Богд сум

2018-03-07 15:30 428 admin

Богд сумын нутаг нь ардын хувьсгалаас өмнө Сайн ноён хан аймгийн ламын гэгээний шавьд харъяалагдаж байжээ. Гэгээн шавийн нэгж нь дацан бөгөөд Дүважин, Дүйнхор, Лүвлин зэрэг 8 дацантай байсан.1924 онд ламын гэгээн шавь болон дацангуудын нэрийг өөрчилснөөр Баянзүрх уулын хошуунд 1925 онд Богд сум нэртэйгээр байгуулагджээ. Тэр үед сумын захиргаа нь Богд уулын арын хормойд Орог нуурын баруун хаяанд  Далантүрүүн гэдэг газар ганц гэрээр  төвлөрч байжээ.

Сумын төв нь Түйн голын цутаглан, Давхарын талаар нүүдэллэж байгаад 1955 онд Түйн голын баруун эрэгт Хориултын буланд төвлөрөн суурьшсан байна.

Уул тал хослосон уудам цэлгэр баялаг нутагтай тус сум говийн бүсэд багтдаг бөгөөд сумын төв Хориултын боомт нь Улаанбаатар хотоос 750 км, аймгийн төвөөс 130 км зайтай оршдог. Зүүн урьд талаасаа Өвөрхангай аймгийн Баян-Улаан, зүүн хойд талаараа өөрийн аймгийн Өлзийт сум, баруун хойд талаараа Жинст сум, баруун талаараа Баянговь сум, баруун урьд талаараа Баянлиг зэрэг сумдтай хил нийлдэг.

Говь-алтай нурууны ноён оргил, далайн түвшнээс 3957 метр өндөр Их Богд уул, түүний салбар Багабогд, Жаранбогд, Дулаан богд зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай  дөрвөлжин км талбайтай Орог нуур, Холбоолжийн их бага улаан давст нуур, Түйн голын цутаглан зэрэг тогтмол ба урсгал устай гол, нуурууд  үзэсгэлэнт газрууд  байдаг.

Хангайн нуруунаас их авсан 243 км урт Түйн гол Орог нуурт цутгадаг.

Ан амьтдаас аргаль, янгир ямаа, шилүүс, ирвэс, хар сүүлт, зээр, үнэг, мануул, туулай, тарвага, чоно, хярс, цагаан үен, өмхий хүрэн, суусар, дорго, шар зурам, бозлог зэрэг ховор ан амьтадтай Ичээтэй, Битүүтэй, Их, Бага нарийн, Элгэн зэрэг голуудтай. Ангир, нугас, хун, цахлай, тогоруу, тоодог, зэрэг усны шувууд тас бүргэд, шар шувуу, ууль, хон хэрээ, ногтруу, хулан жороо, ятуу, гөтүү, хойлог зэрэг жигүүртэн шувууд байдаг.

Эдэлбэр газарт байгалийн ил болоод далд баялаг болох хоолны улаан давс, малын тэжээл, хужир, зэрлэг сонгино, гоёо, хармаг, арц, чихэр өвс, лидэр алтан гагнуур, вансэмбэрүү, мөгз, цулхир, чулуун нүүрс, альбасторын чулуу, шөрмөсөн чулуу, өнгө бүрийн шороон будаг, барилгын хүрмэн чулуу мэтийн баялагтай, таван хошуу малын бэлчээр хосолсон  энэ нутгийн бэлчээрийн гол ургамал нь шар улаан бударгана, дэрс, зэгс, хиаг, хялгана, агь, сазаг, шаваг, тэсэг, багалуур, заг буйлс, улиас байдаг.

Монголын хоолой, Хонгор, Давхар, Бор үзүүр, Үхэр толгойн өргөн цэнхэр талууд, Орог нуурын хөвөө, Толь нарийн цагаан, Их булагийн элсэн манхан зэрэг сонин тогтоцтой газрууд олон бий. 1957 оны 12 сарын 4-нд Их Богд ууланд 11.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн ул мөр 100 км үргэлжилсэн газрын хагарал өнөө хүртэл эдгээгүй байна. Уул хагарч Битүүтийн хөндийд унаж голын усыг боосноос үүссэн нуур ч хэвээрээ байдаг.

Жаранбогд уулын оройд орших зөрсөн хос загасны дүрс бүхий хөшөөтэй хиргисүүр, Пунцагийн овооны бунхан, Дуут, Ханх, Хангинахын хадны бичиг, сүг зураг, Битүүтийн гэр хад /агуй/ зэрэг өвөрмөц сонин түүх соёлын дурсгалт газрууд нь судлаачид, жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг.

