БАЙТАГ БОГДЫН “БААТАР” Д.ЧОЙЖИНГИЙН ХӨШӨӨГ БОСГОЛОО

2018-07-09 14:39 427 admin

1948 оны баруун хилийн тулгаралт байлдаанд эх орноо хамгаалан баатарлагаар тулалдаж явсан Баянхонгор аймгийн Галуут сумын харъяат, ахмад хилчин Доржийн Чойжин агсны “Дусгалын хөшөө”-ний нээлт энэ сарын 7-нд Баянхонгор хотод боллоо.

Хөшөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Д.Чойжин агсны үр хүүхэд, ач зээ нар Зэсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн оролцов.

Байтаг Богдын хилийн мөргөлдөөн буюу Байтагбогдын тулгаралт  одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны долдугаар сарын 7-нд Байтаг богдын хязгаарын … дугаар отрядын Байтаг богдын заставт болсон үйл явдал юм. Тиймээс ч эх оронч баатарлаг 10 эрсийн түүхийг мөнхөлж, дусгалыг хүндэтгэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу эл түүхэн өдрийг тэмтэглэн өнгөрүүлж, нийтдээ долоон сая төгрөгөөр эл  гэрэлт хөшөөг босгожээ.

Хөшөөний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хилийн тулгаралтад тулалдсан арван хичлний баатарлаг үйлсээр монголчууд үеийн үед бахархаж, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстойг онцлоод, Д.Чойжин агсны гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Дунд, залуу үеийнхэнд төдийлөн танил биш эл баатарлаг түүхийг хожим кино дэлгэцнээ “Маш нууц-2” нэртэйгээр амилуулснаар олон нийтийн дунд эх оронч арван залуугийн амь биеэ үл хайрлан тэмцсэн тэмцлийн түүх танил болжээ. Сонирхуулахад энэүү кинонд хилчин Д.Чойжин агсны дүрд түүний зээ хүү Т.Төгөлдөр тогложээ.

Д.Чойжин нь Байтаг богдын тулгаралтад амь өрсөн тулалдаж эсэн мэнд үлдсэн дөрвөн байдагчийн нэг юм.

 

Байтаг Богдын хилийн мөргөлдөөн буюу Байтагбогдын тулгаралт

Байтаг богдын заставын Бүдүүн Харгайтын харуулын постод арван хилчин манаанд гарчээ. Уг тасгийн даргаар тухайн үеийн Увс аймгийн Өлгий сумын уугуул, түрүүч Б.Гиваан томилогдож, бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат туслах наводчик Л.Даваадорж байлдагч Пэлжээ, Чойжин нар багтжээ.

Хилийн тагнуулын албаныхан тэдний байрлах харуулын постын чиглэлээр дайсны үлэмж хэмжээний хүч цөмөрч болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн тул заставын удирдлага харуулыг хүч нэмэгдүүлж хөнгөн хоёр пулемёттой манаанд гаргасан байв. Түрүүч Б.Гиваанаар ахлуулсан тасаг цэрэг товлосон хугацаанд хилийн постдоо ирж, Бүдүүн Харгайтын голыг шөнөдөө сэрэмжлэн харж хоножээ. Байтаг богдын хилийн цаад талд хятадын гоминданы морьт хороо, Оспаны толгойлсон Шинжааны хасгийн зэвсэгт дээрэмчид удаа дараа хилд халдаж байгааг манай хилчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байв.

Долдугаар сарын 8 болж үүр манхайн цайж байжээ. Хилчид сонор сэрэмжээ алдалгүй хоносны дүнд морь, тэмээнд зэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж байгааг мэдлээ. Хилчид газрын ашигтай байрлалыг эзлэн дайсныг отсон аж. Манай хилчдийг заставын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхярваа ахалж байсан бөгөөд түүний тушаалаар хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, түрүүч Б.Гиваан байлдагч Чойжин нар дайсныг ажиглаж хүн, зэвсгийн тоог гаргаж байлаа. Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгт дээрэмчид хил зөрчиж иржээ.

Дайснууд винтов, пулёмотоос гадна их буугаар зэвсэглэсэн байв. Дээрэмчдийг ажиглахуйд манай харуулуудын тогтмол гардаг постыг бүслэхээр хүчээ хуваарилан давшиж байжээ. Хилчид байлдагч Пэлжээг отряд, заставт мэдээ хүргүүлэхээр энэ үеэр яаралтай довтолгосон юм. Манай хилчид Бүдүүн, Нарийн Харгайтын голын хооронд байдаг гурван жижиг хар толгойн ард морьдоо үлдээгээд хүчээ гурван хэсэгт хуваан баруун талаас бүслэхээр явж байгаа дайснуудыг зогсоохын тулд түрүүч Б.Гиваан, пулемётчин Л.Даваадорж, Б.Тэгшээ нарыг гаргажээ.

Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхярваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа. Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтож байсан аж. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байгаагүй гэнэ. Улмаар зүүн мөрөндөө хүнд шархадсан ч дайсны олон хүнийг нөгөө ертөнцөд илгээжээ. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ.

Гэвч тасгийн дарга, түрүүч Б.Гиваан “Дайсныг нэг ч алхам урагшлуулж болохгүй, давшиж ирсэн бүхнийг устга” хэмээн хоёр нөхөртөө тушаан галласаар сүүлчийн сумаа дуусгасан аж. Дайсан 25-30 метрт ойртох ирэх үед тасгийн дарга Б.Гиваан хилчин нөхөддөө “Бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхоо төлөө өргөхөд гомдох юмгүй. Дайсанд юу ч олзлуулж болохгүй. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, тэмдэглэлийн дэвтэрээ устга. Хүн бүрт үлдсэн хоёр гар бөмбөгийнхөө нэгийг дайсан руу шиднэ. Сүүлчийнхийг нь дээрэмчдийг өөрсөд дээрээ ирэхээр дэлбэлж дайснаас урьтая” гэжээ. Ингээд батлахаа урж хэдэн хэсэг болгоод чулуун дор нуув.

Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн гурван гранатаа шидлээ. Улмаар эцсийн удаа бие биеэ харан тэврэлдээд “Энхрий хайрт эх орон мандтугай” хэмээн зэрэг хашгирав. Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн танагарагаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.