Баянхонгорт асгарсан цианидын тухай яагаад хэн ч дуугарахгүй байна вэ

2018-03-20 10:55 685 admin

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт цианид асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад Хордлого судлалын үндэсний төв рүү шилжсэн талаар манай сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Уг мэдээллийн араас “Тэд цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн үгс сонсогдож, болсон явдлыг баллаж, бүдэгрүүлэх гэж оролдож байна, хордсон иргэдийг хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг анхааруулж, амыг нь хамхисан гэх мэтийн яриа орон нутагт түгээд буй. Дээрээс нь харьяа яам, хууль, хяналтын байгууллага өнөө хүртэл таг чиг байна.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж, тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баяр “Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг л мартагджээ.

Гэсэн хэдий ч зам зуурын улс Хонгор суманд буудаллаж цай уухаас жийрхдэг, хотынхон Хонгорын ногоо гэвэл авахгүй тойрдог хэвээрээ. Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна.

Алтны эрэлд мордогсдынхоо тоог алдаад буй Монгол Улсын хэмжээнд “Баян-Айраг эксплорэйшн”, “Тэнхун”, “Спэйшл майнз” гэсэн гурван компани л цианид хэрэглэх зөвшөөрөлтэй гэхээр энэ бодис тоглоом биш нь ойлгогдох биз. Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, маш хортой хэмээн тодорхойлдог энэ бодисыг алдсан нь үнэн бол ингээд дараад өнгөрөөж болохгүй гэж үзээд бид газар дээр нь ажиллаж, юу болсныг илүү тодорхой болгохыг хичээн, доорх сурвалжилгыг бэлтгэлээ. Энд дурдсан бүхэн тодорхой, баттай эх сурвалжийн мэдээлэл болно.

ТАВАН ТОННЫН САВНААС ШАХСАН ЦИАНИДЫН УУСМАЛ 30 ОРЧИМ МИНУТ ХАЛЬЖ АСГАРСАН НЬ ДҮРС БИЧЛЭГТ ҮЛДЖЭЭ

Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт цианид алдсан явдал энэ сарын 5-нд гарчээ. Тус компани үйлдвэрлэлд зориулж шахмал болгосон цианидыг усанд найруулж, уусмал бэлтгэн алт ялгахад ашигладаг аж. Баяжуулах үйлдвэрийн сэндвичэн барилга дотор цианидын уусмал хадгалах өрөө байх агаад тэнд нэг удаадаа таван тонн уусмал бэлтгэдэг гэнэ. Үүний тулд 400 кг цианид хийдэг аж.

Энэ нь тус уурхайн нэг сарын хэрэглээ. Таван тоннын багтаамжтай савнаас уусмалаа нэг тоннын сав руу хатуу хяналтын доор хэсэгчлэн шахаж, түүнээ бага багаар үйлдвэртээ ашиглах горимтой байтал тэр өдөр цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур яагаад ч юм бэ дарагдаж, хорт уусмалыг хяналтгүйгээр шахсан байна. Шахуурга нь ажилласнаар таван тоннын савнаас нэг тоннын багтаамжтай сав руу цианидын уусмал шахагдаж, 30 минутын турш хальж асгарсан нь камерын бичлэгт үлджээ.

Уг бичлэгийг аймгийн Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн үзсэн бөгөөд компанийн мэдээллийн технологийн ажилтан байхгүйгээс хуулж авч чадаагүй, араас нь өгнө хэмээн амласан гэсэн. Нотлох баримт болох бичлэг устчихалгүй хуулийн байгууллагад ирнэ гэдэгт найдъя.

30 минутын хугацаанд хэдий хэмжээний цианид асгарсныг тооцсон хүн одоогоор байхгүй бөгөөд “Спэйшл майнз”-ынхан “Хорт бодистой уусмал хүн, амьтны эрүүл мэндэд нөлөөлөхгүй, хаягдал ус цуглуулах саванд орсон” гэж шалгалтаар очсон ажлын хэсгийнхэнд итгүүлжээ. Харин зарим эх сурвалж тухайн өдөр хаягдал ус цуглуулах сав нь ч дүүрч, халин, цианидтай ус их хэмжээгээр асгарсан талаар хэлэв.

Тэгэхээр “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт цианид алдагдсан нь гарцаагүй үнэн болж таарлаа. Үүнийг холбогдох байгууллагууд ч нотолж байна. Харин юунаас болж, яагаад ийм явдал болсныг тайлбарлах хүн алга. Аймгийн хууль хяналтын байгууллагынхан “Хүн очиж тэр товчлуурыг дараагүй. Уурхайнхан баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан шинээр байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 13.00 цагийн үед тэсэлгээ хийсэн юм билээ. Тэсэлгээний доргилтоос цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур нь дарагдсан болов уу” гэсэн таамаг төдий хариулттай сууна.

