Б.Номин-Эрдэнэ: Уртын дуу, хөөмий хоёр үндэсний урлагийн эгч дүүс гэж боддог

2018-04-12 12:16 6084 admin

Монголчуудын урлагын үнэт өв болсон уртын дуу бол дэлхийд танигдсан гайхамшигтай өв уламжлал юм. Дээх нь үед малчин өрх бүрийн гэрт уртын дуу уянгалж, найр наадмын сарыг цэнгүүлж байсан сайхан түүх, ёс жаяг бий. Харин энэ түүх өнөө цагт нэн ховордсон юм. Уртын дуу ч тэр, дуучин ч тэр ховордсон энэ цагт Төв халхын алдарт уртын дууч Хорлоо гуайн зээ дүү МУСТА Б.Номин-Эрдэнэ “Нандин” хэмээх тоглолтоор хөөмийн урлагтай хослуулан хийхээр болоод байгаа билээ. Энэ тоглолтын талаар ярилцлаа.

-Уртын дуугаар хорвоог аргадаж явдаг танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

Бэлтгэлээ базаагаад л явж байна. Үндэсний урлагт орших үндэсний өв соёл, хүмүүжил, арга ухааныг хамгийн сүүлийн үеийн хөгжмийн аргаар холбож хүргэж байгаагаараа онцлогтой.

Ятгач, хөөмийч А.Ундармаатай уртын дууг хөөмийтэй хослуулан хүргэх гэж байгаа нь бас нэг онцлог байх?

-Хөөмийч А.Ундармаа бид хоёр 2003 оноос хойш бие биенээ таньж, хамтарсан уран бүтээл хийж, гадаад дотоодоор аялаж явсан. Уран бүтээлийн салшгүй найзууд. Мэргэжлийн уран бүтээлчид учраас тоглолтод дуулагдах дуунууд ч бас мэргэжлийн байна. Бид хоёр үзэл бодлын хувьд төстэй. Мөн эмэгтэй хүн хөөмийлнө гэдэг бол ховор үзэгдэл. Анхны мэргэжлийн хөөмийч эмэгтэй. Монголчуудыг гадагш нь таниулахад уртын дуу, хөөмий, морин хуур гурав л илтгэдэг. Энэ утгаараа эгч дүү урлаг юм. Салгаж, хөндийрүүлж болшгүй. Уртын дуу дуулж байгаа газарт заавал морин хуур эгшиглэж, хөөмийн хархираа сонсогддог. Ундармаагийн дуулах дуртай дууг би түүнд арай ойр дуулдаг, тэрний мэдрэмжид миний дуу арай дөхөм сонсогддог ч байж болох. Бид хоёрыг холбосон шалтгаан нь энэ. Өмнө нь бид хамтдаа Тува улсад, Увс аймгийн Улаангом хотод, Баянхонгор аймгуудад тус тус тоглож байсан.

Ямар нэг театр, эсвэл концертийн танхимд бус залуучуудын орох дуртай, орчин үеийн тохижилттой ресторанд тоглолтоо хийхээр болж. Яагаад заавал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “КАСТЛЕ” –ыг сонгов.

Яагаад заавал нэгэн хэвийн театрт уртын дууг дуулах ёстой гэж. Хоёрдугаарт бид залуу хүмүүс. Энэ урлагийг хадгалж авч үлдэхийн тулд залуучуудад хоногшуулах нь чухал гэж үзсэн учраас энэ газрыг сонгосон. Урлаг ч тэр, уртын дуу ч тэр хөгширдөггүй, хоцордоггүй юм шүү гэдгийг мэдрүүлэх гэсэн юм.

Төв халхын алдарт уртын дууч Д.Хорлоо гэж танай удамд алдартай хүн бий. Таныг дуучин болоход энэ хүн нөлөөлсөн байх, тийм үү?

1998 онд 10 настай байхдаа Японы улсын Азийн хүүхдийн анхдугаар их наадамд оролцсон. Түүнээс хойш гадаад явдаг мэргэжилтэй болъё гэдэг бодолд хөтлөгдөөд 10 жилээ төгсдөг жилээ уртын дууны мэргэжлээр конкурс өгсөн. Намайг уртын дуучин болоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол яах аргагүй Д.Хорлоо эгч. Манай хамаатны хүн. Энэ хүний Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Д.Норовбанзад гуай хүртэл үнэлж, гайхан магтаж байсан юм. Амны хайрцаг, дуулах арга барилаараа гайхагдаж, шагшигддаг. Энэ хүний зэрэгт хүрчихсэн гэж хичээж, сургуулийг нь төгсөж, урлагийн тайзнаа дуулж өдий хүрлээ. Цаашдаа суралцах болно.

Таны бодлоор  уртын дуу гэж юу вэ?

Уртын дуу бол миний таашаал. Дуулж байхад хөлс гарахаар надад сайхан санагддаг. Өөрийнхөө биеэр мэдэрч, түмэнд хүргэнэ гэдэг бол маш хариуцлагатай хүнд даваа. Тайвширал, ухаарал, сэтгэл амгалан байдлыг надад өгдөг гол зүйл л гэж мэдэрдэг. Уртын дуу гэдэг бол ямар ч хүнийг тайвшруулах, сэтгэл санааг амгалан болгодог үгийн хүч л гэж ойлгодог.  2003 онд 17 настайдаа “Эсгий туургатан” нэртэй анхны сидигээ гаргасан. Хөх толботны үр сад гээд дараагийн сидигээ, Ардын аялгуу, Чингис аялгуу, Сэтгэл гээд Швейцарт бичүүлсэн цомгууд бий. Миний онцлог, хувь хүнийг тодорхойлолт, яаж энэ гайхамшигт урлагтай холбогдож буйн илэрхийлэл. Уртын дууч хүний дууг дэлхийн хөгжмийн бүх урсгал өөр өөрийн өнгө аяс, хөгжмийн урсгалаараа эвдэх гэж оролдож байгаа юм.

Таны хувьд урд өмнө дуулагдаж байгаагүй, мартагдах дөхсөн уртын дууг сэргээж дуулсан тохиолдол байна уу?

Эмэгтэй хүн “Түмний эх” дууг огтоос дуулж байгаагүй юм билээ. Үүнийг анх удаа эмэгтэй хүний хоолойгоор бичүүлсэн. Гурван гүрэм номтой дүйх хэмжээний “Дуртмал сайхан” хэмээх дууг бас анх удаа эмэгтэй хоолойгоор дуулсан. Энэ дуунуудыг дуулж чадаж байвал би өөрийгөө дуучин гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж өөртөө тангараг тавьж байсан. Үүнийгээ ч биелүүлсэн гэж үздэг.

Хамгийн урт, олон цаг минут дуулагдсан дуу юу вэ?

Төрийн түмэн эх л хамгийн урт дуу юм. 21 минут дуулсан байна. Үүнээс ч илүү урт хугацаагаар дуулагдах нь бий.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.