Баянхонгор аймгийн Галуут сумын байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд

2018-03-07 15:33 5707 admin

Баянхонгор аймгийн Галуут сум нь байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалуудаар арвин баялаг сум юм. Хэдийгээр Галуут суманд байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бололцоо бий боловч өнөөг хүртэл энэ салбарын хөгжил зогсонги байдалтай байсаар байна. Энэ нь дэд бүтцийн хөгжил болон бусад хүчин зүйлстэй холбоотой. Цаашид Галуут сумын зэргэлдээ сум болох Эрдэнэцогт сумын нутагт орших Шаргалжуутын рашаан сувилалд түшиглэсэн тойрон аялалын хөтөлбөр, замналуудыг бий болгож гадаадын болон дотоодын амрагч жуулчдын урсгалыг өөртөө татах нь зүйтэй болов уу. Энэхүү өгүүлэлээрээ Галуут сумын байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын үнэт дурсгалт зарим газруудын талаар уншигч та бүхэнд товч танилцуулж байна.

 Байгалийн үзэсгэлэнт газрууд

1.Галуутын хавцал

Олгой нуураас баруун хойд зүгт урсан гарах Олгойн гол ойролцоогоор 2км урт үргэлжлэх Галуутын хавцлыг үүсгэдэг. Энэ хавцал Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим километрийн зайд оршино. Галуутын хавцал нь 100-150метр гүн эгц цавчим хадан ханатай бөгөөд өргөн нь дунджаар 10м, хамгийн их нарийссан хэсэгтээ 1м  болно.

Галуутын хавцлын тухай олон домог ард түмний дунд үеэс үед ам дамжин яригдсаар өнөөг хүрчээ. Тухайлбал: Эрт дээр үед Цогтой гүний хошууны нутагт Олгой нуураас Хаалган ам хүртэл их устай маш том нуур байжээ. Тэр нуурыг Тоть нуур гэж нэрлэдэг байж. Гэтэл ганцхан шөнө хэнгэрэг цан дугаргаж, бүрээ бишгүүр хангинаж, хонь мал майлалдан, хүн амьтан шуугилдаад нэг их нүүдэл яваад өнгөрөх шиг болсон гэдэг.  Маргааш өглөө нь харахад Тоть нуур савнаасаа халиад Бумбаны нурууг сэт татаж Хойд голд /Цагаан туруутын голд/ нийлсэн байжээ. Ийнхүү Галуутын хавцал үүсжээ. Тоть нуураас үлдэж хоцорсон хонхор, хотгор газарт тогтсон ус цагийн эрхэнд ширгэж алга болсон бөгөөд зарим устай үлдсэн хэсэг нь Олгой нуур, Олон нуур, Холбоо нууруудыг үүсгэсэн юм гэнэ. Хаалган амны олон хонхрууд ч ийм байдлаар үүссэн гэдэг. Галуутын хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хээрийн галуу, хар өрөвтас зэрэг шувууд өндөглөн зусдаг. Мөс ус, намгийн шувууд болон идлэг шонхор, бүргэд тохиолдоно.

2.Хангайн нуруу

Хангайн нуруу нь тус орны төв хэсэгт баруун хойноос зүүн урагш чиглэлтэйгээр өргөрөгийн дагуу 750 гаруй км сунан тогтсон уулт тогтолцоо бөгөөд  ерөнхийдөө цулдам бүтэцтэй, өмнөд хэсэг нь илүү өндөр, хойд буюу зүүн хойд хэсэг нь хэвгий байдалтай. Хангайн нуруу нь Монгол орны байгалийн ерөнхий тэнцвэр, зохицолдоог хадгалж улмаар ой, тайга, говь, цөлийн аль алины тархалтын хүрээг хязгаарлаж байдаг байгалийн их мужийг үүсгэдэг байгаль газарзүйн хувьд өвөрмөц тогтоц бүхий уулархаг нутаг юм. Тус уулт тогтолцооны уулсын орой хяр нь хавтгайдуу эсвэл бөмбөгөрдүү хэлбэртэй, хажуунууд нь ихэнхдээ налуувтар байна. Галуут сумын нутагт Хангайн гол нурууны Бүрэнхайрхан уул, Модот уул, Далайн зүүн уул, Даваат уул, Гэрт уул, Сэрвэн уул, Эрээн уул зэрэг байгалийн үзэсгэлэн цогцолсон өндөр, дундаж өндөр уулс бий. Зарим уулсын хавтгайдуу орой, хяр дээр уулын нуга бүрэлдэн тогтсон байх нь үнэхээр сонин бөгөөд гайхалтай юм.

