдэр, бор гөрөөс, хэрэм, ирвэс шилүүс, үнэг, чоно, хярс, туулай, тарвага зэрэг ан амьтад элбэг байдаг.

Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Энэ нутгийнхан хэзээнээс нааш эдүүгээ хүртэл бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар ашиглаж заншжээ. Адуу, үхрийг голчлон өсгөдөг сүүлийн жилүүдэд адуу, үхрийн тоогоор аймагтаа тэргүүлдэг.

Сумын нутаг Чин сүжигт номун ханы хийд, Дархан гүний хийд, Дашдоо гүний хүрээ зэрэг байснаас 1932-1938 оны хэлмэгдүүлэлтийн үеэр Чин сүжигт номун хааны хийдээс бусдыг нь устжээ. Харин 1990 оноос сүсэгтэн олны зүтгэл, төрөөс авсан арга хэмжээний дүнд Чин сүжигт номун ханы хийдийг засварласан нь нутгийн олонд буянтай үйлс болсон.

Тус сумаас олон алдартнууд төржээ. 1921 оны ардын хувьсгалын партизан С.Бямбаа, А.Пүрэвдавга, 1939-1945 оны дайнд гавъяа байгуулсан ахмад дайчид Д.Чойжин, Б.Амаржаргал, М.Ойдов, Б.Гончигсүрэн, М.Наваан, Г.Агваан, Д.Долгор, О.Цэдэв, О.Гэндэн, Б.Наваан, Б.Бүрдхүү, Д.Санж, Н.Пүрэвсүрэн, Д.Жаамаа, Монгол улсын аварга малчин, алтан төлийн эзэн, гавъяат малчин Ц.Шарав, Улсын аварга малчин Б.Цэдэнхорлоо, Монгол улсын 3 удаагийн аварга “Осолгүй манлай тээвэрчин” Х.Баасанхүү, хошой аварга С.Ренцэндаваа, Монгол Улсын алдарт уяач Н.Ядам, алдарт уяач Дашдамба, уран хэмээн алдаршсан Д.Сумъяа, уран зураач Цэрэндорж, зохиолч сурвалжлагч Б.Дарамжав, зохиолч яруу найрагч Д.Халзан, Монгол улсын гавъяат тамирчин улсын начин З.Дэлгэрдалай, цанын спортын мастер А.Нямсүрэн, мастер З.Очирваанчиг нарыг дурьдаж болно.

Галуутчууд оюунлаг боловсон хүчний их нөөцтэй, авъяаслаг, ард түмэндээ хүндлүүлсэн олон арван эрдэмтэн, удирдах хүмүүс төрүүлсэн өлгий нутаг билээ. Монгол улсын гадаад харилцааны сайд Мангалын Дүгэрсүрэн, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожав, ахмад чекист хурандаа Д.Гомбодоо, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Рэндоо, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Сэргэлэн компанийн ерөнхий захирал Г.Батмөнх, аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар 40 гаруй жил ажилласан П.Чүлтэмсүрэн, техникийн ухааны доктор С.Дэлэг, эрдэмтэн Я.Цэвэл, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан Ч.Сандаг, Д.Нанжид, С.Пунцаг, соёлын тэргүүний ажилтан Д.Өлзий, С.Оюунтогтох нар болно.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.