Богд сум алдарт, гавъяат цолтон бахархал болсон хүмүүс олонтой. Ардын Хатанбаатар Магсаржавын цэрэг А.Дашдаваа, Б.Рэндоо, Улсын баатар Н.Жамбаа, Байлдааны гавъяат улаан тугийн одонт Б.Сангидулам, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Зундуй, ахмад дайчин Д.Цагаанмаам, Ц.Цэрэндулам нарын баатарлаг эх орончид бол мөнхөд хүндлэгдэх гавъяатнууд билээ.

Сумын анхны даргаар А.Рэндоо /1924-1926/, анхны нарийн бичгийн даргаар Ц.Тогоо /1924-1926/, анхны орлогч даргаар Д.Цагаанмаам /1944-191945/ зэрэг хүмүүс ажиллаж байжээ. Одоо сумын Засаг дарга Л.Ганзориг, ИТХ – ын даргаар Л.Ганаа нар ажиллаж байна.

БНМАУ-ын АИХ-ын делутатаар Я.Сономцэрэн, Р.Пилжид, Л.Дашцэрэн, Цэвээн-дорж, Р.Доржбат, Улсын их хурлын гишүүнээр доктор Д.Дашцэдэн, Ц.Шийрэвдамба, Ц.Жаргал нар сонгогджээ.

Сумынхаа нэрийг өндөрт өргөж явсан өдгөө түмэнд дуурсагдаж яваа алдарт-нуудаас Монгол улсын арслан П.Аюуш, улсын идэр начин Ч.Баасанхүү, урлагийн гавъяат зүтгэлтэн С.Лувсанвандан, Ч.Сангидорж, гавъяат тээвэрчин Ц.Лувсанвандан, Г.Дашхүү, Р.Доржбат нарын боловсрол соёлын ажилтнууд, эрдэмтэн, доктор Ж.Бям-баа, Ж.Амгалан, Д.Түмэн, Л.Жамц, Ц.Шийрэвдамба, В.Баасан, Х.Оюун, Д.Цагаанмаам, Ц.Цэрэнбалжир, Ж.Чулуунхүү, дэлхийн оюутан залуучуудын их наадмын алтан медальт Ч.Доржсэмбээ, нэрт малчдаас Д.Сангивандан, Д.Чимэд, О.Бүсгүй, И.Гомбо, Б.Цэдэв, С.Тогоо, Бо.Санги, Ж.Адъяа, Ж.Дэндэв, Улсын сайн малчин Л.Дашцэрэн, Д.Лигмэндаваа, Я.Жүгдэрсанги, Л.Дооцэрэн нарын олон малчин улс, аймгийн аварга малчин цол хүртжээ. Тус сум 1979 онд хагас түмэн тэмээтэй болж “Мөнгөн буйл”-аар шагнагдсан. Улс, аймгийн аварга, удам залгасан тэмээчид олон.

Сургууль нь 1940-1941 онд Цутаглангын адагын гурван бургасны баруун доод тохойд 8 гэртэй хоёр ангитай 69 сурагчтайгаар байгуулагдаж байсан. Анхны төгсөлт 1943-1944 оны хичээлийн жилд 4 дүгээр ангийн 50 сурагч төгссөн. Өдгөө Их Богдын бүсийн дунд сургууль болж өргөжсөн. Өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хичээн зүтгэж явсан ахмад багш Мэндээхүү, Дашдаваа, Норов, Данзан болон ардын боловс-ролын тэргүүний ажилтан Л.Лувсанцэрэн, Л.Баатар, И.Чагнаадорж нарын сум орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр их.

12 тэмээ ачаатай Орог нуурын цутгаланд 2 гэр барьж хүн эмнэлэг байгуулагдаж байжээ. Анхны эмнэлэгийг нутгийн ардууд “хувьсгалын “ эмнэлэг гэж нэрлэдэг байсан. Улмаар үйл ажиллагаа өргөжиж бага эмчийн салбар, 1967 онд их эмчийн салбар болон одоогоор Сум дундын их эмчийн салбар болж мэс засал, эмэгтэйчүүд, хүүхдийн тасагтай томоохон эмнэлэгтэй, хүн арддаа үйлчилж байна.Тус суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс Д.Батсуурь даргатай “Хориулт хоршоо” 1997 оноос худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.