Баянхонгор сумын 3, 4, 5-р багийн иргэдийн нийтийн хурал боллоо

2018-10-16 16:04 296 admin

 

Баянхонгор сумын Дуурсах -3, Угалз -4, Цагаан чулуут-5 багийн Иргэдийн нийтийн хурал энэ амралтын өдрөөр боллоо.

Уг хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, Сумын орлогч дарга Б.Наранбаяр, Хот тохижилт ОНӨГ-ын дарга Г.Цэдэндамбаа, багуудын Засаг дарга, ИНХ-ын дарга нар болон холбогдох газрын мэргэжилтнүүд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.

Баянхонгор сум нь Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумаар хиллэсэн Засаг захиргааны есөн багтай. Аймгийн нийт хүм амын 40 гаруй хувь нь буюу 9600 өрхийн дөчин мянга орчим иргэд амьдардаг томоохон бүс юм.

Энэхүү томоохон бүсийн 9 талбарт ажиллаж амьдарч буй иргэдийнхээ дуу хоолойг сонсоно гэдэг удирдлага хүний үүрэг. Үүргээ ч өнөөдөр аймаг сумын удирдлагууд сайтар биелүүллээ. Тэд оролцсоноороо багийн ард иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг судлан мэдэж, зарим асуудлыг газар дээр нь тодорхой шийдвэрлэснээрээ тус багуудын ИНХ онцлог болж байна.

Сумын удирдлагууд иргэдээ аюул осолгүй амьдруулах тал дээр байнгын гэрэлтүүлэг ажиллуулах санал санаачлага гаргасан байна. Тодруулбал Баянхонгор суманд энэ оны сүүлийн 9 сарын байдлаар харахад 427 гэмт хэрэг зөрчил гарчээ. Өмнөх онуудтай харьцуулахад 100 гаруй нэгжээр өссөн байна. Эдгээр гэмт хэрэг зөрчил үдэш оройн цагаар буюу 22:00-06:00 цагаар илүү их үйлдэгддэг байх юм. Хэрэг зөрчил харьцангуй бага гардаг өдөр нь архи дарс худалдан борлуулахыг хориглосон байдаг Засаг даргын захирамжтай Даваа гараг ажээ. Аймгийн төвд гэмт хэрэг зөрчил хамгийн ихээр Номгон-1, Дуурсах-3, Есөнбулаг-9, Угалз-4 багийн нутаг дэвсгэрт гардаг тухай тус багуудын ИНХурал дээр цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Энэ бодит гарсан судалгаа шинжилгээнээс үүдэн Баянхонгор сумын гэр хорооллуудыг шөнийн цагаар байнгын гэрэлтүүлэгтэй болгосноор аюул осолд иргэд, хүүхэд багачууд бага өртөнө гэж мэргэжлийн байгууллагууд хамтран дүгнэжээ. Бүх л шөнийн турш асаалттай байлгахад айл өрх сардаа 1000 төгрөгийн хураамжийг төлөн нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгүүдийнхээ тог цахилгаан, засварын төлбөрийг хамтран төлж шөнийн цагаар асаалттай байлгая гэдэг дээр иргэдийн нийтийн хуралд оролцсон багийн иргэд санал нэгтэй байв. Гэхдээ гэрэлтүүлгийг жигд тавьж эхэлсэнээс хойш 1000 төгрөгийн хураамжийг айл өрхөөс авч эхлэх юм.

2019 оны 01-р сарын 01-ээс хэрэгжиж эхлэх нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүүхэд гаргасан эхийн нийгмийн даатгалыг тодорхой нэг албан газарт ажилладаг бол байгууллагаас 3 жил хариуцаж төлөх, сайн дураараа төлдөг бол тэтгэмжийн даатгалын сангаас бүрэн хариуцаж 3 жил төлнө. Ажил хийдэггүй, сайн дураараа даатгал төлдөггүй байсан ч төр 50 хувь буюу тал зардлыг нь гаргаж шинэ төрсөн эхчүүдэд нийгмийн даатгалыг нь төлж өгөхөөр болжээ.

Энэ мэт олон нааштай ажил, мэдээлэл сонссон багийн иргэд хөдөлмөрчид баяртай байна. Амьдрал, аж ахуйг дэмжсэн үйл ажиллагаанд иргэд өөрсдөө ч өндөр оролцоотой байж оролцохдоо бүх зүйлд хуулийн хүрээ, хэм хэмжээг сахих ёстойг холбогдох албаныхан хурлын үеэр анхааруулж байсан юм.

Иргэдийн зүгээс граж, хашааны газар авах, хашааны гэрчилгээ олгох, гэрэл цахилгааны тоолуур бичилт, ахмадын эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, архи пиво дураараа зардаг жижиг түцнүүдэд хяналт тавих, хог тээвэр, хаягжилт, Хонгор 1000 хорооллын дагуу явган хүний зам талбай хийх, камержуулалт хийх, арван мянгатын голын зам дагуу үер усны суваг шуудуутай болгож өгнө үү гэсэн олон хүсэлтийг аймаг болон сумын удирдлагуудад тавьж байлаа.

Засаг дарга Г.Батжаргал, хотын захирагч Ж.Мөнхсоёл нар иргэдийн санал хүсэлт нэг бүрийг хүлээж авч төсөв санхүүгийх хувьд боломж нь гарвал ихэнх асуудлыг зохистой байдлаар шийдхийг зорьж буйгаа илэрхийлж байлаа.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.