Аймгийн Засаг дарга “Цагаан агуй”-н нөхцөл байдалтай танилцав

2018-05-08 18:42 435 admin

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянлиг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан агуй”-н нөхцөл байдалтай танилцлаа.

2018 оныг Баянхонгор аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Дэмжих жилийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба бүс нутгийг тодорхойлж, тэдгээрт аялалын ямар бааз байгуулах, дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэх, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар олон талт ажлыг зохион байгуулж байна.

Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал: 1989 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Уран хайрхан”, Баян-Өндөр сумын “Чихэн агуй”, Богд сумын Орог нуурын эх булагийн чулуун зэвсгийн дурсгалууд, Баянлиг сумын Зоог зуухын голын хуучин, шинэ, хүрэл зэвсгийн үеийн дурсгалт газруудаас олдсон архиологийн олдвор нь одоогоос 500000 жилийн өмнө манай дэлхий дээр хүн амьдарч байсаныг нотлох үнэ цэнэтэй олдвор байдгаас гадна Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Цагаан ууланд эртний чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөрийг агуулсан агуйг тогтоосон нь энд онцолж буй Цагаан агуй юм.

Баянхонгор аймагт 750 мянган жилийн өмнө анхны хүмүүс амьдарч байсан гэгдэх Цагаан агуй Баянхонгор аймгийг монголын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татах өвөрмөц, түүхийн хосгүй өлгий болгож байна.  Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Цагаан агуй чухал түшиц газар болно.

Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянлиг сумын удирлагуудын хамтаар тус агуйн нөхцөлтэй танилцаад дэд бүтцийг шийдвэрлэх, орчин үеийн жуулчдын тав тухыг хангахуйц баазийг байгуулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрэн байгааг хэллээ.

Энэ хүрээнд тус бүс нутагт түшиглэсэн аялал жуулчлалын маршрут, цаашид бий болох нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг судлах, нутгийн иргэд, сум, аймгийн удирдлага, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, орон нутгийн эдийн засаг, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих боломжуудыг судлах алжын хэсгийг гаргахаар боллоо.

Ингэснээр ойрын ирээдүйд хүн төрөлхтөн гарал үүслээ таньж мэдэхээр хонгор нутгийн зорин ирэх боломж нээгднэ.

Цагаан агуй нь Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, N44°42’43.3″, E101°10’13.8″ газарзүйн солибцолд оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай. Нэг дэх тасалгаа нь 12 метр урт 9 метр өргөн адрын өндөр 10 метр хүрч байна.  Адрын баруун хэсэгт гэрийн тоонын чинээ дугуй нүхтэй. Хоёрдугаар тасалгаа  нь 7 метр урт, 8 метр өргөн, 9 метр орчим өндөртэй. Энэ тасалгааны адарт дурангийн жоншны том талстат үе тодорхой ажиглагдаж байгаа нь гэрэл тусгахад маш гоёмсог харагдана.  Гуравдугаар тасалгаа нь 5 метр урт, 4 метр өргөн, адрын өндөр 4 орчим метр, баруун дээд хэсэгт 10 гаруй метр урт 2 метр орчим өргөнтэй хонгил салаална. Агуйн нийт урт нь 32 метр байна. Агуй байрлах ам хүртэл машинаар хүрэх боломжтой. Агуй байрлах уулын амыг өгсөж 70 орчим метр яваад уулын амны зүүн талын бэлд агуйн амыг олж харна.  Цагаан агуй нь шохой чулуун тогтоцтой хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйн адарт дурангийн жоншны болор талстууд ургасан байх нь элбэг ажиглагддаг.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.