Баянхонгор аймгийн Уул уурхайн зөвлөгөөн болов

2019-04-19 15:31 78 admin

 

 

 

 

 

 

Баянхонгор аймгийг хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх гурван салбарын нэгт уул уурхайн салбар ордог. Орон нутгийн геодизийн нөхцөл байдлын хувьд геологчдийн сонирхлыг татсан бүс нутаг бол яалтгүй Баянхонгор аймаг. Иймээс ч энэ бүс нутгийн хөгжилд уул уурхайн салбараас орж ирэх хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд дэмжлэг болсоор нилээдгүй хугацаа болжээ.

Уул уурхайг хариуцлагажуулах үүднээс  Баянхонгор аймгаас сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулсаар ирсэн уул уурхайн зөвлөгөөнөө 04-р сарын 17-нд Баянхонгор хотод хийлээ.

Энэ удаагийн  зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, МХГ, БОАЖГ, ХХААГ, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Бөөнцагаан-Орог нурын сав газар зэрэг төрийн байгууллагууд болон Монгол банк, Хаан, Голомт зэрэг банкуудын төлөөлөл  оролцлоо.

Баянхонгор аймагт ашиглалтын болон хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй ААН-ийн төлөөлөл ирж оролцож энэ салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын тухайд хамтдаа зөвлөлдлөө.

Зөвлөгөөний аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нээж үг хэлэв.

Тэрээр Баянхонгор аймагт тулгамдаад байсан зарим асуудал тодруулбал хуучны орон сууцуудыг сэргээн засварлах, шинээр байр орон сууц барих зэрэг хүнрүү хандсан бүтээн байгуулалтын ажлуудад  уул уурхайн компаниудын оролцоо өндөр байсныг тодотголоо.  Орон нутагт төвлөрүүлсэн татвар хураамжаар хийгдсэн эерэг үр дүнтэй томоохон ажлуудад  энэ салбарынхны  хувь нэмэр  нилээдгүй бийг онцлон тэмдэглэв. Уул уурхайн салбар гэдэг өөрөө асар их эмзэглэл, хардалт дагуулсан салбар. Уул уурхайтай холбоотой иргэдээс гарч байгаа гомдол мэдээлэл бүрт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд анхаарал хандуулж хуулийн хүрээнд бүх асуудлыг шийдвэрлэхийг зорин ажиллаж байна гэлээ.

Зөвөлгөөний хөтөлбөрийн дагуу аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2019 онд уул уурхай талаар баримтлах аймгийн бодлогоо оролцогчдод танилцуулав.

Тодруулбал: энэ жил тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдээс Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн дагуу бичиг баримтын бүрдлийг маш нарийн харж хянахаар болжээ.  ААН-ийн техник болон биологийн нөхөн сэргээлт хийх нарийн төлөвлөгөө, орон нутгийн зах зээлээс худалдан авалт хийсэн байдал /гэрээний хүрээнд/, ажиллах хүчнийхээ 50-иас доошгүй хувийг орон нутгаас авах, ус ашиглалтыг задгайгаар хянаж гүйцэтгэлээр нь усны төлбөрийг авах, эрх бүхий байгууллагуудын тавьсан  хууль ёсны шаардлагыг хүлээж авдаг байх, олборлосон баялагаа Баянхонгор аймагт шинээр байгуулагдсан алт сорьцын лабораториор сорьцлуулж орон нутагт тушаадаг байх зэрэг үндсэн зарчмуудыг уул уурхайн ААН-дэд аймгийн зүгээс тавьж байгаа ажээ.

Дээрх зарчмын шаардлагуудыг зөвлөгөөнд  оролцогч ихэнх ААН-үүд хүлээж авч хуулийн хүрээнд хамтран ажиллах тал дээр санал нэгдэж байсан юм.

