Б.Гэрэл: Алдартан, авьяастнуудын өлгий БАЯНХОНГОР нутагт УДЭТ-ынхан хоёр дахиа тоглож байна

2018-09-04 10:30 11045 admin

Улсын Драмын Эрдмийн Театрын өдрүүд аялан тоглолт орон нутагт болох гэж байна. Энэ удаагийн аялан тоглолтын хүрээнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн үзэгч түмэнд драмын урлагийн шилдэг бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ, орон нутгийн соёл урлагийн байгууллагын уран бүтээлчдэд сургалт явуулах юм байна. Энэ талаар УДЭТ-ын менежер СТА Б.Гэрэлтэй ярилцлаа.

-Шинэхэн уран бүтээлүүдээ үүцлээд орон нутгийг зорих гэж байгааг сонслоо. Уран бүтээлийн арвин их олзтой сайхан намаржиж байна уу? Та өөрийгөө танилцуулаач

Намайг Батнасангийн Гэрэл гэдэг. Улсын Драмын Эрдмийн Театрын Маркетинг төлөвлөлтийн албанд менежерээр ажилладаг. Алдарт “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ мөнхөрсөн Ч.Лхамсүрэн, Монголчуудын аманд тарни мэт дуулагддаг “Эхийн ач” зэрэг дуугаараа тод үлдсэн Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн гуай зэрэг төрийн шагналтнуудын өлгий нутаг, Бөөнцагаан нуурынхаа дэнжид тоглож өссөн Баацагаан сумын уугуул. Улсын Драмын Эрдмийн Театр маань уран бүтээлийн арвин их олзтой байгаа. Төр засгаас хэрэгжүүлж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, шилдэг уран бүтээлүүдээрээхүрч үйлчлэх зорилгоор манай театрын хамт олон 2002 оноос “Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21 аймгийнхаа урлагт хайртай, драмын урлагт ээлтэй, шимтэн үзэгчдэд толилуулсаар ирсэн. Хаврын аялан тоглолтоо Өмнөговь Дундговь аймгуудад амжилттай зохион байгуулсан бол энэ намрын аялан тоглолтоо Баянхонгор, Өвөрхангайн үзэгчдэд хүргэхээр зорьж байна.

-Жил болгон тогтмол болдог аялан тоглолт гэж ойлголоо. Өвөрхангай, Баянхонгор аймаг хувиараараа ингэж таарч байгаа юм уу?

Жил бүр театрын аялан тоглолтоо 1-2 аймагт зохион байгуулагддаг. Хамгийн сүүлд 2015 онд Баянхонгор аймагтаа хийсэн. Баянхонгор аймаг бол миний төрж, өссөн нутаг. Тийм учраас нутагтаа тоглуулъя гэсэн санал гаргаж, дэмжигдсэн юм. Ер нь тодруулаад хэлэхэд энэ удаагийн аялан тоглолтын багт Хонгор нутгаас энэ урлагт хүч үзэж яваа олон сайхан залуу жүжигчид багтсан байгаа.Тухайлбал Баянхонгор аймгийн Баацагаан сумын гаралтай жүжигчин СТА А.Чингүн, Галуут сумын харъяат жүжигчин Г.Алтангэрэл нарын залуу уран бүтээлчид. Мөн Заг сумын харьяат Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд, Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын даргаар олон жил ажилласан МУУГЗ УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу тэргүүтэй Баянхонгор аймгийн угсаа гаралтай, энэ аймагт ажиллаж, амьдарч байсан уран бүтээлчид оролцож байгаа нь бахархууштай зүйл гэж нутгийн хүний хувьд олзуурхаж, баярлаж байгаа. 2018 оны 09 сарын 12-14-ний өдрүүдэд нэрт эрдэмтэн С.Лувсанвандан гуайн нэрэмжит Хөгжимт драмын театрт манай хамт олны тоглолтууд явагдана . Түүний дараа 15-17-ний өдрүүдэд Өврийн сайхан хангай нутгийн үзэгчдэд хүрнэ.

-Хичнээн уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй баг аялан тоглолтоор явж байгаа вэ?

Манай театрын, шилдэг, залуу жүжигчид, ахмад, дунд, залуу үеийнхэн, арын албаныхантайгаа нийлээд 50 орчимуран бүтээлч оролцож байна.

-Ямар уран бүтээлүүд тоглогдох вэ?

Театрын шинэ уран бүтээл Э.Оюун гуайн зохиол, Төрийн шагналт Н.Наранбаатарын найруулга “Би эндээс явахгүй” драмын жүжиг, СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг, Рей Куни, Ж.Чэпемын “Эцсийн зогсоол зөвхөн чи”инээдмийн жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжгүүдийг тус тус тоглоно. Орон нутгийн үзэгчдэд зориулж 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглоно.

-Драмын, уянгын, хүүхдийн, инээдмийн гээд нас насны үзэгчдэд зориулсан жүжгүүдтэй явж байгаа юм байна. Энэ үеэр орон нутаг дахь театр урлагийн уран бүтээлчдэд бас сургалт явуулна гэсэн үү?

Тиймээ тоглолтын зэрэгцээ театрын уран бүтээлчид, менежментийн багийнханд зориулж сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

-Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагатай хамтын ажиллагаа хэр байдаг вэ Ер нь драмын урлагийн хөгжил орон нутагт ямар байна вэ?

Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагатайгаа байнга хамтран ажилладаг. Энэ удаад Лувсанвандангийн нэрэмжит ХДТеатр маань дэмжин хамтран ажиллаж байгаа. Баянхонгор аймаг бол хоёр том театртай. Аймаг орон нутаг  соёл урлагаа их дэмжин ажилладаг болхоор мэргэжлийн урлагийн хоёр байгууллагань нэр хүнд, цар хүрээ сайтайдрамын урлаг сайн хөгжиж байна гэж үздэг. Ер нь манай театр болон орон нутгийн театрууд байнгын хамтын ажиллагаа, харилцаа холбоотой байдаг. Бид аймгуудын театрт тоглолт хийх, аймгууд Улаанбаатар хотод ирэхээрээ манай театрт тоглох гэх мэтээр харилцан бие биенээ дэмжин ажилладаг. Бидний энэ удаагийн аялан тоглолтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Засаг даргын тамгын газар, ХДТеатр, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газрынхан дэмжин хамтран ажиллаж байгаа. Драмын урлагийг дэмжиж, орон нутгийн үзэгч түмэндээ толилуулахад гүн туслалцаа үзүүлсэн та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье.

 

 

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.