3.Бүрэн хайрхан уул

Галуут сумын төвөөс хойд зүгт 3000 орчим метрийн өндөртэй Бүрэн хайрхан уул хэмээх сүрлэг сайхан уул бий. Эртний мөстлийн ул мөр хадгалагдан үлдсэн энэхүү уул нь аялагч хэн бүхэнд байгалийн хосгүй үзэсгэлэнт байдлыг бишрэн хүндэтгэх, бахархах сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй. Бүрэн хайрхан уулын тухай домог олон байдаг бөгөөд энд нэгэн домгийг өгүүлье. Чин сүжигт номун ханы анхдугаар дүр Лувсанноровшарав анх байгуулсан хийдээсээ Шар зуу сүмрүү шилжин суухаар шийджээ. Энэ тухайгаа нутгийн ард иргэд, шавь нартаа хэлээд уул овоогоо тахих болж гэнэ. Говийн Ямбат хайрханаас  эхлээд хангай хүртлэх нэлээд олон уул овоо тахисаар хамгийн сүүлд Бүрэн хайрханы уулыг тахих болжээ. Бүрэн хайрхан уулыг тахих үед зуны сар байж гэнэ. Гэтэл хөх бух унасан үстэй дээл, малгайтай хүн уг нутгийн жаяг ёсыг зөрчин гэгээнд бараалхахаар ирэхэд гэгээний бараа бологч нар дургүйцэж шанзав түшмэд өмнөөс нь очиж аашилж загнажээ. Гэтэл Номун хан: Чи юу мэдэж энэ хүнийг аашилж загнав хэмээн зэмлэж тэр ирсэн өвгөнтэй эрх тэгш мэндлэн золгож, дээд зэргээр хүндлэн ярилцсанд хүмүүс их гайхаж сандарч байсан гэдэг. Харин нөгөө хүн гэгээнд “Та биднийг орхиж явж болохгүй энэ нутагтаа тогтож хайрла” гэж хэлэхэд Номун хан Бүрэнхайрхан намайг явуулах дургүй байгаа юм бол шилжиж явахаа байя гэж хэлээд буцсан юм гэдэг домог бий.

olgoi goliin hundii

4.Олон нуур-Олгой нуур-Товцог хайрхан уул

Олгой голын хөндий

Энэ нутаг нь Галуут сумын төвөөс баруун өмнөд зүгт орших үзэсгэлэнт сайхан нутаг юм. Энд дулааны хөндийлжийн гаралтай хэд хэдэн жижиг нуурууд байдаг. Эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн Олгой нуурын хотгорын гадарга нилээд мараалаг учир холоос цайран харагддаг. Цайран харагдах их хөндийн дунд голын татам, нуурын эргээр ургасан нугын ургамал ногоорон харагдах нь сонин. Галуут хавцалын зүүн урд хэсэгт орших Олгой нуур (1.5 км2  талбайтай) бол гадагш урсгалтай, дулааны хөндийлжийн гаралтай цэнгэг нуур юм. Эндхийн нуруудад хавар, намрын цагт нүүдлийн шувуудын чуулга болдог. Товцог хайрхан уул (д.т.д 2706 м) нь Олгой нуурын баруун талд орших өндөр сүрлэг уул бөгөөд улсын тусгай хамгаалалтанд авбал зохих нутгуудын тоонд ордог. Энэ нутаг аялал жуулчлалын төдийгүй танин мэдэхүй ихээхэн ач холбогдолтой нутаг юм.