 

Энэ үеэр уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг БОАЖГ-ын дарга Б.Бат-Өлзий танилцуулж, Уул уурхайн салбарт илэрч буй нийтлэг зөрчил дутагдал цаашид анхаарах асуудлаар МХГ-ын дарга Н.Бямбадорж, Ламын гэгээний 380 жилийн ойн хүрээнд хийгдэх 380  бүтээлч ажлын танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга Д. Ихбаяр нар хийлээ. Зөвлөгөөний хоёрдугаар хагаст хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагууд өөрсдийн эрхэлсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийсэн бол Монгол банк хамтран ажиллах нөхцөл, орон  нутгийн давуу байдлын талаар ААН-үүдэд танилцуулга хийсэн юм. Энэ үеэр орон нутагтай байгуулсан гэрээний хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр идэвх санаачлагатай ажилласан, хамтын ажиллагаагаа үр дүнд хүргэсэн “Наран мандал энтерпрайзес” ХХК, “Монгол Болгар Гео” ХХК, “Эрдэнэ Монгол” ХХК нарт аймгийн удирдлагууд талархал илэрхийллээ.

Зөвлөгөөний эцэст талуудын оролцоо санал хүсэлт, шүүмжийг тусгасан дараах зөвлөмжийг гаргаж зөвлөмжийг цаашид мөрдлөг болгон ажиллах  тал дээр талууд санал нэгдэв.

 

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УУЛ УУРХАЙ” зөвлөгөөнд оролцогчдоос гарсан зөвлөмж

Баянхонгор аймагт 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Тогтвортой хөгжил-Уул уурхай” зөвлөгөөнд оролцогчид зөвлөлдөж дараах зөвлөмжийг гаргаж байна

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд:

1.    Ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлд заасан Уурхай эрхлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдлийг бүрэн хангагдсан тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэг авсан ААН-тэй гэрээ байгуулан ажиллана.

2.    Уурхай бүр тогтвортой хөгжсөн “Ногоон уурхай” болох зорилт дэвшүүлж тухайн жилдээ олборлолт явуулсан талбайн 80%-д техникийн нөхөн сэргээлт, 60-аас доошгүй хувьд биологийн нөхөн сэргээлтийг хийх.

3.   Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулахдаа тухайлсан ААН-тэй заавал гэрээ байгуулах /Жнь: нормынхоо хувцсыг энэ ААН-тэй, талх нарийн боов, төмс хүнсний ногоог энэ ААН-тэй гэрээ байгуулан ажиллана гэх мэтийг баримтжуулан ирэх. Тэр гэрээг үндэслэн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна. Гэрээний заалт бүрийг тухай бүрт ажилласан шалгалтын ажлын хэсэг дүгнэж, холбогдох арга хэмжээг авч ажиллана/

4.   Ажиллах хүчнийхээ 50-аас доошгүй хувийг орон нутгаас ажиллуулна гэдгийг баримтжуулан гэрээ байгуулна. ХХҮГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй иргэдээс ажилд авах, Ажлын байрны зарыг ХХҮГ-аар дамжуулан зарлах.

5.    Нийгмийн хариуцлагын хүрээнд өгч буй хандив дэмжлэг, хөрөнгө оруулалтыг 70%-ийг аймагт төвлөрүүлэх, 30%-ийг суманд төвлөрүүлнэ.

6.    Зөвхөн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан тохиолдолд ажил эхлэх зөвшөөрөл олгогдоно.

7.    Ус ашигласны төлбөрийг тоолуураар биш ноогдуулалтаар тооцож орон нутагт тушаана. Ус ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг ажил эхлэхэд Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

8.    Аж ахуй үйл ажиллагааны ашгаас авах татвараас бусад татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх

9.    Зохион байгуулалтад орсон бичил уурхайн нөхөрлөлүүдтэй гурван талт гэрээний үндсэн дээр талбай олгох, хамтран ажиллах.

10. Эрх бүхий байгууллагуудаас хуулийн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах

11. Уул уухайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх, Баруун бүсийн үнэт металд сорьц тогтоох лаборатораар баталгаажуулж олборлосон металлыг орон нутгийн банк болон Монгол банкинд тушаах гэсэн шаардлагууд тавьж ажиллана.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд:

1. Хайгуулын аж ахуйн нэгжүүд нь холбогдох албан тушаалтанд үйл ажиллагаагаа тайлагнадаг ил тод байх

·         2. Зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажлыг чанартай шуурхай гүйцэтгэн нөөцийг тогтоон эдийн засгийн эргэлтэд оруулах

·         3. Тухайн жил хайгуулын ажил хийсэн талаарх тодорхойлолтыг тухайн сумын Засаг дарга, аймгийн БОАЖГазраас авсан байж аймагтай гэрээ байгуулан ажиллах эрх үүснэ.