Химийн хорт бодис ашигладаг, тэр ч утгаараа аюулгүй ажиллагааг бүхнээс илүү хангаж, онцгой горимоор ажиллах ёстой үйлдвэрийн хор шахах шахуурга хаа хол тэсэлгээ хийхэд ажиллана гэдэг, хорт бодис нь хагас цагийн турш хальж гоожиж байхад хэн ч мэдэхгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Аюулгүй ажиллагаа, стандарт гэдэг зүйл энэ үйлдвэрт байдаг гэж найдаж болох уу.

Анхаарахгүй орхиж боломгүй өөр нэг зүйл бол тус компани тухайн үед ямар нэг зөвшөөрөлгүйгээр ил тэсэлгээ хийжээ. Хаягдлын далан байгуулах төсөлд ил тэсэлгээ хийх тухай тусгаагүй байж. Гар аргаар ухахаар заасан газрыг өөрсдийн дураар тэсэлсэн нь тус компанийнхан дүрэм, журам, зөвшөөрөл сэлтийг хэр хэрэгжүүлдгийг илтгэх нэг жишээ болов уу.

ХИМИЙН ХОРТ БОДИС АЛДСАН ТАЛААРАА “СПЭЙШЛ МАЙНЗ”-ЫНХАН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЭГҮЙ

Өөр нэг ноцтой зүйл нь баяжуулах үйлдвэртээ химийн хорт бодис алдсан талаараа “Спэйшл майнз”-ынхан холбогдох байгууллагад мэдэгдээгүй байна. Цианид алдсан үйл явдал гуравдугаар сарын 5-нд болсон. Харин цианид алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 7-ны 16.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгээс Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт өгчээ. Өөрөөр хэлбэл, хордсон иргэд эмнэлэгт хандсанаар холбогдох байгууллагууд мэдсэн гэсэн үг.

Хордсон иргэний ах “Хальсан цианидыг хамж байгаад гарч ирэнгүүтээ дотор нь муухайрч, огисон гэсэн. Огиод сууж байхад нь уурхайн эмч үзээд “Агаарт байж бай. Тэгээд зүгээр болно” гэсэн байгаа юм. Хэлснээр нь гадаа суугаад зүгээр болоогүй тул дахиад үзүүлэхэд “Битгий баашлаад бай” гэж загнасан гэнэ лээ. Тэгээд ямар нэг арга хэмжээ авалгүй тэндээ хонуулаад, маргааш нь бие нь бүр муудаад болохоо байхаар аймаг руу авч явсан.

Эмч нь, бас нэг инженер хамт явсан юм билээ. Аймагт аваачаад эмнэлэгт ч үзүүлэлгүй “Гадагш, дотогшоо битгий хамаагүй юм яриарай” гэж хэлээд, гэрт нь үлдээчихээд явжээ. Ингээд гэртээ нэг хонож, үндсэндээ хоёр хоног алдаад, лхагва гаригт эмнэлэгт хэвтсэн” хэмээн ярьсныг манай сонин өмнө нь мэдээлснээ сануулъя.

Ингээд газар дээр нь юу болсныг мэдэх боломжгүй болсон үед, ямар нэг буруу зүйл байлаа гэхэд ул мөрөө баллаж амжих хангалттай хугацааны дараа буюу гуравдугаар сарын 9-нд аймгийн Онцгой байдлын алба, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрынхан уурхайд очжээ. Цианид нь агаарт маш хурдан ууршиж, дэгддэг бодис тул тэднийг очиход хор нөлөө нь багасаж, ул мөргүй болсон байх магадлалтай. Тэгээд ч тэдгээр байгууллагад агаар дахь хорт бодисыг газар дээр нь хэмжээд тодорхойлчих багаж байгаагүй гэсэн. Тэгэхээр тэднээс юу ч хүлээх билээ.

ЦАГДААГИЙНХАН ХЭРЭГ ҮҮСГЭХ САНАЛАА ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ

Цианид алдсан уурхайд юу ч болоогүй мэт ажиллаж байна. Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Ц.Болорчимэг “Хүмүүс цианидад хордсон” гэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан тохиолдолд, нотлох баримттай байж үйл ажиллагааг нь зогсоох хуулийн заалттай. Бид компанийн үйл ажиллагааг зогсоох талаар прокурортой амаар санал солилцсон.

Тэгэхэд “Зөрчлийн тухай хуульд үйл ажиллагааг нь зогсоох заалт байхгүй” гэж байна билээ. Нотлох баримтгүйгээр үйл ажиллагааг нь зогсоочихдог, тухайн компани эргээд биднээс сул зогсолтын алдагдал тооцон нэхэмжилбэл бид төлөх болно шүү дээ” гэв.

Харин эл хэргийг хариуцан ажиллаж буй Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Батаа “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн заалт шинэ Эрүүгийн хуульд байхгүй болсон. Тиймээс Эрүүгийн хуулийн 11.6-гаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх протокол үйлдээд прокурорт саналаа хүргүүлсэн. Шинжээч томилсон. Одоогоор хэн нэгнийг холбогдуулан шалгасан зүйлгүй” гэв.