Цагаан туруутын гол

Галуут сумын нутагт Тээлийн гол, Цагаан туруутын гол, Өлзийт гол, Үхэгийн гол, Харганын гол, Сүмбэр гол, Олгойн гол зэрэг олон гол горхи бий. Тухайлбал: Цагаан туруутын гол нь Хангайн гол нурууны д.т.д 3540м өндөр Анагийн уулсаас эх авдаг. 3900км2 ай савын талбайтай уг гол нь Баяннуурын хотгороор дамжин Олгой голтой нийлж Өлзийт гол болон Байдраг голд цутгадаг. Тээлийн гол Галуут сумын баруун хэсэгт орших Гэртийн нурууны баруун хажуугаас эх авч өмнөд зүгт урссаар Баян нуурын хотгорт Цагаантуруутын голгой нийлдэг.  Түргэн урсгалт харгиа боргио ихтэй уулын голын шинжийг илтгэх эдгээр голууд нь аялагч жуулчдад байгалийн сүр хүч, үзэсгэлэн гоог бахдан бишрэх сэтгэгдэл төрүүлэх нь зайлшгүй бизээ.

Хайлдаг элс

Элсийг аманд хийхэд хайлдаг гэхэд үнэмшилгүй санагдах нь лавтай. Галуут сумын төвийн чанх хойтох Баянхонгор хайрханы элгэнд халз тогтсон элсийг аманд хийхэд уусан алга болдог. Нутгийнхан энэ элсийг хайлдаг элс хэмээн хайрлан дээдэлдэг.

Yхэгийн рашаан

Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт Ар мухар уулын (д.т.д 2901м) бэлд Үхэгийн халуун рашаан (ХӨ46°48’ ЗУ100°25’52”) оршино. Далайн түвшинээс дээш 2366м өндөрт байрлах Үхэгийн рашаан нь 0.47г/л эрдэсжилттэй, өнгөгүй, хүхрийн үнэр, амттай, сульфат-гидрокарбонат-хлорид-натрийн найрлагатай (рН-8.85) азотын халуун рашаан юм. Энд нүд, хамар, бөөр, ходоодны өвчинд тустай хэд хэдэн рашаан бий. Энэ халуун рашаан нь химийн найрлага, чанараараа Хужирт гэх мэт Архангай, Өвөрхангай аймгийн халуун рашаануудтай нэг ангид багтах боловч тэдгээрээс сульфатаар их байдаг. Ар хажуугийн шинэсэн ой бүхий уулсын дунд Үхэгийн голын хөндийд орших Үхэгийн рашаан орчмын нутаг нь аялагч, сувилуулагч хэн бүхэнд эмчлэгдэн эрүүлжих боломж олгохоос гадна сэтгэл-гоозүйн өндөр ташаал өгөх нь эргэлзээгүй. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг 50 ортой сувилал ажилладаг. Ерөнхийдөө орон нутгийн чанартай ашиглагддаг.

Хуримтын харз булгийн рашаан

Хуримтын харз булгийн рашаан нь Yхэгийн рашаанаас хойш 7км зайд Хуримт голын хөвөөнд д.т.д 1660м өндөрт оршино. Yнэр, амт, өнгөгүй тунгалаг цэнгэг хүйтэн устай. Орон нутгийн чанартай ашигладаг. Дотрын өвчинд тустай гэж үздэг.

Тээлийн бүлээн рашаан

Мандал багийн нутаг Цагаан туруутын голын урд хөвөөнд буюу ХӨ46°51’ ЗУ100°10’ солбицолд Тээлийн бүлээн рашаан байдаг. Гидрокарбонат, натрийн найрлагатай. Тээлийн рашааны эргэн тойронд  Дэлгэрийн их нуруу, Ёлын нуруу гэх мэт ой модтой, хад цохио асга ихтэй өндөр уулс хүрээлэн оршино.

Өргөөтийн халуун рашаан

Мандал багийн нутаг Өргөөтийн голын зүүн эрэг дээр Өргөөтийн халуун рашаан (Х.Ө 470 З.У 100009I) эргэн тойрон их уулсаар хүрээлэгдэн оршино. Гидрокарбонат, натрийн найрлагатай. Рашаанд хүрэх зам нилээд бартаа саадтай учир авто тээврийн хэрэгслээр явахад хүндрэлтэй.