4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх

5. Нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутагтай байгуулсан гэрээний биелэлтийг бүрэн хангаж ажиллах

 Аймгийн Засаг даргад:

 

1. Ашиглалтын аж ахуйн нэгжүүдийн биологийн нөхөн сэргээлтийн явцад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавих ажлыг эрчимжүүлэх.

2. Хайгуулын ажил хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.

3. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн аймаг, орон нутагт үзүүлсэн хандив дэмжлэг туслалцааг ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зарцуулах.

4. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн хандив дэмжлэгийн 70%-ийг аймагт, 30%-ийг тухайн сумад төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах.

5. Гэрээ байгуулж үйл ажиллагаа эхэлсэн аж ахуй нэгжид сум орон нутаг, төрийн байгууллагын албан хаагчид, иргэдээс хууль бус дарамт шахалт үзүүлэх асуудлыг таслан зогсоох, буруутай этгээдэд арга хэмжээ авах.

6. Эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлээгүй аж ахуй нэгжүүдэд хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцож ажиллах.

 Сумдын удирдлагуудад:

1. Хайгуулын ажил хийгээгүй, хуульд заасан хэмжээний зардлыг хайгуулын ажилдаа зарцуулаагүй компани аж ахуйн нэгжид хуурамч тодорхойлолт гаргаж өгч, хууль бус үйлдэл гаргахгүй байх.

2. Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэгч нарт хууль бус шахалт, дарамт үзүүлэхгүй байх.

3. Хариуцлагатай, тогтвортой үлгэр жишээч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, дэмжиж ажиллах.

4. Уул уурхайн талаарх үнэн зөв мэдээллийг иргэдэд өгөх.

5. Тухайн сумын иргэдийнхээ ажиллах хүчний нөөцийн судалгааг нарийн гаргаж хүнд механизмийн операторуудын судалгааг гаргах. ААН-д санал болгож ажлын байраар хангах

Холбогдох байгууллагуудад:

1. Мэргэжлийн байгууллагууд салбарын уялдаа холбоог хангаж ажиллах.

2. Хяналт шалгалтыг хуулийн хүрээнд тогтмол ил тод, шударгаар зохион байгуулж гарсан зөрчил дутагдлыг дээд шатны байгууллага албан тушаалтанд шуурхай мэдээлж таслан зогсоох арга хэмжээ авч байх.

3. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын болон хайгуулын аж ахуйн нэгжүүдийг иргэд, олон нийтэд сурталчлан орон нутагт дэмжиж ажиллах.

Тусгай зөвшөөрөл бүхий нийт аж ахуйн нэгжүүдэд:

·         Ажилчдыг Нийгмийн даатгалд бүрэн хамруулах

·         Үйлдвэрийн осол гарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлж байх

·         Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажилтнаа бүрэн хамгаалах, урьдчилан сэргийлэх

·         Сул чөлөөтэй нарийн мэргэжил шаардахгүй ажлын байранд Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн баазад бүртгэлтэй ажил хайгч иргэдийг авч ажиллуулах, ажиллуулж буй мэдээллээ холбогдох газарт бүртгүүлдэг байх

·         Баримт бичгийн бүрдэл, дотоод хяналт сайжруулах, аюулгүй ажиллагааг хангах

·         Биологийн нөхөн сэргээлтэд илүү анхаарах

·         ААН-үүд нутгийн иргэдэд ажиллах газар болон үйл ажиллагааны талаар зөв мэдээлэл өгөх

·         Гэрээний дүгнэлтийг 2 тал дүгнэж ажиллах

·         Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэгийн болон Улаан загалмайн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах

 

 

ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.