УУРХАЙН КЭМПЭД ШИЙДВЭР ГАРГАХ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЭРХТЭЙ НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ ГЭВ

Жижигхэн довцгийн оройд хэлбэр хийц муутай хэдий ч хөл амраагаад сууж болохуйц хоёр модон сандал, нэжгээд ширээ байрлуулсан хэр нь тэнд цугларсан 5-6 залуу эр бие биенээсээ зайдуухан зогсох нь зогсож, хад сандайлах нь сандайлаад хэдэн тийшээ харсан нь сонин санагдав. “Ажлын завсар, амралтын цагаараа салхилж буй бол ширээгээ тойроод суумаар юм” хэмээн бодсоор дөхөж очоод тэднийг утсаар ярьж байгааг мэдэв. Тэр хавьд гар утасны сүлжээ барьдаг ганц цэг нь энэ жижиг толгой учир гэр орноосоо хол ажилладаг залуус амралтын цагаараа энд цугларч, ар гэрийнхэнтэйгээ ярьж буй нь тэр.

Ажилчид нь цианидад хордсон гэсэн оноштойгоор Хордлого судлалын үндэсний төвд эмчлүүлж буй “Спэйшл майнз” компанийн Цагаан цахир дахь уурхайд очиход ийм дүр зураг угтлаа. Улаанбаатараас тус уурхайг зорьж ирсэн тухайгаа хэлж, хамт ажилладаг нөхөд нь цианидад хордсон талаар яриа өдөхөд тэнд байсан залуус асуултад маань хариу хэлэхийн оронд толгой сэгсрээд, энэ талаар ярих хүсэлгүй байгаагаа илэрхийлэв.

Залуус ажилтайгаа үлдэхийн тулд амаа хамхисан нь энэ бололтой. Тэндээс цааш явж, уурхайн кэмп рүү нэвтрэх хашааны үүдэнд очлоо. Хэрэг зоригоо хэлтэл хамгаалалтын албаны ахлах А.Батдаваа “Түр хүлээгээрэй” хэмээгээд цааш явж одов. Тэрбээр биднээс зайдуухан очиж, дотоод холбоогоороо хэн нэгэнтэй арваад хором ярилцаад буцаж ирэхдээ “Спэйшл майнз”-ын Улаанбаатар дахь удирдлагаас зөвшөөрөл авсан хүнийг л бид нэвтрүүлэх журамтай. Захирал Б.Баттөр (УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү), төслийн менежер Тэмүүлэн нараас зөвшөөрөл аваагүй бол бид хэнийг ч нэвтрүүлэхгүй” гэв.

“Бидэнд заавал ийшээ нэвтрэх шаардлага байхгүй. Тухайн өдөр юу болсон талаар мэдээлэл өгөх хүн байвал хэдэн асуултад хариулт авчихъя. Яагаад цианид алдсан талаар ярих инженер, тухайн өдөр ажиллаж байсан эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаа дуудаад өгөөч” гэхэд “Хүмүүс ажлын байраа орхиж болохгүй учраас гарч ирэх хүн байхгүй. Тухайн үед ажиллаж байсан Сүхбаатар гэдэг эмч амарчихсан. Нөгөө ээлжийнх нь эмч тэр талаар мэдэхгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан толгой компанийн захирлын зөвшөөрөлтэй бол л та бүхэнтэй уулзах байх” гээд халгаасангүй. Хэвлэлийнхний ямар ч хүсэлтийг няцааж, нэвтрүүлэхгүй, үүднээсээ буцаах үүрэг, чиглэл аваад, түүнийхээ дагуу ажиллаж буй нь анхнаасаа л ойлгомжтой байсан ч бид дахин нэг оролдлого хийгээд үзэхээр шийдэв.

-Энэ уурхайд хүн оруулах, эсэхийг толгой даагаад шийдчих албан тушаалтан энд ганц ч байдаггүй гэж үү?

-Кэмп менежер Дуламсүрэн байсан бол шийдвэр гаргах байсан. Ажлаар аймгийн төв рүү явсан учраас энд шийдвэр гаргах албан тушаалтан алга.

Ингээд кэмп менежер Дуламсүрэнгийн утасны дугаарыг олж, түүнтэй холбогдоход “Удахгүй эргээд хариу хэлье” гээд утсаа салгав. Гар утасны сүлжээ барьдаг цэгт нь хагас цаг хүлээж, энэ хооронд 20 шахам удаа залгасан ч тэр утсаа аваагүй юм.

Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, үхэлд ч хүргэж чадах хорт бодис цианид алдагдаж, хүмүүс хордсон мэдээллийн дагуу газар дээр нь ажиллаж, тал талын байр суурь, баримт, тайлбарыг тусгасан бодит мэдээлэл бэлтгэхээр 700 гаруй км зам туулан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын ордыг зорьсон бид ингээд хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон уурхайн удирдлагуудтай уулзаж чадсангүй.

Үргэлжлэл бий.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.