Харганы агуй

Харганы агуй нь Галуут сумын нутагт сумын төвийн өмнөд хэсэгт орших Харганы хярын өвөр хэсэгт байрлана. Харганы хяр нь бараан саарал өнгийн нарийн ширхэгт элсэн чулуунаас тогтох ба өгөршлийн улмаас гадарга нь хад чулуурхаг болсон байна. Агуйн нийт урт 13.1м, дундаж өргөн нь 1.6м, дундаж өндөр нь 1.4м хэвтээ агуй юм. Харганы агуйнаас гадна тус суманд Цахирын агуй, Тээгийн агуй, Даравгайн агуй зэрэг хэд хэдэн агуй бий.

Түүх соёлын дурсгалт газрууд

Хийдийн дугуйн туурь

Галуут сумын Мандал багаас урагш Цагаан-Туруутын голын хойд захад Хийдийн дугуй гэдэг тохойд  Хийдийн дугуйн хийдийн эвдэрхий балгад оршино. Өмнөөс Цагаан-Туруутын гол, хойноос өндөр уулын өвөр боржин цохионууд хүрээлсэн давчуухан тохойд энэ хийдийг барьж байжээ. Өндөр цохионуудын хоорондох хэвгий энгэрийн тэгшлэн зассан талбайд тус хийдийн гол сүм дугануудыг байрлаж байсан байна. Гол сүм дуган нурж үгүй болсон бөгөөд зөвхөн буйр төдий л зүйл үлджээ. Энэ чулуун хийдийн туурь нь XVI зууны үед хамаарна.

Чин сүжит Номун хааны Хүрээ.

chin nomun haanii urguuАнх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшаравт  Чин сүжит Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Галуут сумын 3-р багийн нутагт Чин Сүжигт  Номун хааны хүрээ байгуулагдсан түүхтэй. Тухайн үедээ алтан шунхан ганжираа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай 7 сүмбэн зохиолтой бурханы шашны томоохон төв байсан бөгөөд энэ төвөөс 6 гэгээн, 3 хутагт тодорсон ажээ.

Номун хан хутагуудын гэгээнээр тодорсон он дараалал

1. Ч.Норовшарав буюу Чин сүжигт Номун хан Лувсанноровшарав /1702-1768/

2.Ц.Дандарваанчиг буюу ачит Номун хан Лувсандандарваанчиг /1768-1827/

З Д.Бадамдорж буюу номч дүр Лувсанжигмэддамбийжанцан /1828-1882/

4.Д.Лувсанданзан /1883-1895/

5.Ж.Цэрэнбалжир буюу цагаан дүр Лувсанцэрэнбалжир/1896-1921/

б.З.Галсан-Ёндон буюу Лувсангалсан-Ёндон /1921-1972/

Чин сүжигт Номун хааны хүрээний тухай домог яриа байдаг. Чин сүжигт Норовшарав (Лувсанноровшарав  /1701-1768/ ) Ордосын газар Хатны голд найралт төрийн үед Шар зуу сүмийг барьж олон жил тахигдан суугаад халхын газар шилжин ирж ариун бурханы шашныг дэлгэрүүлэхээр хийд байгуулъя хэмээн бараа бологч Ёндон чухагийн хамтаар Номун ханы шавийн нутагт явж байжээ. Урд ардаа модтой ил задгай Дээд дүүрэн хэмээх газар шавдгаа тавьж суутал шавдгийг нь хэрээ зуугаад нисжээ. Хэрээг даган явтал одоо хүрээ байгаа газар шавдгийг нь тавьсан байжээ. Газрыг шинжлэн үзвээс гурван талаараа хадтай уулсаар хүрээлэгдсэн, өмнөө гол устай, эрдэнэ базсан луугийн хэлбэртэй эрхэм газар байв. Ороолдон тогтсон алтан луу мэт энэ газрын толгой нь зүүн тийш сунаж унжсан хясаа /Бурхантхясаа/ гэнэ. Норовшарав гэгээн энэ газрыг бэлэгшээн “Луугийн хүйсэн дээр” чогчин дуганаа бариулж зүүн урдах уулын ганц модноос гал гаргаж сангаа тавиад тэрхүү гал авсан ганц модтой уулыг Сант хэмээн нэрлэжээ. Домогт модыг одоо бий гэж нутгийнхан ярьдаг ажээ. Чогчин хурлаа нээж байх үеэс овооны хөтлөөр бор азарга унаж, айраг ганзгалсан бүсгүй хүн ирж явжээ. Бүсгүйн унасан азарга гэнэт үргээд борвитой айрагаа цацлан хийдийг тойрон давхижээ. Гэгээнтэн бэлгэшээн айраг асгарсан мөрөөр гороон зам гаргасан домогтой.

Бурхант хясааны домог

Чин сүжигт Номун ханы хийдээс хойд зүгт холгүйхэн их хадан хясаа бүхий уул байдаг. Энэ хадан хясааг нутгийн ардууд Бурхант хясаа (ХӨ46°50’19’’ ЗУ100°04’49’’) хэмээх бөгөөд сүслэн дээдэлсээр иржээ. Хадан хясааны Цагаан туруут голын өөд хандсан хойд хананд бурхадын хөргийг бүтээжээ. Хангайн сүрлэг уулсын дунд тунгалаг уст  Цагаан туруутын голыг хөвөөлөн орших Монгол түмний түүх соёлын үнэт дурсгал болсон Бурхант хясаа жуулчдын анхаарлыг татаж нүд баясгасан үзмэр болох эргэлзээгүй.  Бурхант хясааны домог: Эрт цагт ах, дүү хоёр өөр газар явж  эрдэм номд суралцаж, шашны хоёр урсгалаар машид сайн мэргэшсэн байж гэнэ. Тэр хоёр нутагтаа буцаж ирээд номын хүчин чадлаар хоорондоо үргэлжид тэмцэлдэж байсанд нэгэн цагт дүү нь ахыгаа егүүтгэсэн юм гэнэ. Ингээд дүү нь ахынхаа хойноос харамсаж гашуудаж түүний буянд зориулж , машид хичээнгүйгээр хясаан дээр хорин нэгэн бурхан зурж /ижил хэмжээний/ сийлсэн юм гэсэн домог байдаг.

Дөрвөлжин шавар

Галуут сумын Хөх хаяа, Шар хөндий /морь уралддаг газар/ Дөрвөлжин шавар, Хаалганы ам, Хүрээ толгойг Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг Галдан бошигтын цэрэг байлдаж байсан газар гэж ном зохиолд тэмдэглэсэн байдаг. Дөрвөлжин шавар нь Манжийн цэргийн суурингийн үлдэгдэл юм. Галдан бошигтын цэрэг Манжийн цэрэгтэй байлдаж ялаад цэргийн суурингий нь устгаж дарсан нь энэ Дөрвөлжин шавар болсон юм гэдэг домогтой. Түүнээс гадна саяхан болтол Шархөндийн элсэн дотроос хэт цахиурын хэтний чулуу /цахиур/ олддог байжээ. Энэ нь ургасан цахиур чулуу биш болохоор тэр үед байлдаж байсан цэргүүд цахиур бууныхаа цахиурыг моринд ачиж яваад асгасан байж болох юм гэж хууччууд ярьдаг байсан.

Чингисийн тулгын чулуу

Баянхонгор аймгийн Галуут сум, хуучин Мандал сумын Бурхант хясааны ёроолд гурван том хад буй. Энд Чингис хаан түмэн цэргээ цайлж хооллохын тулд гурван чулуу тулсан гэдэг. Ингээд тэр гурван хадыг Чингисийн  тулгын  чулуу гэх болсон гэдэг. Түүний дэргэд дундаа ором гарсан том боржин хад бий. Түүнийг Чингис хааны унд цай ууж амрах үестээ нум саадгаа түшүүлэн тавьснаас үүссэн хотгор ор гэдэг.

 Ж.Өнөрням, Л.Мөнхнасан

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.